АТГ-ын даргад Х.Тэмүүжин, Д.Дорлигжав нарын нэр яригдаж байгаа гэнэ


АТГ-ын дарга Н.Ганболд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тийм учраас эрх баригч хүчинд АТГ-ын шинэ даргыг тодруулах “ажил” гарчихаад байна. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг АТГ-ын дарга болгохоор тохиролцсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Хэдийгээр энэ мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үгүйсгэж, “Ингэж цуурах нь хэнд хэрэгтэй юм бол” хэмээн жиргэсэн ч дээрх  асуудал нэлээд өндөр түвшинд яригдсан мэдээлэл бий. Бүр тодруулбал, одоогийн байдлаар хамгийн боломжит хувилбар бол Х.Тэмүүжин гэж эрх баригч хүчин үзэж байгаа аж.
Харин нөгөө хувилбар нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав болж таараад байна. Д.Дорлигжав шинэчлэлийн Засгийн газарт Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаад шийдлийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар томилогдсон билээ. Тэгвэл одоо түүний нэр АТГ-ын даргын марафонд дуулдаж эхэллээ. Учир нь АН-ынхан хоорондоо “зодоонтой” байгаа. Энэ зодооныг ирэх сонгуулиас урьтаж намжааж, Ерөнхийлөгч, АН дахь “Алтангадас”, “Женко”-гийн фракцынхантай аль алинтай нь ойлголцож чадах хүн гэж түүнийг үзэж байгаа юм байна.
Ингэж үзэх шалтгаан нь, Д.Дорлигжав Ерөнхийлөгчтэй дотно, Н.Алтанхуягтай нутаг нэг, “Женко”-гийн МоАХ фракцад харьяалагддаг. Ийнхүү АТГ-ын даргад хамгийн боломжтой хувилбар нь Х.Тэмүүжин, Д.Дорлигжав нар болчихоод байна. Хэдийгээр олон нийт Х.Тэмүүжин УИХ-ын гишүүнээс, Д.Дорлигжав Хууль зүйн сайдаас татгалзаж АТГ-ын дарга болно гэж байхгүй гэж байгаа хэдий ч энэ боломжгүй хувилбар биш юм. Тодруулбал, үүнийг Р.Гончигдорж гишүүний жишгээс харж болно. “Би Үндсэн хуулийн цэцийн дарга болохгүй” гэж байсан ч тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард ҮХЦ-ийн гишүүнд томилуулах өргөдлөө өөрийн биеэр Улсын Дээд шүүхэд гаргаснаас үзэхэд гишүүн, сайдаас татгалзаж, АТГ-ын дарга болохгүй гэх зүйл үгүй юм.
Түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдгөө Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа Б.Хурцыг АТГ-ын даргаар томилно гэх мэдээлэл өчигдөр гарсан. Гэвч товч тодорхой мэдээлэхэд Б.Хурц АТГ-ын дарга болохгүй.

П.НАНДИН


  • Шинэ
  • Их уншсан