Н.ЭНХБАЯР, Л.ЦОГ НАР ШҮҮХ ДЭЭР НҮҮР ТУЛНА


УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсныхаа дараа хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр бүлгээс гарсан шалтгаанаа “Би энэ “Шударга ёс” нэртэй шударга бус үйл ажиллагаанд оролцохгүй. Тиймээс ийм шийдвэр гаргасан” хэмээн тайлбарласан байна. Түүний хэлснээр “Шударга ёс” эвсэл олон шударга бус зүйлийг хийдэг бололтой. Учир нь тэрбээр “Би олон зүйл дээр шударга бус бүлэгтэй санал нийлээгүй” гээд “Намайг сонгуульд оролцуулахгүй гэж байна лээ. Дубайн асуудлыг хөндөж, Ерөнхий сайдыг огцруулна гэсэн учраас тэгж байгаа юм. Дээр нь Н.Энхбаярыг Шадар сайд болоход нь гай болсон учраас намайг сонгуульд оролцуулахгүй гэсэн. Миний үнэн худал ярьсныг амьдрал, цаг хугацаа, шүүхийн шийдвэр нотолно” хэмээсэн байна.
    Үүнээс харахад тэрбээр бүлэгтээ нэлээд гомдол тээж яваа бололтой. Нэгэнтээ тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөөс нь нэг сая доллар нэхсэн тухай ам алдсан байдаг. Энэ тухайд тэрбээр “Би энэ асуудлыг дахиж ярихгүй. Үүнийг шүүх шалгаад явж байгаа. Энэ асуудлыг шүүх шийдэх байх. Би давхар гүтгэсэн гээд гомдол гаргачихсан” хэмээн тодотгосон байна. Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Л.Цог нар шүүх дээр уулзах бололтой.
МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамба авлигын хэргээр баривчлагдаад батлан даалтад гарсныхаа дараа “Н.Энхбаяр дарга намын санхүүжилт олж ир гэсэн. Би тэр мөнгийг Н.Энхбаярт өгсөн” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Н.Энхбаяр Г.Шийлэгдамбын хэлснийг эрс үгүйсгээд байгаа билээ. Харин энэ удаа Л.Цог намын даргатайгаа шүүхдэлцэж асуудлаа шийдэх бололтой.

П.НАНДИН


  • Шинэ
  • Их уншсан