Дэлхийн оюутны спортын наадмыг хойшлуулж магадгүй

Ирэх зургаадугаар сарын сүүлээр Хятадын Чэндуд эхлэх Дэлхийн оюутны спортын зуны наадмыг COVID-19 цар тахлын улмаас хоёр дахь удаагаа хойшлуулж магадгүй байгаа талаар South China Morning Post мэдээллээ. Уг наадам өнгөрсөн жилийн наймдугаар сард явагдах ёстой байсан ч нэг жил хойшлогдоод байсан юм.

South China Morning Post сонинд бичсэнээр наадмын зар сурталчилгааг хариуцсан компанид үйл ажиллагаагаа зогсоох заавар ирсэн гэнэ.

Олон улсын оюутны спортын холбооноос Хятадын Засгийн газартай өнгөрсөн дөрөвдүгээр сард уулзалт зохион байгуулахад наадмыг хэвийн зохион байгуулна гэдгээ амлаж байсан. Гэвч сүүлийн үед Бээжин, Шанхай гэсэн хоёр том хотод халдвар голомтлон гараад байгаа билээ.

Магадгүй оюутны наадмыг хойшлуулаад есдүгээр сард Азийн наадмыг аюулгүй орчинд зохион байгуулахаар Хятадын Засгийн газар шийдвэрлэсэн байх гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

  • Шинэ
  • Их уншсан