МоАН+”Алтангадас” буюу тэсэрч мэдэх бөмбөг


АН-ын ҮЗХ ирэх бямба гаригт хуралдана. Эрх баригч намын фракцийн зодоон дээд цэгтээ хүрсэн эгзэгтэй цаг үед ҮЗХ хуралдах гэж буйгаараа онцлог. Ер нь ч АН-ын дотроо толхилцож, нэгнийгээ хууль цагдаагаар айлгаад ирэхээрээ ҮЗХ-гоо хуралдуулж, гал намжаахыг оролддог нь нууц биш. Товчхондоо бол  ҮЗХ-ны энэ удаагийн хурал АН-ынхан эвлэх үү, эвдрэлцэх үү гэдэг малгайн дор өрнөх нь ойлгомжтой. "Нанчилдаангүй найр байдаггүй" гэдэгчлэн АН-ын хурал зөрчилдөөнгүй болно гэж үгүй. Жилийн өмнө З.Энхболд дарга АН-ыг фракцигүй нам болгохоо сүр дуулиантайгаар зарлаж байлаа. Одоо бол фракцигүй АН гэдэг үг иргэдийн дунд тааруухан онигооноос илүү хөгжилтэй санагдах биз. Өнгөрсөн хугацаанд фракцигүй нам болж чадахгүйгээ хангалттай баталлаа. Ганцхан жишээ татахад АН дотор МоАН гэдэг жижиг "нам" байгуулагдлаа. Ингэснээр Ардчилсан нам МоАХ+”Шонхор” ба МоАН+”Алтангадас” болон хуваагджээ.  МоАХ, “Шонхор” фракци бол З.Энхболд, Женко нарынх, харин МоАН-д Лу.Болд, Г.Батхүү, С.Баярцогт, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Ш.Түвдэндорж нар, дээр нь “Чандмань”, “Соёмбо”, “Нэг ардчилал”, “Мөнхтэнгэр” зэрэг жижиг фракциуд нэгдчихээд байгаа.  АН-ын хамгийн хүчтэй фракциудын нэг болох "Алтангадас"-ын бөөрөнд наалдсан МоАН-ынхан З.Энхболд, Женко Х.Баттулга нарыг айлгаж мэдэхээр байна. Одоо АН-ын дотоод нөхцөл байдал хэзээ мөдгүй тэсэрч мэдэх бөмбөг шиг  тийм эмзэг байгаа.
 Дээр нь УИХ-ын сонгууль хаяанд тулчихсан байдаг. Фракцийн хөдөлгөөн, найруулах хор улам нарийсч эхэлнэ гэсэн үг. Ийм байхад эв нэгдлийн бэлгэ тэмдэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жиргээчдийн уулзалт дээр баахан албан бус мэдэгдэл хийчихсэн.  Амин хайртай найзтайгаа ханцуйндаа ярьснаа нийтэд дэлгэчихлээ. Сүүлийн хэдэн өдрүүдэд Ц.Элбэгдорж ба Х.Баттулга, Н.Алтанхуяг ба Ц.Элбэгдорж, Х.Баттулга ба Ч.Сайханбилэг, Х.Баттулга ба С.Баярцогт гэсэн гинжин урвалаар АН лидерүүд хоорондоо  хэрүүлийн алим  шидэлцэв. Үүн дээр тос нэмэхээр МАН-ынхан УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулна гэж сүрдүүлэв.   АН-ын томчууд нэгнийгээ юу гэж намнасныг та бүхэн бэлхнээ санаж буй.  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ардчилсан Ерөнхийлөгч гэж өөрийгөө тодотгодог Ц.Элбэгдоржийг шударга бусын хонгилын хаанаар өргөмжлөв. Харин Женко Х.Баттулга ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг дахин сонгохгүй байхыг уриалсан.  Бараг л МЗХ-ныхноос өрсөөд С.Баярцогт, Г.Батхүү нарыг хар жагсаалтанд оруулчихлаа. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг шинэ төмөр зам, Сайншандын аж  үйлдвэрийн парктай холбоотой  асуудлаар "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" компаниудад санхүүгийн шалгалт явуулсан нь хамгийн сүүлийн нийтийг хамарсан дуулиан байв. Үүнээс хувь илүү хачирхалтай мэдээг Л.Эрдэнэчимэг гишүүн дуулгав. Тэр нь МоАХ Засгаас дөрвөн сайдаа татаж, унагах тактик. Энэмэтчилэн АН-ын фракциудын гал ассан улстөр намжих уу, улам даамжрах уу гэдгийг хоёрхон хоногийн дараа болох ҮЗХ-ны хурлаас харах нь. 
ҮЗХ-ны хурлаас улс төрийн салхи буруу тийшээ эргэж, фракцийн зөрчлийн асуудлаа шийдэж чадахгүй бол "Алтангадас"-тай хүзүү сээрээрээ холбогдсон өнөөх АН-ын отгон нэгдэл болох МоАН-ийн машин ажиллаж эхлэхийг үгүйсгэхгүй.  МоАН "Алтангадас"-тай нэгдэж, Н.Алтанхуягаар толгойлуулан төрөлх намаасаа туурга тусгаарлана гэвэл хэн эсэргүүцэж чадах вэ. Тэртэй тэргүй УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө дотроо нанчилдаж байсан намыг Н.Алтанхуяг нэг гарт зангидаж, өнөөдрийн ялалтад хүргэснийг  үгүйсгэх хүн гарахгүй. Тиймээс ч туурга тусгаарлаж, сонгуульд хүч үзнэ гэж мэдэгдэхээс сийхгүй л эр. Түүх давтагддаг гэдэг дээ. Яг ийм зураглалаар улс төр өрнөвөл УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАХН тусдаа гарч сонгогчдын санал хувааж, МАН-ыг өвдөг шороодуулсантай ижил зүйл болж таарах нь. Ер нь бол АН-ын фракциуд түмний нүдэн дээр зодолдоод ч болов хамт байсан нь дээр. Хэрвээ аль нэг хүчтэй фракци нь тусдаа гарчихбал ирэх сонгуульд бүдэрч унах чулууг нь бэлдчихлээ гэсэн үг. Тэгэхээр АН-ын дарга З.Энхболдын өмнө их том үүрэг хариуцлага ирж байна.  УИХ-ын даргын индрээс сөрөг хүчиндээ хаан шиг, заан шиг ханддаг З.Энхболд өмнө нь ҮЗХ-ын хурлыг хоёр ч удаа товлоод ирцээ бүрдүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл,  АН-ын дарга З.Энхболд фракциудынхаа өмнө "жижигдсэн". Тэгэхээр энэ удаа буулт хийж гуйна уу, фракцийн толгойлогчидтой нь тохиролцоно уу яадаг ч байсан ҮЗХ-гоо хуралдуулахгүй бол сонгуулиас өмнө "Алтангадас"+ МоАН " гэдэг бөмбөг тэсэрч мэдэхээр байна шүү.

Ц.Оюунтунгалаг






  • Шинэ
  • Их уншсан