Энэ зуны хэв маяг “Adidas” ба “Gucci”

Спортыг тансаг хэв маягтай хослуулсан “Adidas” ба “Gucci” брэндүүдийн хамтарсан коллекцийг өнгөрсөн хоёрдугаар сард Миланы загварын долоо хоног дээр анх танилцуулав. Энэ зуны хэв маягийг тодорхойлох “Adidas x Gucci” загварын цуглуулга зургадугаар сарын 7-ноос худалдаанд гарахаар болжээ.

“Adidas”-ын гурван судал, эсвэл “Gucci”-гийн улаан ногоон өнгөд дурлагсад аль аль брэндийн онцлогийг шингээсэн загварлаг хувцаснуудаас сонгох боломжтой болов. Шинэ загварууд 1970-аад оныг санагдуулам бөгөөд теннис, гольф гэх мэт ерөнхийдөө спортын уур амьсгал руу чиглэжээ. Геометрийн дүрс, гэрэл сүүдэр, тод өнгөөр тоглосон, ретро хэв маягтай эрэгтэй, эмэгтэй загварууд гаргаж буйгаа “Gucci”-гийн захирал Алессандро Мишель хэлсэн.

“Adidas” ба “Gucci” брэнд аль алинд нь гурван судал байдгаараа онцлогтой. Гурван судлаас гадна “Adidas”-ын навчин хэлбэрт лого, “Gucci”-гийн G үсгийг голчлон загвартаа ашигласан байна. Энэ мэтчилэн хоёр брэндийн онцлогийг шингээсэн биеийн тамирын хослол, богино өмд, комбинзон, теннисний поло цамц, хуниастай банзал зэрэг хувцаснуудыг гаргах аж.

Эрэгтэй хувцаснуудыг ч аль болох өнгөлөг байдлаар загварчилсан бөгөөд хоёр логоны хослол бүхий геометрийн дүрсүүдээр баяжуулж, сафари хүрэм, цамц, богино өмд зэргийг урлажээ. Пүүзний хувьд “Adidas”-ын “Gazelle” загварын тусгай хувилбар хэлбэрээр, өнгөний өргөн сонголттой гарч байна. Алессандро Мишель өөрөө “Gazelle” пүүзийг цуглуулдаг үнэнч шүтэн бишрэгч нь аж.

Цуглуулгад зөвхөн хувцсаар тогтохгүй нэмэлт чимэглэл хэрэгслүүдийг ч багтаасан. Үүнд өнгөлөг шүхэр, торгон ороолт, үнэт эдлэл, үсний хавчаар, малгай сэлт багтжээ. Мөн “Gucci”-гийн логотой гольфын цүнх хүртэл байна. Гар цүнхээ 1955 оны “Gucci Horsebit” загвараас сэдэвлэсэн байна. Эмэгтэй гар цүнхнээс гадна спорт хувцасны цүнх, камерын цүнх ч цуглуулгад багтжээ.

“Adidas x Gucci” цувралын зураг авалтыг Карлижн Жейкобс авсан аж. Цувралын үндсэн зураг авалттай зэрэгцээд зургадугаар сарын 7-ны тусгай сурталчилгааны кампанит ажил явагдаж байна. Уг кампанит ажилд ямар алдартнууд оролцож, хэн гэрэл зургийг нь авч байгаа нь одоо хүртэл нийтэд тодорхой болоогүй байна. Мэдээж А зэрэглэлийн алдартнууд оролцож байгаа нь ойлгомжтой гэж “Women’s wear daily” хуудас мэдээлээ.

“Gucci”-гийн захирал Алессандро Мишелийн мэдэгдсэнээр, шинэ цуглуулга тансаг зэрэглэлийн дэлгүүр, цахим худалдаагаар борлуулагдана. Мөн “Adidas”-ын албан ёсны аппликэйшн дээр жижиглэн байдлаар болон дэлхий даяарх попапуудаар зарагдах юм байна. Цуглуулга хараахан худалдаанд гараагүй байгаа ч энэ оны хамгийн халуухан хамтын бүтээлүүдийн нэг болно гэж мэргэжилтнүүд онцолжээ.

Шинэ цувралаас наана тавдугаар сарын 16-нд “Gucci”-гийн бие даасан шоу болох юм. Уг шоуг Италийн Апулия мужид байрлах Кастел дел Монтед зохион байгуулна гэлээ. Түүнчлэн “Gucci” брэнд соёл урлагийн өвийг хадгалах, сурталчлах амлалтынхаа хүрээнд 1996 оноос хойш Дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлах төслийг дэмжиж ажиллах болжээ.

“Adidas”-ийн хувьд өнгөрсөн хугацаанд Раф Симонс, Рик Оуэнс, Йохжи Ямамото нартай хамтран, цуглуулгууд амжилттай гаргасан. Тиймээс тэднийг спорт ба тансаг зэрэглэл гэсэн салбарт туршлагатай акулууд гэхэд болно. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд “Prada”-тай хамтарсан байдаг.

Эх сурвалж: WOMEN’S WEAR DAILY, HIGHSNOBIETY

  • Шинэ
  • Их уншсан