АНУ-ын 4-р сарын инфляц шинжээчдийн хүлээлтийг давлаа

АНУ-ын инфляц 4 дүгээр сард 8.3% гарсныг статистикийн байгууллага мэдээллээ. Энэ нь өмнөх сараасаа бага зэрэг буурсан боловч шинжээчдийн хүлээлтээс 0.2 пунктээр өндөр үзүүлэлт болов. Тус улсын инфляцыг түлш шатахуун, хүнсний үнийн өсөлт голлон бий болгож буй. Мөн орон сууц, ус дулаан, цахилгааны үнийн өсөлт нийт инфляцын сагсны ⅓-ийг бүрдүүлдэг бөгөөд 1991 оноос хойших хамгийн өндөр хувиар өсжээ.

Үүнээс гадна хэлбэлзэл өндөртэй бүтээгдэхүүн буюу хүнс, түлш шатахууны үнийг хассан суурь инфляц 6.2% байсан нь инфляц дээд цэгтээ хүрээд эргэн буурч буй гэх итгэл найдварыг үгүйсгэсэн үзүүлэлт болжээ. Үнийн өсөлтөд эрэлт нэмэгдсэн ч цар тахлаас үүдсэн нийлүүлэлтийн саатал бий болсон, геополитикийн асуудалтай холбоотойгоор түүхий эдийн үнэ огцом өссөн зэрэг нь голлон нөлөөлж байна.

Ийнхүү 40 жилийн дээд түвшинд хэлбэлзэж буй “Инфляцыг бууруулах нь дотоодод нэн тэргүүний асуудал” гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн. Мөн Холбооны нөөцийн банк инфляцыг тогтворжуулахаар бодлогын хүүгээ үе шаттайгаар нэмэх арга хэмжээ авч байна. 3-р сараас хойш нийт 75 суурь нэгжээр өсгөснөөр бодлогын хүү нь 0.75-1 хувьд хүрсэн бөгөөд үүнийг шинжээчид сүүлийн 22 жилийн хамгийн эрчтэй арга хэмжээ гэж тодорхойлж буй. Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл өндөр инфляц төсөөллөөс илүү удаан үргэлжлэх ч оны төгсгөлд буурна гэж хүлээж буйгаа мэдэгдсэн. Мөн инфляцыг тогтворжуулах зорилтоо хэрэгжүүлнэ гэдгээ амлаад байна.

  • Шинэ
  • Их уншсан