Турк, Нидерланд, Филиппин, Тайландад инфляц өндөр түвшинд хүрэв

Геополитикийн асуудлаас үүдэн эрчим хүчний үнэ, тэр дундаа нефтийн үнийн өсөлт эрчимжиж байгаа нь олон улсад инфляцыг нэмэгдүүлж байна.

Туркт инфляц 70 хувьд хүрэв

4-р сард Туркийн жилийн инфляц 70 хувь дөхөж сүүлийн 20 жилийн дээд түвшинд хүрлээ. Инфляц ийнхүү эрчимжихэд ОХУ, Украины асуудлаас үүдэж түлш, шатахууны үнэ 106% өссөн, мөн тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт лирийн ханш огцом суларсан нь нөлөөлжээ. Мөн хүнс, ундаа усны бүлгийн үнэ 89% өссөнийг статистик харууллаа.

Нидерландад үнийн өсөлт 11.9% хүрэв

Евро бүсийн эдийн засгуудаас Нидерландад инфляц хамгийн эрчимтэй өсөж 3-р сард 11.9% хүрсэн байна. Энэ нь 1970-аад оны газрын тосны хямралаас хойших дээд түвшин юм. Үнийн өсөлтөд геополитикийн асуудлаас үүдэж түлш, шатахууны үнэ өссөн нь голлон нөлөөлж буйг Ройтерс агентлаг онцолжээ. Тайлант сард Евро бүсийн инфляц 7.5% хүрсэн бөгөөд үнийн өсөлт Германд 7.6%, Бельгид 9.3% хүрээд байв.

Филиппин, Тайландад инфляц эрчимжив

Зүүн Өмнөд Азийн орнуудаас Филиппинд инфляц 4.9% буюу 2018 оноос хойших дээд түвшинд хүрчээ. Тайландад мөн адил 4.65% хүрсэн нь сүүлийн 13 орчим жилийн дээд үзүүлэлт болов. Үүнд мөн адил түлш, шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлснийг Bloomberg мэдээлэв.

 

  • Шинэ
  • Их уншсан