Умард Солонгост Covid-19-ийн шинж тэмдэг 350,000 хүнээс илэрч, анхны нас баралт бүртгэгджээ

Цар тахлаас ангид үлдсэн сүүлчийн улсуудын нэг Умард Солонгост анхны халдварын тохиолдол бүртгэгдэж, хатуу хорио цээрийн дэглэм сахиулж эхэлсэн тухай өчигдөр тус улсын төв хэвлэл мэдээлсэн билээ.

Тэгвэл ердөө нэг хоногийн дараа хэдэн зуун мянган хүнээс халдварын шинж тэмдэг илэрч, хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай өнөөдөр өглөө Пёньянаас мэдээлсэн байна.

Нийт 187,800 хүнийг тусгаарлан эмчилж эхэлснийг Солонгосын Төв Мэдээний Агентлаг дамжуулжээ.

Үүнээс гадна 350,000 орчим хүнээс халуурах зэрэг халдварын шинж тэмдэг илэрсэн гэнэ. Гэхдээ тэдний хэдээс коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол илэрснийг мэдээндээ дурдаагүй байна.

Шинж тэмдэг илэрсэн зургаан хүн нас барсны нэгээс нь коронавирусийн Омикрон хувилбар илэрсэн тухай мэдээлжээ.

Цар тахалтай тэмцэх удирдлагын төвд зочилсон удирдагч Ким Жон Ун нөхцөл байдалтай танилцаж, халдвар тархалтыг хяналтаасаа алдсан нь “урьдчилан сэргийлэх систем муу ажиллаж буйг харууллаа” хэмээн шүүмжилсэн тухай бас мэдээлсэн байна.

Тэр мөн Covid-19 өвчнийг эмчлэх шинэ арга боловсруулж, нэвтрүүлэхийг албан тушаалтнуудад даалгажээ.

Олон улсын эдийн засгийн хоригоор шийтгүүлж, эдийн засаг нь маш хүнд байдалд байгаа Умард Солонгост коронавирусийн цар тахал ноцтой асуудал үүсгэх төлөвтэйг ажиглагчид анхааруулж байна.

 

Эх сурвалж: Reuters

  • Шинэ
  • Их уншсан