Gucci даашинзаар гоёдог ТНБД бүсгүй “Тайм” сэтгүүлээр төлбөртэй магтуулсан уу

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газарт хоёр шинэ яам нэмэгдсэн нь Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам юм. Энэ оны улсын төсөвт Эдийн засаг, хөгжлийн яаманд 313 тэрбум 859 сая 900 мянган төгрөг, Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд 44 тэрбум 544 сая 100 мянган төгрөг тусгасан. Улс орны эдийн засагт дефолт нүүрлэхэд тун ойрхон байгаа энэ үед эрх баригчид ийнхүү сайдгүй хоёр яамыг татвар төлөгчдийн мөнгөөр “тэжээж” байгаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Болор-Эрдэнэ хэмээх өндөр боловсролтой бүсгүй ажилладаг. Сошиал ертөнцөд нээлттэй байж, дэлхийд алдартай брэндээр гоёсон зургуудаараа олны анхаарлыг татдаг тэрбээр “Дижитал нэшн” арга хэмжээг зохион байгуулсан биш ихээхэн хэл аманд өртсөн. Улс даяар цар тахлын онцгой нөхцөл байдалд байхад тэрхүү дүрэм журмыг зөрчиж, хүмүүсийг нэг дор олноор бөөгнөрүүлж коронавирус улам халдварлах эрсдэлт нөхцөл байдлыг үүсгэсэн нь ч үнэн. Улсын Ерөнхий сайд нь хүртэл энэхүү арга хэмжээний нээлтэд үг хэлж, багагүй хөрөнгө мөнгө хаясан “Дижитал нэшн” арга хэмжээг зохион байгуулагчдыг АТГ шалгаж байна” гэх мэдээ гарсан ч яг шалгасан уу, тэгсхийгээд замхруулсан уу гэдэг нь тодорхойгүй. Харин одоо “Б.Болор-Эрдэнэ бүсгүй УИХ-ын 2024 онд нэр дэвших бэлтгэлээ хангаж эхлэв үү” гэмээр ПР-ыг гадаад, дотоодын хэвлэлүүдээр хийж эхлэв. Тодруулбал, “Тайм” сэтгүүлд түүнийг “Дараагийн үеийн лидер эмэгтэй” хэмээн онцолсон тухай мэдээлэл Монголын цахим ертөнцөөр нэг тархав. Монголын улстөрчид нэгэн үе Оросын болон Германы “Reuters”, “Шпигель” зэрэг хэвлэлүүдээр нэг нэгнээ намнуулдаг байсан бол өдгөө магтуулдаг болов уу гэж хардахуйц ПР-ыг тэр хийж эхлэв бололтой. GUCCI брэндийн (Монголд 11 сая төгрөгийн үнэтэй худалддаг гэх) даашинзаар гоёсон зургаа инстаграмд байршуулсан биш “Төрийн албан хаагч ийм өндөр үнэтэй хувцсаар гоёх нь ёс зүйд нийцэх үү. Тэд тийм өндөр цалин авдаг билүү. Улс орон эдийн засгийн хямралд орж, төр засаг нь хэмнэлтийн горимд шилжихээ зарлачихаад байхад шинэ яамны “Гал тогоо”-г барьдаг бүсгүйн тансаглал арай хэтрэв үү” хэмээн сошиал хэрэглэгчдийн хэл аманд өртөх шахсан Б.Болор-Эрдэнийг “Тайм” сэтгүүлд ямар үнэ өртөг төлж, өөрийгөө магтуулсан юм бол оо” хэмээн хэрсүү уншигчид хэдийнэ бичээд эхэлчихжээ. Гадаадын нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлэл хэвлүүлэх төлбөр дунджаар 10 мянган ам.доллараас эхэлдэг тухай цахим постууд ч байх аж.

Ц.Мөрөн

      

  • Шинэ
  • Их уншсан