Уул уурхайн өгөгдөл мэдээллийн хэрэглээг сайжруулахад Олон Улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллана

Уул уурхайн өгөгдөл мэдээллийн хэрэглээг сайжруулахад Олон Улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллана УУХҮЯ, Олон улсын санхүүгийн корпораци хамтран “Уул уурхай ба орон нутгийн иргэд: илтгэлцлийг бэхжүүлэх дата мэдээлэл” олон талт оролцогчдын уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2022.05.13/ болж, уул уурхайн үйл ажиллагааны үр нөлөөний тухай орон нутгийн түвшинд мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх талаар зөвлөлдөв.
 Энэ үеэр уул уурхайн орлогын менежмент, нийгмийн болон байгаль орчны үр нөлөөний талаарх орон нутгийн иргэдийн мэдээллийн хэрэгцээ, яриа, хэлэлцүүлгийг эрчимжүүлэх, үр дүнг бататгах талаар санал солилцож байна.
 Энэ хүрээнд Уул уурхай бүхий орон нутгийн хөгжлийг дэмжих, үүний тулд уул уурхайн өгөгдөл мэдээллийн ашиглалт хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс иргэд болон төрийн албан хаагчдын цахим чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр Олон улсын санхүүгийн корпораци, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хооронд байгууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар ОУСК-ийн зүгээс нээлттэй өгөгдлийн шилдэг туршлагад суралцуулах техник туслалцааг УУХҮЯ-д үзүүлэх бөгөөд ингэснээр орон нутгийн холбогдох албан тушаалтнууд болон иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын өгөгдөл мэдээллийг үр дүнтэй ашиглах цахим чадвар дээшилнэ гэж үзэж байгаа юм. Арга хэмжээний үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Өнгөрөгч онд уул уурхайн салбар Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 24 хувь, Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувь, нийт экспортын 93 хувийг тус тус бүрдүүлсэн. Иргэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж цаашид амжилттай үйл ажиллагаа явуулахад тухайн орон нутгийн иргэд, олон нийттэй өгөгдөл мэдээллийг түлхүү солилцох явдал туйлаас чухал. Үүнээс гадна, урт хугацаат чанартай хөрөнгө оруулалтыг Монгол Улс өөртөө татах, тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжлийн зарчимд тулгуурлан цаашид хөгжин тэлэхэд энэ нь мөн чухал үүргийг гүйцэтгэнэ” хэмээн тэмдэглэв. “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан ил тод, хариуцлагатай уул уурхайг цогцлоохыг зорьж буй Монгол Улсын Засгийн газрын хувьд энэхүү мэдээллийн хүртээмжтэй байдал онцгой оч холбогдолтой юм

 Олон Улсын санхүүгийн корпораци нь Дэлхийн банк группын гишүүн байгуулага бөгөөд шинээр хөгжиж буй улс орнуудын хувийн хэвшилд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том хөгжлийн агентлаг юм. 2021 оны санхүүгийн жилд, ОУСК хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компаниуд, санхүүгийн байгууллагуудад 31.5 тэрбум ам.долларыг олгож дээд амжилт тогтоосноор нэн ядуурлыг устгахад хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийг тодотгож, цар тахлын сөрөг нөлөөтэй тэмцэж буй улс орнуудын хүртээмжтэй өсөлтийг бодитойгоор дэмжсэн юм.

  • Шинэ
  • Их уншсан