ЗТЯ-ны газрын дарга асан Р.Ононгоос 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ

Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Ононд холбогдох хэрэг зургаа дахь жилдээ сунжирч байна. Улсын Дээд шүүхийн вэбсайтад өнөөдөр (2022.05.13) “Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй Р.Ононд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ. Хариуцагч Р.Ононг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн болохыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон тул төрд учруулсан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулах тухай нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар иргэний хэргийн шүүхэд гаргажээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Р.Ононгоос 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв” гэжээ. Р.Ононгийн тухайд 2016 онд АТГ-ынханд саатуулагдаж байсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “Зам, тээврийн яамны газрын дарга Р.Онон нь Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн зам барих хөрөнгөөс үүсгэн байгуулсан нууц компаниараа дамжуулан 200 сая төгрөг шилжүүлэн авсан бололтой. Р.Онон эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, автозамын зөвлөхийн хяналтын туслан гүйцэтгэгч гэх халхавчаар тус компаниас “Эн Би Си Си” ХХК-ийнхаа данс руу 2015 оны хоёр болон аравдугаар сард 200 сая төгрөг шилжүүлж авсан байж болзошгүй гэж үзжээ. Тэрбээр жил бүр гаргадаг хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ цалингаасаа өөр орлогогүй гэж бичсэн ч Хан-Уул дүүрэгт “Ривер гарден” хотхонд 800 сая төгрөгийн үнэлгээтэй байр авчээ. Түүнийгээ санхүүгийн ямар эх үүсвэрээр авснаа тодорхой тайлбарлаж чадахгүй байгаагийн сацуу Баянзүрх дүүргийн нутаг дахь “Кристалл таун” хотхонд аавынхаа нэр дээр авсан гурван өрөө байр, өнгөрсөн онд “Таванбогд” компаниас 150 сая төгрөгөөр худалдан авсан “Ланд круйзер-200” автомашиныхаа хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ” гэж мэдээлж байв.

  • Шинэ
  • Их уншсан