“Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого” уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим хамтран Чөлөөт бүсийн хөгжлийн бодлогын талаар хувийн хэвшлүүдийн төлөөлөл, хөрөнгө оруулагчидтай хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Улсын Засгийн газраас санаачлан батлуулсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг тодорхойлсон бөгөөд “Боомтын сэргэлт”-ийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, хөгжлийн төсөл, арга хэмжээнүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Үүний хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран чөлөөт бүсийн одоогийн хүчин төгөлдөр хууль, эрх зүйн орчныг сайжруулах, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлоход оролцогч талуудын саналыг тусгах зорилгоор “Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт холбогдох төрийн байгууллагууд, чөлөөт бүсийн захирагчийн ажлын албадын төлөөлөл, хөрөнгө оруулагчид болон тээвэр логистикийн салбарын бизнес эрхлэгчид оролцов.

зураг
 

Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт үг хэлэхдээ “Чөлөөт бүсийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйл өнөөдөр харилцан адилгүй байна. Үүнийг хамтдаа тодорхойлж олон улсын сонгодог загвараар нь хэрэгжих бодит ажлаа хувийн хэвшилтэйгээ хамтдаа хийж хэрэгжүүлэх, чөлөөт бүсийг хөгжүүлэх нь дан ганц төрийн ажил биш гэдгийг өнгөрсөн хугацаа харуулсан” гэдгийг онцлов.

зураг
 

Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган “Чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл танилцуулж,  чөлөөт бүсийн хөгжил удаашралтай байгаад институтийн тогтворгүй байдал, судалгаа шинжилгээнд үндэслэн төлөвлөөгүй, авто зам, тээвэр логистикийн сүлжээгүй, төрөөс баримтлах нэгдсэн бодлого тодорхойгүй, зах зээлийн багтаамж хангалтгүй, хөрөнгө оруулалтын орчин нээлттэй бус, суурь дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүжилтийг үе шаттай шийдээгүй, ажиллах хүчний нөөц хангалтгүй, салбар хоорондын уялдаа холбоо болон орон нутгийн уялдаа сул зэрэг нөхцөл байдалд нөлөөлж буйг дурдсан байна.

зураг
 

Хэлэлцүүлгийн төгсгөлд чөлөөт бүсүүдийг хөгжүүлэхэд нэн түрүүнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэдэгт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн салбар салбарын төлөөллүүд санал нэгдэж, чөлөөт бүсийн хөгжлийн загварыг зөв тодорхойлох, хөрш орнууд, бүс нутгуудтай харилцан ойлголцох, ерөнхий төлөвлөгөөгөө уялдуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн менежментийг нэвтрүүлэх зэрэг саналуудыг илэрхийлжээ.

зураг
 

Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулж буй Чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд хувийн хэвшлийнхний саналууд, тэр дундаа хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, бодлогын тогтвортой байдал, хэрэгжилтэд анхаарах асуудлуудыг тусгаж, цаашид хамтран ажиллах арга механизмыг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллахаар болов.

зураг
 

 

Эх сурвалж: ЭЗХЯ


  • Шинэ
  • Их уншсан