Р.Гончигдорж: Цэцэд тодорхой хэмжээнд ярьж хөөрөх үүрэг надад бий


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2016 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Энэ үеэр Цэцийн гишүүнд өөрийнхөө нэрийг дэвшүүлээд буй УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, гишүүн Ц.Нямдорж нарын хооронд нэлээд ширүүн маргалдаад амжсан юм. Хоёр гишүүний маргааныг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Р.Гончигдорж оо, чи Дээд шүүхэд намайг тэнцүүлээд өгөөч гэж өргөдөл гаргасан биз дээ. Ийм байж болохгүй. Дээд шүүх асуудлаа хэлэлцээд шийддэг. Чи намайг тэнцүүлээд өгөөч гэж хичээнгүйлэн хүсч байна гэж өргөдөл гаргах ямар шаардлагатай юм. Хуулийн цаана Монголын нэр хүнд гэж бий. Албан тушаалын төлөө чи ийм хогийн байж болохгүй.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:  Ц.Нямдорж гишүүн ээ, би ч гэсэн ухаантай мэт ярьж чадна шүү. Цэцийн тухай бүх хуульд би бага хурлын дарга байхдаа гарын үсэг зурж байсан. Цэцийн хуулийг анх батлан гаргаж байлаа. Би ардчилсан хувьсгалыг амь биеэ золиослон хийхдээ албан тушаалд шунаж байгаагүй. Миний хувьд албан тушаал гэдэг зүгээр л үүрэг. Би хаана хэрэгтэй байна тэр газарт л очих ёстой гэж үздэг. Юун гуйх, гувших. Цэцэд тодорхой хэмжээнд ярьж хөөрөх тийм үүрэг надад байгаа. Хаана өөрчлөлт хэрэгтэй байна, тэр газар би өөрийгөө зориулахад бэлэн. Албан тушаалын төлөө гэж бодож явдаг хүн ийм юм ярьдаг. Чи тэгвэл албан тушаалд дуртайдаа УИХ-ын гишүүнд дандаа нэр дэвшээд, сонгогдоод, жагсаалтаар ороод байсан юм уу?
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:  Дээд шүүх чамайг унагана. Харж л байгаарай. Тэнд чинь бас тархитай хүмүүс байдаг юм. Ер нь танай АН-ынхан зүгээр ажлаа хийж яваа хүнийг хугацаанаас нь өмнө элдэв шалтаг зохиож, халж байдаг юм.

  • Шинэ
  • Их уншсан