Орос, Украины дайн хүнсний хомсдол үүсгэхийг НҮБ анхааруулав

ОХУ Украин руу халдан довтолсноос болж ирэх саруудад дэлхий дахинд хүнсний хомсдол үүсж болзошгүй гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес сэрэмжлүүлсэн байна. Дайны улмаас хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, улмаар буурай хөгжилтэй орнуудад хүнсний аюулгүй байдлын баталгаа алдагдаж байгаа аж.

Хэрэв Украины хүнсний бүтээгдэхүүний экспорт дайны өмнөх үеийнхтэй ижил түвшинд дахин сэргэхгүй бол дэлхийн улс орнууд ирэх жилүүдэд удаан хугацаанд үргэлжлэх өлсгөлөнтэй нүүр тулах эрсдэлтэй байна. Дайн гарснаас хойш Украины боомтууд хаагдаж, эрдэнэ шиш, улаан буудай, амуу тариа болон наран цэцгийн тосны экспорт тасалдаад байгаа юм. 

Үүнээс улбаатайгаар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ дунджаар 30 хувь нэмэгдсэн гэж НҮБ мэдээлэв. Гутеррес “Хэрэв бид хамтдаа ямар нэг шийдэл гаргаж, хэрэгжүүлбэл хүнсээ хангалттай түгээх боломжтой. Үгүй бол олон арван сая хүн өлсгөлөн, хоол тэжээлийн хомстолд өртөх аюултай боллоо” гэж лхагва гарагт хийсэн хурал дээр мэдэгдэв. 

Хүнсний ханган нийлүүлэлтийг эргэн хэвийн болгохын тулд НҮБ Орос, Украин, АНУ, ЕХ-той идэвхийлэн хэлэлцэж байгаа гэжээ. Орос, Украин дэлхийн улаан буудайн хэрэгцээний 30 хувийг хангадаг. Тэр дундаа Украин сар бүр 4,5 сая тн газар тариалангийн бүтээгдэхүүн экспортолдог бөгөөд хоёрдугаар сараас хойш 20 сая тн үр тариа экспортод гаралгүй гацаад байна. 

Эх сурвалж: ВВС 

  • Шинэ
  • Их уншсан