Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарыг хилээр гарахыг хориглов

Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон нэр бүхий улстөрчдөд хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн. Шүүх УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг хилээр гарахыг хориглох шийдвэрийг шүүхээс гаргажээ. 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Н.Алтанхуяг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Н.Батбаяр нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.  

 

  • Шинэ
  • Их уншсан