“Тамгагүй төр” физикл драмыг орчуулагч Э.Содонтогос англи хэлээр орчуулжээ

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Улсын драмын эрдмийн театрт өчигдөр (2022.05.29) 52 дахь удаагаа тоглож, рекорд тогтоосон энэхүү бүтээлийг Монголын урдаа барьдаг орчуулагчдын нэг Э.Содонтогос англи хэлээр орчуулжээ. Хүннүгийн үеийн хааны тухай өгүүлсэн энэхүү эмгэнэлт жүжгийн үг хэллэгийг харь хэлнээ буулгахад ихээхэн ур чадвар шаардана. Нэг ёсондоо, асар хүнд үг хэллэгтэй жүжгийн зохиол. Орчуулагч Э.Содонтогосын хувьд энэ нөр их хөдөлмөрийнхөө ард гарч, ирэх сарын 02-нд “Тамгагүй төр” физикл драмыг англи хэлээр синхрон орчуулгатайгаар үзэгчдэд хүргэхээр болсон тухай мэдээлэл байна. Соёлын яам, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, “Херо энтертайнмент, “Хувьсал” продакшн хамтран бүтээсэн энэхүү физикл драмыг Бродвэйгоос эхлээд гадаадын театруудад тоглохоор төлөвлөж байгаа талаар ч уран бүтээлчид нь ярьж байгаа юм. Нэг жүжгийг театрын урлагийн хэд хэдэн төрлөөр үзэх боломжийг үзэгчдэд анх удаа олгосон “Тамгагүй төр” физикл драмын дүрүүдийн үг, үйлдэл, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх болон эртний хувцас хэрэглэл, хөгжим, чимэглэлийг хийхдээ Төв Азийн газар нутгаас олдсон эртний Пазырыкийн соёл, буган чулуун хөшөөт хиргисүүрийн соёл, Хүннүгийн үеийн археологийн биет олдворууд, бэлчээрийн мал аж ахуйтны уламжлалт бүжиг, дуу, хөгжмийг ашигласан ажээ.

Д.Гал

  • Шинэ
  • Их уншсан