Г.Амартүвшин гишүүнийг БНСУ руу бултуулсан уу

АТГ-ын саналыг үндэслэж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос өнгөрсөн сарын сүүлчээр УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд хуралдаж “Эдгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн УИХ энэ асуудлаар хаалттай хуралдаж, гишүүдийн олонхи нь нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн эсрэг кноп дарсан юм. Нэг ёсондоо, УИХ-д 62 суудалтай эрх баригчид МАН-ын гишүүд болох Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг хамгаалж авч үлдсэн далимд АН-ын дарга асан Н.Алтанхуяг ч аврагдсан. Гэвч хуулийнхан УИХ тийш “уурга” шидсэн хэвээр байна. АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт хилийн хориг тавьсан. Харин Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарт хилийн хориг тогтоох саналыг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг өнөөдөр (2022.05.30) хэлэлцэж шийдвэрлэх товтой. УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн тухайд, БНСУ-аас энэ сарын 31-нд ирэх тухай мэдээлэл бий. Түүнийг Монголд ирсний дараа хурлын товыг гаргаж, асуудлыг нь хэлэлцэх аж. 33 тэрбумын асуудалд нэр холбогдсон Г.Амартүвшин ийнхүү хуулийн процесс үргэлжилж байхад БНСУ-ыг зорьсон нь улс төрийн хүрээнд ихээхэн хардлага бий болгоод байна. Учир нь УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос анх оруулж ирэхэд МАН-ынхан дунд “Намдаа хандив өгсөн гишүүдээ золиосолж болж байгаа юм уу” гэдэг яриа өрнөсөн гэдэг. Харин энэ удаад цаг хожих зорилгоор Г.Амартүвшинг хил давуулж бултуулав уу, яав!?

Л.Энхтуяа

 

  • Шинэ
  • Их уншсан