“Тамгагүй төр” физикл драмын нийт орлого гурван тэрбум орчим төгрөг болжээ

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Энэхүү жүжгийг Улсын драмын эрдмийн театрт 56 хоног тоглон гадаад, дотоодын үзэгчдийн хүртээл болгож өнөөдөр (2022.06.07) хаалтын тоглолтоо хийж байна. Соёлын яам, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, “Херо энтертайнмент, “Хувьсал” продакшн хамтран бүтээсэн “Тамгагүй төр” физикл драмыг орчуулагч Э.Содонтогос англи хэлнээ орчуулж, энэ сарын 02-нд гадаадын үзэгчдэд синхрон орчуулгатай хүргэсэн. Тэгвэл орчуулагч Д.Болдбаатар хятад хэлнээ орчуулах болсноо фэйсбүүк хуудастаа мэдээлжээ. Жүжигчид, бүжигчид, арын албаныхан гээд маш олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн энэхүү бүтээлийг үзэх үзэгчдийн цуваа Улсын драмын эрдмийн театр тийш 56 хоног тасраагүй нь маркетинг маш сайн байсны илрэл юм. Театрын танхимыг өдөр бүр суудал дүүрэн байлгасан нь гярхай ажиглагчдын дунд “Драмын театр 600 суудалтай. Билетийн дундаж үнэ 100 мянган төгрөг. Далан удаа тоглосон гэхээр дөрвөн тэрбум 200 саяыг олжээ...” гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэв. Харин эх сурвалжийн мэдээлснээр, “Тамгагүй төр” физикл драмын нийт орлого ойролцоогоор гурван тэрбум төгрөг болсон аж. Энэ бол Монголын урлагийн түүхэнд нэн шинэ рекорд тогтоосон явдал. “Тамгагүй төр” физикл драмын ерөнхий продюссерээр М.Есөнмөнх ажилласан бол гүйцэтгэх продюссер А.Амундра. “Тамгагүй төр” физикл драмыг АНУ-д тоглохоор төлөвлөж байгаа аж.

Д.Гал

  • Шинэ
  • Их уншсан