Х.Тэмүүжин гишүүн ээ, дөрвөн сая ам.долларын авлигын баримтын эздийг одоо зарлаач

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2014 оны арванхоёрдугаар сард нэгэн ноцтой баримтыг олон нийтийн сүлжээнд дэлгэсэн. “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх-авлигын хэмжээ” хэмээх эрхэм гишүүний тайлбартай энэхүү баримт одоо ч олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байна. Тухайн үед Голомт банкнаас хоёр сая ам.доллар, мөн нэг сая ам.долларын тус бүр хоёр баримтыг Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин сошиалаар дэлгэсэн учраас сэтгүүлчид тэрхүү авлигыг өгсөн, авсан эздийг тодруулах их “аян”-д мордсон гэхэд болно. Өөрөөр хэлбэл, зарим нь “МАН-аас 2012 оны сонгуульд нэр дэвших эрхээ намынхаа Бага хурлаас авчихаад байх үедээ хуулийнханд саатуулагдсан “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар уу, аль эсвэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэргээр шалгагдаж байсан “Алтан дорнод Монгол”-ын Т.Ганболд уу” гэх мэт олон таамгийг дэвшүүлсэн ч Х.Тэмүүжин гишүүн хэний ч нэрийг албан ёсоор зарлаагүй байгаа. Харин одоо Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн “Олигархи бүлэглэлүүд, хуулийнхны зодоон” төгсгөлийн шатандаа орж байгаа үед эрхэм гишүүн хоёр жилийн өмнө дэлгэсэн эзэн биегүй баримтаа дэлгэх болсон биш үү. Тэгээд ч өөрийг нь “АТГ-ын даргаар томилохоор ярилцаж байгаа” гэх яриа бий. Харин энэ суудлын төлөөх марафоны нөгөө талд Х.Тэмүүжингийн өрсөлдөгч хийгээд сөргөлдөгч Хууль зүйн сайд Д.Дорлигжав зогсч байна. Магадгүй, улс төрийн хүрээнд тохиролцоо нь эцэслэж, хэн нэгэн дээр яг таг тогтоогүй байгаа энэ марафонд Х.Тэмүүжин түрүүлбэл Женко Х.Баттулга ба түүний багийнхан нэгмөсөн “ангал” руу унана гэсэн үг. Харин Д.Дорлигжав болбол Женко арайхийж амь аврагдаж магадгүй л юм. Ямартай ч яг одоо Х.Тэмүүжин гишүүний хувьд, дөрвөн сая ам.долларын авлигыг хэн хэнтэй өгч авалцсан талаар албан ёсоор мэдэгдэх цаг болсон баймаар. Хоёр жил өнгөрлөө шүү дээ. Харин одоо сонгуулийн жил. Хэрэв эрхэм гишүүн дээрх баримтын эздийг зарлахгүй бол 2016 оны сонгуулийн дараа ч энэ авлигын сүлжээ амь бөхтэй оршсоор байж магадгүй л юм.


Анализ мэдээлэгч   


  • Шинэ
  • Их уншсан