ӨВӨРЛӨГЧ ТҮМНИЙ ЦУУТАЙ ХҮҮХНҮҮД



Өвөрлөгч түмний хүүхнүүд дуунд мөнхөрсөн нь олон ажээ. Жишээ нь монголчууд бидний сайн мэдэх “Бүсгүй хүний заяа” хэмээх богинын дуу Өвөр Монголын Үзэмчин ардын дуу юмсанж. Эхнэр болж буй хүн эр нөхрийнхөө нутаг хошуунд даган очиж амьдардаг нь эрт цагт хууль байсан бөгөөд үүнээс үүдээд “Бэр буулгах” гэдэг үг гарчээ. Тиймээс Үзэмчин түмэн харь нутаг хошуунд бэр болж буй охид, бүсгүйчүүдээ аргадан тайтгаруулахаар “Бүсгүй хүний заяа” хэмээх дуу зохиож дуулсан гэх домогтой.
“Хажуу газар ургана гэдэг чинь дээ хө
Хайлаас модны жам юмаа хө
Харийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юмаа хө
Уруу газар ургана гэдэг чинь дээ хө
Улиас модны жам юмаа хө
Ургийн газар очино гэдэг чинь дээ хө
Бүсгүй хүний заяа юмаа хө...”
Уншихад ая нь хүртэл орж ирж байгаа биз. Үзэмчин түмнээс өвлөгдөж ирсэн энэхүү дууг мэдэхгүй монгол хүн гэж үгүй биз ээ. Ингээд өвөрлөгч түмний зарим нэг цуутай хүүхний тухай өгүүлсү.

“ГАРЫН АРВАН ХУРУУ” ДУУНЫ ГАЖАА НЬ ҮГҮЙ ЗУЛЦЭЦЭГ

“Гарын арван хуруу нь
Гажаа нь үгүй шулуун даа
Гартаа хийсэн бөгж нь
Хольцоо нь үгүй шижир дээ” хэмээх ардын сайхан дуу бий. Уг дуу нь Өвөр Монголын Үзэмчин нутгийн домогт дуу ажээ. Үүнийг 1870-аад оны үед Хөлөнбуйр аймгийн Барга хошууны “Мянган цагаан адуут” хэмээх баян айлын ганц охин болох Зулцэцэг хэмээх бүсгүй зохиосон түүхтэй юм байна. Зулцэцэг нь тухайн үедээ гоо үзэсгэлэнгээрээ нутаг орондоо цууд гарч, улмаар Үзэмчин нутгийн алдарт бөх Дүүрэн-Заан хэмээгчийн гэргий болжээ. Энэ тухай Үзэмчин нутгийн урлагийн ахмад зүтгэлтэн До.Санжаа “Үзэмчин ардын дуу” хэмээх бүтээлдээ тодорхой тусгаснаар Үзэмчин ардын дуу судлалын анхны хөшгийг нээсэн байна. Мөн Өвөр Монголын түүхч, судлаач Бэлхүнүтэйгийн Бөххад, Мэргэжлийн дуучин Отгонбаатар нар Үзэмчин нутгийн домогт бөх Дүүрэн-Заан, үзэсгэлэнт бүсгүй Зулцэцэг нарын тухай чамгүй судалгаа хийжээ. Дүүрэн-Заан нь 1850 онд “Шар тайж” хэмээгдэх Донровын гэрт төрсөн бөгөөд Баруун Үзэмчин хошууны Олгой гол, Бүлээн хөндийгөөр нутагладаг “Тайж нар” сумын уугуул ажээ. Тэрбээр хорь хүрч эр бие жагсаж ирэхийн үест хол ойрын найр наадамд удаа дараалан түрүүлж, арслан бар шиг догшин хүчит бөхчүүдийг өвдөг шороодуулж “Заан” цол хүртсэн байна. Тэр цагаас хойш Дүүрэндэлгэр хэмээх багын нэр нь Дүүрэн-Заан болж өөрчлөгдөж, төдөлгүй Барга хошуунд “Дүүрэн Заан” гэдэг дуу зохиогджээ. Яахаараа үзэмчин бөхийн тухай дуу Баргад зохиогддог билээ гэж гайхаж магад. Тухайн үед Хорчины засагт вангийн ордон буюу одоогийн “Улаан хот” хошуунд томоохон найр наадам болж, энэхүү наадамд Үзэмчин нутгийн Дүүрэн-Заан түрүүлсэн байна. Хорчины ноён хутагт гэгээний бөх алдарт Маасан цоохор энэ наадамд барилдсан ч Дүүрэн-Зааныг хүчирсэнгүй. Тиймээс уг наадмыг үзэж сонирхож явсан үзэмчингүүд хэдэн өдрийн турш арслан бар шиг сүр жавхлантай барилдсан Дүүрэн-Зааныг харж баясаад,
“Үдшээр гардаггүй цолмон од нь
Үүрийн эртээр гялалзаад байна
Үзэмчин хошууны Дүүрэн-Заан
Үзэгдэхийн бараанаас гялалзаад байна” гэх мэтээр нутгийнхаа алдарт бөхийг бахархан дуулсан түүхтэй юмсанж. “Гарын арван хуруу” дуу мөн л Дүүрэн-Заанд зориулагдсан бөгөөд Зулцэцэг бүсгүй алс хол одсон Дүүрэн-Зааныг дурсан санагалзаж, “Гарын арван хуруу нь, Гажаа нь үгүй шулуун даа, Гартаа хийсэн бөгж нь, Хольцоо нь үгүй шижир дээ, Хар өнгийн хоргойгоор, Ханцуйгаа юундаа чимэв дээ, Харийн хошууны чамдаа, Хайраа юундаа өгөв дөө, Эрээн өнгийн торгоор нь, Энгэрээ юундаа чимэв дээ, Энгийн хошууны чамдаа, Ингэтлээ юундаа даслаа даа” гэж дуулсанаар уг дуу Үзэмчин, Барга төдийгүй Халх Монгол даяар түгэн тархсан түүхтэй. Уудлаад баршгүй уурхай, умбаад туулшгүй мөрөн лугаа ардын дуу ийм л сайхан баялаг түүхтэй билээ. Тэр дундаа Үзэмчин ардын дуу нь Үзэмчин нутгийн өнгө төрх, үнэр амтаараа нэн өвөрмөц төдийгүй хүн ардынхаа амьдрал ахуйн ул мөрийг зураглан тэмдэглэж ирсэн болохоор урт удаан амь настай байгаа нь энэ. Дээрхи дуунд өгүүлж буй хар өнгийн хоргой, эрээн өнгийн торго зэрэг нь бүгд учир жанцантай. Алдарт бөх Дүүрэн-Заан ханцуйг нь хар торгоор эмжсэн, энгэрийг нь эрээн хоргойгоор чимсэн дээл өмсдөг байж. Тиймээс Зулцэцэг бүсгүй дуундаа энэ бүхнийг шигтгэж өгсөн байх аж. Дүүрэн зааны эцэг Донров нь тайж удамтай чинээлэг хүн байсан тул Барга нутгийн үзэсгэлэнт бүсгүйг бэр буулгахаар хүүгээ дагуулан Баргын нутагт очиход хүүхний тал “Хүргэний хүчийг сорино” хэмээн эр хонины хүзүүний махыг дутуу чанаж, үтэр түргэн салга хэмээхүйд Дүүрэн-Заан тэр дор нь ёсоор болгож, сэтгэлийн зул болсон Зулцэцэг бүсгүйгээ эхнэрээ болгож авсан түүхтэй юмсанж.

НАЙРЫН ДУУ, НААДМЫН ЧИМЭГ ОЮУНГЭРЭЛ

“Алаг морины минь алхаа сайвар
Аятай л сайхан даа хөе
Ангаа бага Оюунгэрэлээсээ
Амьддаа салахгүйдээ хөе...” хэмээх ийм нэгэн дуу Өвөр Монголд, тэр дундаа Сөнөд нутагт хамгийн ихээр тархжээ. “Оюунгэрэл” хэмээх энэ дууг өдгөө ч Сөнөд нутгийнхан байнга аялах бөгөөд дал шахам жил дуулагдаж буй мөнхүү алдартай дуу Өвөрлөгч түмний найр хурим, наадам цэнгэлийн чимэг болдог юм байна. Манайхаар бол яг л “Аргагүй амраг” ардын дуу шиг. Уг дуунд өгүүлэгдэн буй Оюунгэрэл нь бодит хүн юмсанж. Өвөрлөгч түмний ардын дуунд домог болж мөнхөрсөн энэ эмэгтэйг ная гаруй настай байхад нь Сөнөд нутгийн судлаач Баянжаргал гэдэг хүн биечлэн уулзаж эрт урьдын дурсамж хүүрнэлдсэн байх аж. Харин тэрхүү дурсамж яриаг нь Сөнөдийн яруу найрагч Бүрэнтөгсийн Тогтомж, Лутбаатарын Далайцогт нар саяхан над руу илгээсэн юм. Сийрүүлвээс: ...Оюунгэрэл дууг манай Сөнөд нутагт эрт дээр үеэс дуулж эхэлсэн. Одоо болтол хурим найр, телевизээр үргэлж дуулагдаж, хүмүүсийн чихэнд хоногшсон. Энэ Оюунгэрэл гэдэг ардын дуу 70 шахам жил дуулагдахдаа Сөнөдийн тал нутгийг эзэмдээд зогсохгүй Өвөр Монголын хэмжээнд урлагийн том тайзан дээр дуулагдаж ирлээ. Алдарт дуучин Муйлаанаас эхлээд дуучин болгон дуулж, “Улаан мөчир”-ийн бүжигчид энэ дууны аялгуунд бүжиглэж ирсэн, нийт ард түмний бахархал болсон дуу юм. Бас зарим нь энэ дууг Хорчин ардын дуу, Цахар ардын дуу, Ордос нутгийн дуу гэж өөр өөрийн нутагтаа татаж ярьцгаадаг билээ. Энэ дуу бий болсон ахуй цаг үеийн байдал бол Манж гүрэн Монгол нутагт сүм хийд байгуулж, Монгол үндэстнийг цөөрүүлэх зорилгоор үй олон залуусыг лам болгож, иймээс залуус айл гэр болж болохгүй, эмэгтэйчүүд нь өөрийн сэтгэлээсээ хайрласан залуутайгаа амьдарч чадахгүйд хүрчээ. Ингээд эрэгтэй эмэгтэй залуучууд өөрийн бишрэн хайрласан хүнээ санан мөрөөдсөнөөс энэхүү “Оюунгэрэл” гэдэг дуу ард түмний дунд амилан бүтэж, эдүгээ болтол сайн дурын эрх чөлөөнд ураг гэр бүлийн сайн сайхан гантиг чулуун суурийг байгуулж, хүмүүсийн оюун санааны цэнхэр далайд баясал цэнгэлийн нэмүүр болж ирсэн юм. Сөнөд ардын дуу “Оюунгэрэл” дууны домог түүхийг бид асууж сураглаж байгаад Оюунгэрэл настны гэрт ирж учран золгож танилцав. Настан ингэж ярилаа. Манайх бол Дүүрэн-Өлзий сумын Баян-Оргил гацааны айл юм. Миний бие тун барагтайхан. Хэрвээ Соёлын их хувьсгалын үеэр хилс хор амсаагүй бол бие маань нэн сайн байх ёстой байв. Намайг сурвалжлахаар олон хүн ирсэн. Би ер нь түүх дурсамж ярих дургүй. Учир нь Соёлын их хувьсгалаас хойш айх болсон юм. Миний эцэг Дэ вангийн ордны уран дархан байсан. Өнгөрсөн явдлыг яривал үлгэр гэмээр. Манай өвгөн багадаа Тойнгүүшийн сүмд шавилж байсан. Би бол нялхдаа Шанд, Хөвөөт шараас Сөнөдийн айлд үрчлэгдсэн. Арваад нас хүрээд Дэ вангийн ордонд ирж, вангийн хүүхэд Очир, Бат нарыг харж байв. Залгаад би Дэ вангийн охидын сургуульд бичиг сурсан юм. Ер нь би залуудаа нэлээд гоё зүслэг хүүхэн байсан. Залуус намайг л гэнэ. Харин залуусын дундаас заяаны хань минь надад илүү хайр сэтгэлтэй болсон ч тэр үеийн харанхуй феодалын нийгэмд ураг, хуримын явдал өөрийн санаагаар болдоггүй, хайрлаж тоосон хүнтэйгээ амьдарч чаддаггүй байсан болохоор хань минь намайг санаж хайрлахын эрхэнд хэдэн бадаг дуу зохиож дуулсан юм.
“Хүрэн морины хөнтрөө жороо хөөрхий сайхандаа хөе
Хүний хүүхэнтэй ханилна гэдэг сэтгэлийн минь зовлон
Арын Наймаагийн алим жимс нь амттай сайхандаа хөе
Амраг жаахан Оюунгэрэлдээ аваад өгмөөр санагдана даа хөе” гэж сэтгэлээ илтгэж, бид хоёр бие биедээ улам хайртай болсон ч тэр минь сүмд сууж байгаа болохоор бурханы санваар хатуу чанга. Лам хүн эхнэр авч болохгүй, нааш цааш илүү дутуу явж сууж болохгүй. Ийм учраас бас хэдэн бадаг нэмж дуулсан. “Тойнгүүшдээ байхлаар дотно амраг минь ойрхон байлаа хөе Хорго сүмд очсоноос хойш хонгор тэр минь уулзахаан байлаа Хорго сүмийн сахил санваар хатуу чанга нь хэцүү юмаа хөе Хайрт жаахан Оюунгэрэлтэйгээ уулзаж чадахгүй нь хөөрхийдөө хөе” гэж дуулсан. Ингээд тухайн үед ойр орчмын залуучуудын дунд энэ дуу улам хөөр наргиан болж, дээр нь дэл нэмээд, доор нь сүүл нэмээд ингэж дуулах болсон.
“Ховор ховор алхаад байдаг нь хойд газрын морь юмаа хөе, Хонууд өнжүүд ирээд байдаг нь Хонин шарын жаахан шар хүү хөе, Бага бага алхаад байдаг нь баруун газрын морь юмаа хөе, Байн байн ирээд байдаг нь Балдандамбаагийн шар хүү юм хөе” гэх зэргээр тун олон бадаг болгож дуулдаг болсон. Хожим нь хань маань сүмээсээ гарч хар хүн болоод бид хоёр айл гэр болж амьдарсан. Үгүй ер нь аль ч нийгэмд хүн өөрийн сэтгэл санаанаасаа бишрэн тооцсон хүнтэйгээ амьдарвал ямар ч яриа хэллэг, хүчир зовиуртай амьдрал тулгарсан ч амьдралын суурь нь лавтай бат сайхан байдаг юм. Өвгөн бид хоёр насан туршдаа жаргал, зүдүүрээн хуваалцаж сайн ч ажиллаж, сайхан ч амьдарсаан. Оюунгэрэл настан ингэж хэлээд инээмсэглэв.

“ҮХЭРТ, ХҮЙТЭН ХОЁР”-ЫН АЛАГ НҮДЭН ДОЛГОР

Өвөр Монголын “Анд” хамтлагийн уртын дууч Цэцэгмаа хэмээх бүсгүй “Үхэрт, хүйтэн хоёр” хэмээх дуу дуулахдаа Барга түмний сайхан хүүхэн “Алаг нүдэн” Долгор хэмээгчийг дурсан санагалздаг ажээ. 20-р зууны эхэн үед Өвөр Монголын Барга хошуунд амьдарч асан тэр Долгор гэдэг нь үнэхээр үзэсгэлэн төгс бүсгүй байж. Олон арван эр түүнтэй амьдралаа холбох гэж зүтгэсэн ч Долгор хариу өгсөнгүй. Харин шинэ Барга хошууны Далай сумын Цогт хэмээх сайхан залууд сэтгэлээ ханзалжээ. Ингээд хоёр хос халуун хайрандаа умбан жаргаж байтал далайн чанадаас япончууд Манжуурт довтлон ирж дайн эхэлсэнээр залуу эр Цогт Хайлаар луу цэргийн албанд татагдсан байна. Тэрбээр цэргийн албаа нэр төртэй хааж 1945 оны чөлөөлөх дайн дууссаны дараа Барга хошуундаа иртэл жилийн өмнө нутагт нь гарсан их түймрийн улмаас олон хүн амь үрэгдсэний дотор хайрт бүсгүй Долгор нь гамшигт өртсөнийг дуулж сонсчээ. Гэсэн ч Цогт дурлалт бүсгүйгээ амьд байх болуужин гэх хүсэлдээ хөтлөгдөн Баргын уудам талаар долоон шөнө, долоон өдөр түүнийгээ хайгаад “Үхэрт хүйтэн” хэмээх газар нутаглаж байсан нэг айлаас зүүж явсан ээмэг, бөгжийг нь олж аваад алаг нүдэн хүүхнээ эргэж ирэхээргүй алсад одсон гэдэгт сая л итгэжээ. Тэгээд цээжин дэх уй гунигаа гадагшлуулахдаа “Үхэрт, хүйтэн хоёр” хэмээх дуу зохиож дуулсан гэдэг. Дууны үгийг сийрүүлвээс:
“Үргэлжийн ойрхон харагдагч
Үхэрт, хүйтэн хоёр уу даа.
Үеийн жаахан Долгороо
Үерт дайрахыг нь харсангүй
Арын бууцанд буусаар
Адуу тогтохоо байлаа даа
Аяганд хийсэн хоол нь
Аманд орохоо болилоо доо
Алттай магнаг торгыг
Ар л биендээ шингээгээсэй
Алаг нүдэн Долгороо
Аюул дайрахыг нь үзсэнгүй” гэж уянгалуулжээ. Энэхүү дууг 2010 онд Хятад улс биет бус соёлын өвөөрөө бүртгэж авсан юм байна.

“ҮҮР СҮҮЛТ” ХЭМЭЭХ УРТЫН ДУУНЫ ҮЗМЭЭ

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Үзэмчин хошуунаас ардын болон уртын дуу олноороо төрж гарсан түүхтэй. Тэдгээр дуунуудын нэг нь “Үүр сүүлт” хэмээх уртын дуу юмсанж. Эдүгээ уг дууг Үзэмчин нутгийн алдарт уртын дууч Цагаанхүүгийн шавь Оюунсоёл хэмээх бүсгүй дуулдаг бөгөөд сүүлийн үед Өвөр Монголд нэрд гарч буй энэ бүсгүй хошууныхаа “Улаан мөчир” урлагийн багийн өмнөө барьдаг дуучин юм байна. Түүний дуулдаг “Үүр сүүлт” дуу нь өөрийн гэсэн домогтой. Манжийн үед Үзэмчин хошуунд Халхын нэгэн баян айл нутагладаг байж. Тэгтэл эднийд нэгэн үзэмчин хархүү зарцлагдаж байгаад үзэсгэлэнт охин Үзмээд нь дурлачихжээ. Үзмээ ч бас хархүүд дурлаад салж хагацаж чадахаа байж. “Үүр сүүлт” дууны зарим эх сурвалжид Үзмээ гэсэн нэр байхгүй, харин баяны охин гэж гардаг юм байна. Тэгэхээр Үзмээ гэдэг нь сүүлд хэн нэг нь уг дууг эзэнтэй болгох гэж хайрласан зохимол нэр байх үндэстэй. Гэхдээ Үзэмчин гэдэг нэршилийн гарал үүслийг бодоод үзэхэд Үзмээ гэдэг нэртэй хүмүүс Үзэмчин хошуунд байсан ч байж болох. Учир нь ардын домог ярианд Үзэмчин түмний дээд өвгийг Даянпангийн даваанаас урагш байх үзэм ихтэй “Үзэм хайрхан” хэмээх ууланд аж төрж байсан тул Үзэмчин гэх болсон гэж өгүүлдэг. За ямар ч байсан Үзмээ гэдэг хүүхэн нэгэн цаг үед Үзэмчин хошуунд байсан л бололтой. Халх баян харин Үзмээ охиндоо дурласан зарц хархүүг илэрхий тээршааж охиноосоо бушуухан холдуулах арга сүвэгчилжээ. Тэгээд хархүүд ажлын хөлс болгож нэгэн даахитай бор даага өгөөд “Чи энэ даахитай бор дааганы сүүлийг борвиндоо хүрсэн цагт хүрч ирээд миний охиныг аваарай” гээд нутаг руу нь явуулжээ. Үзэмчин хархүү нутаг буцаж даахитай бор дааганыхаа сүүлийг борвиндоо хүрэхийг хүлээж, энэ хооронд дурлалт бүсгүйгээ санан бэтгэрч маш их цагийг зарцуулсан байна. Гэвч хуйхтай юм ургаж, хугацаатай юм дуусдаг хойно даахитай бор дааганых нь сүүл борвиндоо хүрээд ирмэгц үзэмчин хархүү Халх баяныхыг зорин хөдөлжээ. Тэгтэл баян эр Үзмээ охиноо өөр нэгэн чинээлэг эрд гэргий болгоод өгчихсөн, шинэхэн хосын найр хурим ид өрнөж байх нь тэр. Сэтгэлийн хайртай бүсгүй нь өөр эрд хүчээр богтлогдож очсон байхыг үзэмчин хархүү мэдмэгцээ хурим найрын ширээний баруун өмнө захад суугаад,
"Үүр сүүлт үрээ морь минь
Үзэмчин гүүний унага юмаа
Үсээ тавьсан бүсгүй дүү минь
Үзэгдэж байх уулын хаагуур нь байх уу даа” гэж дуулжээ. Ингээд үзэмчин залуу тэр шөнөдөө Үзмээ бүсгүйгээ оргуулж аваад нутагтаа ирж энх тунх амьдарсан гэх. Үзэмчин түмний дунд өдгөө хүртэл дуулагдсаар байгаа “Үүр сүүлт” хэмээх уртын дуу ийм нэгэн домогтой юм байна.

ШИЛИЙН ГОЛООС ДҮРВЭЖ ИРСЭН СОНИНХУВАР

Өвөр Монголоос дүрвэж Хэнтий аймгийн бэр болж байсан Сонинхувар хэмээх хүүхнийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын дээхэн үеийн хөгшчүүл анддаггүй юм байна. Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн үхэрчин, Хөдөлмөрийн баатар, алдарт уяач Галсандаржаагийн Данзандаржаа гэж мундаг хөдөлмөрч хүн байжээ. Түүний аав Хэнтий нутагт домог болсон Эрээний Галсандаржаа гэж халхын сайн эр байж. Энэ хүн 1920-иод оны үед урагшаа Манжуур, Шилийн гол аймаг руу гарч тэндхийн баячуудын адууг хөөдөг байсан бөгөөд ингэж явахдаа Өвөр Монголын Шилийн гол аймгийн сайхан хүүхэн Сонинхувар гэгчийг эхнэрээ болгохоор Монголд оргуулж ирсэн гэдэг. Гэвч Сонинхувар нь харь нутгийн хүн болохоор Монголын хилээр чөлөөтэй ороод ирж чадсангүй. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны отрядын Тэрэгтийн застав дээр ирж баригдаад хар гэрт хоригдчихож. Тиймээс Галсандаржаа сайхан хүүхэн Сонинхуварыг Эрдэнэцагаанаас оргуулж авахаар өдрийн бодол шөнийн зүүд болж. Тэгээд арга буюу нутагтаа ирээд Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат Гаанжууржавын “Босоо” Самдан аваргад “Би нэг хүүхэнд хайр сэтгэлтэй болчихлоо. Түүнийг оргуулж ирмээр байна. Чи л тус болж чадна. Надтай хамт Эрдэнэцагаан яваад ирээч” гэж үнэн учраа хэлсэн байна. Самдан аварга сайн эр Галсандаржаагаас тав дүү хүн байж. “Босоо” Самдан тэр үед ид мандаж байсан цаг. Энэ хүн 15 настайгаасаа Өвөр Монголын Сөнөдийн хошуу руу нутгийнхаа хүмүүсийг даган жин тээж, тэнд болсон наадамд анх удаа зодоглоод түрүүлж байсан гэдэг. Тэгээд эрийн цээнд хүрмэгцээ 1921 оны Арван засгийн наадамд барилдаж учраагаа хаясаар Луу гүний Вандан аваргад унаж үзүүрлэсэн байдаг. Дараа жил нь мөн л Вандан аваргад унаж үзүүрлэсэн байх жишээтэй. 1925 оны Ардын хувьсгалын дөрвөн жилийн ойн баяр наадамд “Босоо” Самдан Архангайн “Буур” Жамъянтай үзүүр түрүүнд барилдаж түрүүлээд “Хувьсгалт Монголын анхдугаар аварга" цол хүртэж байсан түүхтэй. Түүнийг аварга болоод байх яг энэ үед нь сайн эр Галсандаржаа түүнтэй уулзсан байгаа юм. Тэгээд мань хоёр Эрдэнэцагаан явахаар болж хоёр тэмээтэй урагшаа гараад шидчихэж. Сонинхувартай цуг хоёр хүүхэн хоригдож байсан гэдэг. Монголд Ардын хувьсгал ялан мандаж байсан болохоор өвөрлөгч нар наашаа дүрвэдэг байсан юм болов уу. Төдөлгүй “Босоо” Самдан, Галсандаржаа нар Эрдэнэцагааны застав дээр шөнөөр очсон байна. Тэгтэл Самдан аварга гурван хүүхний хоригдож байсан хар гэрийг араас нь шууд өргөөд, энэ хооронд Галсандаржаа гурван хүүхнийг гэрийн ханан доогуур шургуулж гаргаад нутагтаа авчирч байсан гэдэг. Өвөр Монголын Сонинхувар гэдэг цуутай сайхан хүүхэн ингэж Хэнтий нутгийн бэр болсон түүхтэй. Тэгээд энэ хоёр сайхан хүний дундаас хожмын алдарт уяач, Хөдөлмөрийн баатар Данзандаржаа төржээ. Хайртай хүүхнээ өөрийн болгосон сайн эр Галсандаржаа “Босоо” Самдан аваргад талархаад хоёр сайхан хос морь, алтан нуухтай хаш хөөрөг бэлэглэж байсан гэдэг. Эрээний Галсандаржаа Хэнтий нутгийн тухай номонд олон удаа бичигдсэн хүн. Тэр дөч нэлээд гарсан хойноо урдаас адуу хөөхөө болиод морь уядаг болж Хэнтий аймгийн наадамд морьдоо голдуу айрагдуулдаг байж. Тэгээд хожим хүү Данзандаржаа нь алдарт уяач болсон түүхтэй.

ЖАРУД НУТАГТ БОГТЛОГДОЖ ОЧСОН ЖҮЖИЛМАА

20-р зууны эхэн үед Франц улсад цэцэн ухаан, эрдэм чадлаараа нэрд гарсан Торгуудын гүнж Нүржидмаа “Монголын 18 дууны шүлэг” хэмээх өгүүлэл бичиж, тухайн цагтаа хөгшин Европын сонин хэвлэлд нийтлүүлж байсан нь бахархууштай. Энэхүү 18 дууны түүвэрт 19-р зууны сүүл үед Өвөр Монголд сайхан царай төрхөөрөө шагшигдаж явсан Жүжилмаа хэмээх бүсгүйн тухай өгүүлжээ. Энэ бүсгүй Өвөрлөгч болоод Торгууд түмний ардын дуунд мөнхөрсөн юм байна. Ардын дуунд домог болж мөнхрөөд үеийн үед шагшигдаж явна гэдэг бол гайхамшиг. Өвөрлөгч түмний тэрхүү домгийн цагаан сэвшээг Ар Монгол руу даллаад нэг үзье. Улиастай нутгаас Дүүрэнбилэг гэдэг хүн алс газарт аян жингийн албанд олон жилээр явжээ. Тэр нэгэн зээ хүүтэй бөгөөд нэр нь Жаал. Зээ хүү нь долоон жилийн дараа үеэл дүү Жүжилмаатайгаа хуримлахаар төрөлх нутагтаа буцаж ирсэн боловч гэрлэх гэсэн үеэл дүү бүсгүй нь Өвөр халхын Жаруд нутгийн Жамсран бэйсийн албадлагаар богтлогдож, ирээднй нөхөр болох засаг ноёнтой учрахаар нэгэнт замд гарсан байжээ. Үүнийг сонссон Жаал үеэл дүүгийнхээ араас явахаар шийдэж, амраг хонгортоо бэлэглэхээр бэлтгэсэн дөчин шарга морио тууж цаг мөчийг алдахгүйгээр морио ээлжл

  • Шинэ
  • Их уншсан