Оросын байгалийн хийн нийлүүлэлт буурсан тул Герман улс нүүрс ашиглаж эхлэхээр болжээ

Украины дайнтай холбоотой тавьсан эдийн засгийн хоригийн улмаас Европын Холбооны гишүүн орнууд Оросоос импортолдог байгалийн хийгээс татгалзах шаардлагатай болоод байгаа.

Сүүлийн саруудад ОХУ-аас Европ тивд нийлүүлдэг хийн хэмжээ эрс багассан байна. Тиймээс Герман улс эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрс ашиглаж эхлэхээр болжээ.

“Хийн хэрэглээгээ багасгахын тулд бид эрчим хүч үйлдвэрлэхдээ хий бага ашиглах шаардлагатай байна. Оронд нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа ашиглана” гэж Германы эдийн засгийн сайд Роберт Хабек өчигдөр ярьсан байна.

Оросын төрийн өмчит Газпром компани саяхан Умард Урсгал хоолойгоор Европ тивд нийлүүлдэг хийн хэмжээгээ бууруулсан юм. Үүнийгээ тус компани засвар үйлчилгээтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа.

Гэхдээ үүнийг Украинд зэвсэг нийлүүлж буй Өрнөдийн орнуудыг шийтгэх зорилготой үйлдэл байж болзошгүй гэсэн таамаг Европын албаныхны дунд яригдаж байна.

Канцлер Олаф Шольцын эрх баригч эвсэл 2030 онд нүүрсний хэрэглээг эрс бууруулах төлөвлөгөөтэй байсан юм.

“Хэдийгээр ийм шийдвэр гаргахад хэцүү байгаа ч хийн хэрэглээг бууруулах зайлшгүй шаардлагатай байна” гэж Хабек хэлжээ.

Герман улс ирэх өвлөөс өмнө байгалийн хийн нөөцөө багтаамжийнх нь 90 хувьд хүргэх зорилго тавиад ажиллаж байна. Ингэхдээ далайгаар шингэрүүлсэн хийг бусад эх үүсвэрүүдээс импортлох зэрэг арга хэмжээг авч байгаа.

Яг одоо хийн нөөцийн бүрдүүлэлт 56.7 хувьтай байгааг Хабек мэдээлсэн байна.

“Путин үнэ хөөрөгдөх замаар биднийг хагаралдуулах санаатай байгаа нь ойлгомжтой. Бид ийм байдалд хүргэхийг зөвшөөрөхгүй” гэж тэр бас хэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Герман, Итали улсуудад нийлүүлдэг хийн хэмжээгээ бууруулсны дараа Газпромын гүйцэтгэх захирал Алексей Миллер “Манай бүтээгдэхүүнд манай дүрэм үйлчилнэ. Бид бусдын зохиосон дүрмээр тоглохгүй” гэж Санкт-Петербургийн Олон Улсын Эдийн Засгийн Чуулганы хэлэлцүүлгийн үеэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Aljazeera

 

  • Шинэ
  • Их уншсан