Тавдугаар сард Хятад улсын ОХУ-аас импортолсон газрын тос, нүүрсний хэмжээ өсжээ

Тавдугаар сард Хятад улс ОХУ-аас авах эрчим хүчний импортоо өсгөсөн нь Украины дайнтай холбоотой Өрнөдийн эдийн засгийн хоригийн улмаас үнэ ханш огцом буурсантай холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна.

Өчигдөр нийтэд зарласан Хятадын гаалийн тоо баримтаас харвал ОХУ-аас авсан түүхий газрын тосны хэмжээ өнгөрсөн сард 8.42 сая тоннд хүрсэн нь түүхэн дээд хэмжээ болжээ.

Энэ нь дөрөвдүгээр сартай харьцуулахад 29 хувь, өнгөрсөн оны тавдугаар сартай харьцуулбал 55 хувь өссөн үзүүлэлт юм.

Мөнгөн дүнгээр нь авч үзвэл газрын тосны импорт $5.8 тэрбумд хүрсэн нь өмнөх оны тавдугаар сараас хоёр гаруй дахин өссөн дүн болсон байна.

Хэдийгээр Оросын газрын тосны импортын хэмжээ өнгөрсөн сард Саудын Арабынхаас 600,000 орчим тонноор давсан ч үнийн дүнгээр бага байгаа юм.

Саудын Араб өнгөрсөн онд Хятадын хамгийн том газрын тосны нийлүүлэгч болж байжээ.

Оросын газрын тосны импортод АНУ, Канад, Европын Холбоо хэсэгчлэн хориг тавьсан. Үүний улмаас одоо тус улсын газрын тос Хятад, Энэтхэг зэрэг Азийн орнууд руу зах зээлийн ханшаас хямд үнээр нийлүүлэгдэж байна.

Газрын тосноос гадна өнгөрсөн сард Хятад улс ОХУ-аас 4.7 сая тонн нүүрс импортолжээ. Энэ нь дөрөвдүгээр сартай харьцуулбал 24 хувь өссөн дүн юм. Гэхдээ өнгөрсөн оны мөн үеэс 5 хувиар доогуур байна.

Үүнд 1.7 сая тонн нь коксжих нүүрс, 1.8 сая тонн нь эрчим хүчний зориулалттай нүүрс багтжээ.

Хятад улс тавдугаар сард нийтдээ 20.55 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн 21.04 сая тоннд хараахан хүрээгүй байна. Энэ нь цар тахлын нөлөөтэй холбоотой бололтой.

Хятадын компаниуд, арилжаачид Оросын нүүрсийг ихээр авч байгаа нь мөн л зах зээлийн ханшаас доогуур үнэтэй холбоотой юм.

Европын Холбооны хориг үйлчилж эхэлсний дараа буюу наймдугаар сараас хойш Хятад, Энэтхэг улсууд руу нийлүүлэгдэх Оросын нүүрсний хэмжээ улам өснө гэж шинжээчид үзэж байна.

Тавдугаар сард Хятадын ОХУ-аас импортолсон нийт бараа бүтээгдэхүүний хэмжээ $10.3 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 79.6 хувиар өсжээ.

Үүний 80 хувь нь түүхий эд байгаагаас 70 гаруй хувь нь түүхий газрын тос байсан байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

  • Шинэ
  • Их уншсан