МАН ХҮН болон жижиг намуудад юу амласан бэ

Л.Оюун-Эрдэнэ 2019 онд “Үндсэн хуульд одоо л нэмэлт өөрчлөлт хийхгүй бол дахиад 50 жил гар хүрч чадахгүй” гэж хэвлэлийнхэнд мэдэгдэж байв. Энэ бол түүний хувьд, МАН-ын дарга, Ерөнхий сайд болоогүй байхдаа хэлсэн үг. Харин одоо тэрбээр 2019 онд нэмэлт өөрчлөлт хийсэн Үндсэн хуулиар үнэмлэхүй эрх мэдэлтэй Ерөнхий сайдаар ажиллаж байгаа ч Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт хийхийг дэмжиж, сонгуулийн тогтолцооны гуравны нэгийг пропорциональ болгох байр суурьтай байгаа. Тусгаар тогтнолын ордноос команд өгсөн учраас УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар суртал ухуулга хийж эхэллээ. Эрх баригчид хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг түр завсарлуулан барин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ийнхүү яарч буйн учир юу бол. Ямартай ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай зар тараасан нь ХҮН болон парламентад суудалгүй намуудыг эрх баригчдад тал засахад хүргэв. БНН-ын дарга Б.Жаргалсайхан МАН-ын генсек Д.Амарбаясгаланд “Та УИХ-ын дарга болчихооч” гэж камерын өмнө зусардав. Түүний хэлснээр, сонгуулиар үсрээд л арван хүний санал авдаг, бусад үед улс төрийн ямар ч идэвхгүй жижиг намууд МАН-ын команд дор цугларцгааж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжицгээв. Угтаа тэд “Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрээр хуйвалдааны онолыг хэрэгжүүлэх гэж байна. Нэг нам дангаар ноёрхож байгаа энэ үед Үндсэн хуульд дахиж нэмэлт өөрчлөлт хийлгэж болохгүй” гэж Төрийн ордны гадна жагсаж байх учиртай. Гэтэл ХҮН ба жижиг намууд МАН гэдэг нэг генералтай, нэгдсэн удирдамжтай цэргүүд нь болж хувирлаа. Харин эрх баригчид тэднээр ийнхүү дэмжүүлэхийн тулд чухам юу амласан бол...

“УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ ээ” гэнгүүт хошгирдог нь ХҮН болон жижиг намууд биш. “Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй” гэдэг шиг эрх баригчдын арга залийг тэд сайн мэднэ. Харин “МАН ХҮН болон жижиг намуудад бэлэн мөнгө амласан” гэдэг нь хэр ортой вэ. АН хагаралтай энэ үед парламентад ганц сөрөг дуу хоолой байх учиртай ХҮН-ын дарга Т.Доржханд МАН-ынхантай хоолой нийлүүлэн суртал ухуулгыг нь идэвхтэй хийж буйн цаана ямар тохиролцоо байна вэ. Сайдын суудал уу, мөнгө үү!? Үйл явдлын өрнөлөөс тэд ямар тохиролцоо хийснийг анзаарч болох юм. МАН ХҮН болон жижиг намуудыг хуурвал нөгөөдүүл нь эрх баригчид юу амласныг цагаан хоолойгоор зарлачих байлгүй. Харин 2016 оноос хойш үнэмлэхүй олонхи болохдоо ард түмнээс нэмэх оноо цуглуулж чадаагүй эрх баригчид Үндсэн хууль болон сонгуулийн тогтолцоог өөрчлөх нэрийдлээр 2024 онд дахин ялах хороо найруулж байгаа нь үнэн. “Тогтолцоогоо өөрчилье” гэх улс төрийн акци нь МАН болон тэдэнтэй эрх ашиг нэгдсэн ХҮН тэргүүтэй жижиг намуудад л ашигтай болов уу. Гэвч “Хууль тогтоох дээд байгууллага бол гудамжны алиалагчдын цуглардаг газар биш. УИХ-ын гишүүдийн тоог нэмбэл тийм нөхөд олширно” хэмээн намынхаа бодлогыг эсэргүүцэгчид МАН-д цөөнгүй бий. ХҮН-ынхан харин хэний зардлаар сонин хэвлүүлж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар сурталчилж байна вэ.  

Д.Энх

  • Шинэ
  • Их уншсан