Ямар ч хэмжээний гэрэлтэй орчинд унтах нь таргалалт, чихрийн шижин зэрэг эрүүл мэндийн асуудал үүсгэдгийг тогтоожээ

Ямар ч бүдэг гэрэл насанд хүрсэн хүний нойрсолтын чанарыг муутгаж, эрүүл мэндийн олон асуудал үүсгэдгийг хэсэг судлаачид тогтоожээ.

“Ямар ч хэмжээний гэрэлтэй орчинд унтахад таргалалт, чихрийн шижин, цусны өндөр даралт зэрэг эрүүл мэндийн асуудлууд ахимаг насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст үүсдэгийг баталлаа” гэж АНУ-ын Чикаго хотын Фейнбэргийн Эрүүл Мэндийн Их сургуулийн эрдэмтэн Филлис Зи ярьж байна.

“Хүмүүс аль болох гэрэлгүй, харанхуй орчинд унтаж заншвал сайн” гэж тэр зөвлөжээ.

Тухайлбал зурагтын дууг хаагаад асаалттай унтахад 20 орчим насны залуусын хувьд хүртэл цусан дахь саахрын хэмжээ, зүрхний цохилтын хурд нэмэгддэгийг түүний ахалсан баг судалж тогтоосон байна.

Нүдээ бүрэн аниад унтсан ч бүдэгхэн гэрэл хүртэл нойрсолтын чанарыг муутгаж байсан гэнэ.

Зигийн баг судалгаагаа эрүүл мэндийн хувьд илүү эрсдэлтэй ахмад насны хүмүүст төвлөрүүлжээ.

Тэд 63-84 насны 552 эрэгтэй, эмэгтэй хүнд тусгай төхөөрөмж зүүлгээд нойрсолтын чанар, гэрэлтэлтийн хэмжээ хоёрын харилцан холбоог тодорхойлох туршилт явуулсан юм байна.

Ингэхэд ахмад настнуудын хувьд эрсдэл бүр илүү өндөр байгааг тогтоожээ.

Тиймээс шөнө унтахдаа гэрэлтүүлгийг аль болох багасгах, тухайлбал ороо цонхноос хол байрлуулах, эсвэл цонхны гэрлийг хөшгөөр бүрэн хаах, гар утас, зөөврийн компьютерыг унтлагын өрөөндөө цэнэглэхгүй байх, нүдэндээ хаалт зүүж унтах зэрэг аргуудыг зөвлөсөн байна.

Ахмад настнуудын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар шөнө сэрээд жорлон явах шаардлага гардаг. Энэ тохиолдолд хүртэл болж өгвөл гэрэл асаахгүй байхыг зөвлөжээ.

Харанхуйд орноосоо босож явах нь бэртэж гэмтэх эрсдэлтэй тул жорлон хүртэл явах зам дагуугаа улбар болон улаан өнгийн бүдэг гэрэлтүүлэг байрлуулбал үр дүнтэйг Зи зөвлөсөн байна.

Энэхүү судалгааны тайлан өчигдөр “Sleep” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: CNN

 

  • Шинэ
  • Их уншсан