Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ Баянхонгорт дахин нэр дэвшихээр ПР-аа хийж эхлэв үү

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өмнөх сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшээд ялагдсан. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн өчигдөр (2022.06.22) аймгийн иргэдтэй уулзах үеэр тэрбээр “Битаан” гэгддэг Д.Ганбат гишүүнд сонгуулиар саналаа булаалгасан ч дараа нь учир зүйгээ ололцсоноо халь дурдсан юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэгэн цагт дэмжиж байсан тэрбээр Хөххот дахь консулын албанаас чөлөөлөгдөж, албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө төгрөг шамшигдуулсан хэргээр АТГ-т шалгагдаж байхдаа экс Ерөнхийлөгчийг “Мянганы тонуулч”-аар цоллож лайв хийн орилдог ажилтай болсон. Харин Баянхонгор нутгийнхаа асуудалд төдий л оролцдоггүй байсан ч сүүлийн үед уул уурхайн сэдвээр улстөржиж, зарим нөхдийг “Байгалийн алуурчин” хэмээн нэрлэж яваа Д.Мөнх-Эрдэнэ энэ удаад Улаанбаатараас улс төрийн зорилготойгоор төрөлх нутагтаа очсон бололтой. Ингэж хардах шалтгаан байна. Учир нь УИХ-ын дарга Г.Занданшатар оролцох уулзалтад Баянцагаан, Галуут, Шинэжинст, Баян-Өндөр зэрэг сумаас иргэдийг хэд хэдэн автомашинаар зөөж, лайв-улс төрийнхөө арын фронтыг бэлтгэжээ. Гэвч тэрбээр хүмүүсийг машин, машинаар ийнхүү зөөх санхүүжилтийг чухам хэнээс авсан бол... Хожимдсон гэмшил гэдэг шиг өмнө нь огт хөнддөггүй байсан сэдвээрээ ийнхүү улстөржиж, “Хариуцлагагүй уул уурхайтэй тэмцэнэ” хэмээн шударга дүр эсгэн шоудах Д.Мөнх-Эрдэнэ Хонгор нутгийнхны урдуур орон үг хэлэхдээ “Д.Ганбат гишүүн бидон тараасан нь маш хэрэгтэй ажил байсан. Сонгогдоод хоёрхон жил болсон А.Адъяасүрэн гишүүн ч яах вэ” хэмээгээд УИХ-ын дарга Г.Занданшатар руу давшилсан нь “Одноос зуурч од болох” буюу олонд танигдах ПР биш үү. Чингэхдээ шийдэл ярихын оронд фэйсбүүкт шэйр хийхийг уриалж, МАН-ыг харааж, “Г.Занданшатар аа” хэмээн орилохоос хэтэрсэнгүй. Түүний энэ шоудалтыг хэрсүү ажиглагчид хэдийнэ олж хараад “Хэдхэн хүн амтай газарт ганц хүнийг л олж уулзаж чадахгүй байв гэж. “Г.Занданшатарыг эрэн сурвалжилж байна” гэж худлаа шоудаж байна” гэсэн сэтгэгдлүүдийг сошиалд бичицгээж байна. Фэйсбүүк хуудсаа 500 мянган дагагчтай болговол байр өгөхөө амлаж буй Д.Мөнх-Эрдэнэ Баянхонгорт очиж, УИХ-ын гишүүд иргэдтэй хийсэн уулзалтыг үймүүлэх зуур спикер Г.Занданшатар түүний дарга буюу УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбаттай аймаг болон ард иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар нүүр тулан ярилцаж, иргэдээ зэрэгцэж суунгаа сонсож, жинхэнэ ардчиллын зарчимд суурилсан халуухан уулзалтыг хийлээ гэдгийг баянхонгорчууд ярьцгааж байна. Харин хэн нэгний захиалгатайгаар бусдыг өдөөн турхирч, бүдүүлэг аашилж, хурал үймүүлсэн Д.Мөнх-Эрдэнийг нутгийн иргэд танхимаас хөөн гаргажээ.       

Д.Энх

 

 

 

  • Шинэ
  • Их уншсан