МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр хэнийг сонгохыг МАН шийддэг

МСНЭ-ийн ээлжит их хурал ирэх сарын 06-нд болох тухай зар цахим ертөнцөд түгжээ. Одоогоос есөн жилийн өмнө буюу 2013 оны гуравдугаар сарын 06-нд үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэсэн. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараахь үеэс эхлээд өдгөөг хүртэлх түүхэн ээдрээт цаг үеийг тэмдэглэн үлдээсэн энэ салбар алдаатай ч, оноотой ч... Цаасан хэвлэлээс цахим хэвлэлийг илүүд үзэж, нэг намын үзэл суртлаас илүү нейтрал мэдээлэлд илүү ач холбогдол өгдөг болсон хэрсүү уншигчдын эрэлт, хэрэгцээг Монголын сэтгүүл зүйн яг одоогийн буй байдал хангаж чадаж байна уу гэдэг ч бас асуудал. Харин “МСНЭ-ийн Ерөнхийлөгч хэн болох вэ” гэдэг уралдаан нэгэнт эхэлсэн нь цахим орчин дахь мэдээллүүдээс тодорхой харагдана. МСНЭ-ийн XVII их хурал 2018 онд болоход өдөр тутмын сониныхон ба шар хэвлэлийнхэн гэдэг “ангийн ялгаа” бий болж, хэсэг сэтгүүлчид хурлыг орхин гарсантай адил үйл явдал энэ удаад давтагдах уу гэдэг ч анхаарал татна. Учир нь тэр үед шар хэвлэлээс сайтын зах зээлд багаараа хөл тавьсан Х.Мандахбаяр нутгийнхны ярьсанчлан Өмнөговь аймгийн МАН-ын хорооноос хөөгдөж ирээд МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байв. Монголын сайтын холбоог 2012 онд авах гэж улайрч байсны учир ч тэгэхэд тайлагдсан. Тодруулбал, тэрбээр шар хэвлэлийн орон зай хумигдмагц сайтын зах зээлийг онилж, Монголын сайтын холбоог гартаа аван арав гаруй дэд ерөнхийлөгчтэй нүсэр бүтэцтэй болгож байлаа. Бага хуралтай, баахан дэд ерөнхийлөгчтэй... Яг л МАН доторхи бүтэц шиг болгож орхисон. Ингээд МСНЭ-ийн Ерөнхийлөгч болох жүжигтээ МАН-ын зарим удирдлагаас дэмжлэг авч, тэднээр редакциуд руу утас цохиулж, Монголын сайтын холбоог бүрэлдэхүүнээр нь багцалж, хөдөө орон нутгийнхныг идүүлж, уулгаж, ко-ка авч болох бүх л “хор”-ыг далдуур найруулсны эцэст Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгч болж байлаа. Гэсэн ч “Сэтгүүлчдийн ордон барина” гэж хэвлэлийнхнийг хуурч, УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвших болонгуутаа Монголын сэтгүүлчдийг хэд талцуулан байж заларсан албанаасаа чөлөөлөгдөх нэртэй жүжгийг бас л дэглэсэн. Х.Мандахбаяр МСНЭ-ээс явсан нэртэй ч түүний ойр тойрныхон буйрыг нь сахиж үлдсэн. Энэ жүжиг биш гэж үү! Өөрөөр хэлбэл, эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөнд халдмагц сэтгүүлчдийг өмгөөлж буй мэт дүр эсгэдэг ажилтай хүмүүс МСНЭ-ийг түр удирдаж байгаа гэхэд хатуудахгүй биз. Үнэндээ МСНЭ гэж эрх баригчдад дөрлүүлсэн үлбэгэр, үхээнц байгууллага төдий л юм.

“Богд хаан” амралтын газарт саяхан цагдаа нар өмчөө хамгаалсан иргэн, ажлаа хийж явсан сэтгүүлч бүсгүйд балмадаар халдсан. Сэтгүүлч Г.Гэрэлмаа энэ үйл явдлын хохирогчийн хувьд “Цагдаа нар намайг хүнгүй газарт авч очоод биед маань арав гаруй удаа халдсан. Миний амыг гараараа тагласан. “Чи чаддаг юм бол хашгир, уйл. Хэн ч чамайг сонсохгүй. Шоронд хийчихмээр сэтгүүлчид ямар олон байна вэ” гэж басамжлаад хоорондоо инээлдэж байсан” гэж хэвлэлийнхэнд ярьсан нь олон нийтийг ихээхэн цочирдуулсан. Үүнийг эсэргүүцсэн сэтгүүлчид Сүхбаатарын талбайд цугларах зар түгээхэд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, сэтгүүлчдийнхээ эрх ашгийн төлөө дуугарах ёстой МСНЭ энэхүү арга хэмжээнд оролцохгүйгээ мэдэгдсэн нь хачирхалтай. Харин нэг талаас “Х.Нямбаатар огцор” гэнгүүт нөгөө талд зогсож байсан сэтгүүлчид “Үгүй ээ, хэрэггүй ээ. Ойлголцъё, хамтран ажиллая” гэж хэлж байгаа бичлэг сошиалд яг одоо түгээд байна. Энэ бичлэгээс харахад, Монголын сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөнөөсөө илүү эрх баригчид, сайд, дарга нарт илүү хайртай болсон аж! Ийм эмгэнэлт драмд оролцож “Манай сайдыг огцруулж болохгүй” гэж зусардах даалгаврыг тэдгээр сэтгүүлчид хэн өгсөн юм бол...

Сошиал хөгжсөн биш эрх баригчдын зараалаар өрсөлдөгчдийг нь камерын өмнө шившиглэдэг, араас нь элдэж хөөдөг “Танихгүй партизанууд” олон болчихоод байгаа. Эндээс харвал, сэтгүүл зүй, сошиал зүйчдийг ч ангилан ялгах цаг болжээ гэмээр. Намчдын зараалаар аль муу муухай мэдээг сэвдэг, тэднээс чиглэл авдаг, тэр ч атугай бэлтгэж өгсөн асуултуудыг нь асуудаг лаивчид нэртэй сошиал зүйчдийн балгаар 109 настай Монголын сэтгүүл зүйн нэр хүнд унаж байна. Үзэгчид хийгээд уншигчид тэднийг “Сэтгүүлчид” гэж эндүүрээд байна. Монголын сэтгүүл зүйн эрхэмсэг агаад бардам, эрх чөлөөт оршихуй ийнхүү өдрөөс өдөрт үнэ цэнээ алдаж байгаа нь гунигтай. Харин одоо сэтгүүлчид ээ, хашир бөгөөд хэрсүү байцгаая. МСНЭ тийш анхаарлаа хандуулцгаая. Монголын сэтгүүл зүйн толгой байгууллагын хувьд сэтгүүлчид, редакциудын хараат бус байдал, хуульд нийцсэн үйл ажиллагааг хамгаалах учиртай энэ байгууллагын Ерөнхийлөгчөөр МАН хэнийг сонгуулах гэж хуйвалдааны онол боловсруулахыг харцгаая. Тусгаар тогтнолын ордноос хаашаа утас цохиж “Тэр хүнийг дэмжинэ шүү” гэж даалгавар өгөх бол!? Ямартай ч МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албанаас хоёр удаа хөөгдсөн Л.Нинжжамц, сэтгүүлч Ө.Отгонбаатар, М.Батхишиг, УИХ-ын гишүүн асан Ж.Батсуурийн дүү МУБИС-ийн багш, доктор Ж.Батбаатар нар МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвших тухай дуулдаж байна. Зарим нь ч энэ тухайгаа цахим хуудсаар дамжуулан албан ёсоор мэдэгдэцгээж. Харамсалтай нь МСНЭ-ийг хэн удирдахыг Монголын сэтгүүлчид биш, МАН шийддэг болсоор удаж байна. МАН-ын дарга нарыг хэн “Аядуу зөөлөн” гэж магтана, тэр дарга болдог болсон цаг шүү дээ. Энд нэг зүйлийг онцлоход, МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан зарим хүнийг сэтгүүлчид “МСНЭ-ийн Ерөнхийлөгч байхдаа сэтгүүлчдийг БНХАУ-д сургаж, аялуулж байсан” гэж андуурцгаадаг. Үгүй л дээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд айлчлах үеэрээ 250 сэтгүүлчийг эх оронтойгоо танилцуулах болсноо мэдэгдэж, сэтгүүлчид өмнөд хөршид зочилж байсан. Тиймээс Ши Жиньпиний амлалтыг МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хийсэн ажил мэтээр эндүүрэх хэрэггүй. Харин МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн албан тушаалаар намтраа гоёж, УИХ-ын сонгуульд нэр дэвших гишгүүр болгох гэж буй зальжин нөхдийг л сайн анзаар. Х.Мандахбаярын хэрэглэсэн башир аргыг энэ удаад хэн хэрэглэж, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн суудалд хэсэгхэн зуур залраад УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж зүтгэх бол. УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших гээд бүтэлгүйтсэн, МАН сонгуульд үнэмлэхүй олонхи болж Засгийн газрыг байгуулах үеэр “Би Төрийн нарийн бичгийн дарга болмоор байна” гэж бичиг цаасан барин гүйж байсан тэр эмэгтэй юү, аль эсвэл!?

С.Тулга          

 

 

  • Шинэ
  • Их уншсан