Б.Энхбаяр: Ч.Хүрэлбаатар “Хотоос сонгогдсон гишүүд хоёр сая ам.долларын авлига авсан” гэдэг гүтгэлгийг тараасан

        УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр (2022.06.26) уурандаа нэгэн ноцтой мэдээллийг жиргэв. Увс аймгаас жиргэдэг иргэн С.Анхбаяр түүн рүү “Гишүүн ээ, та сүржигнэлгүй хариулчихаач. LRT төслийг улсын нууцад оруулах шалтгаан нь юу юм. Хоёр сая ам.долларын сургаар та бас хоёр нүдээ аньчихаж байгаа юм уу. Сонгуульд мөнгө хэрэгтэй ч эх орноо эрсдэлд оруулан барин босгох юм уу” гэж асуухад Б.Энхбаяр гишүүн “Ч.Хүрэлбаатарын авлигын шавхрууг долоогч, боол. Ч.Хүрэлбаатар хотоос УИХ-д сонгогдсон гишүүдийг “Хоёр сая ам.долларын авлига авч, LRT-г дэмжиж байгаа” гэдэг гүтгэлгийг тараасан байна лээ. Яг өөр шигээ бүгдийг авлигаар шийддэг гэж боддог болчихсон. Үйлийн үр ойрхон болсон шүү, энэ цагт” гэх хатуухан хариуг өглөө. Иргэн С.Анхбаяр ч мөчөөгөө өгсөнгүй “Дэд сайд болохдоо ашиг сонирхлын зөрчилтэй гээд АТГ-ын бичгээ аргалуулан барина томилогдож байсан бэртэгчин өнөөдөр шударга үнэнийн хэмжүүр болчихоод хулгайг нь асуусан бүхэн рүү хуруугаараа чичилж суух тавилан юм даа” гэхэд Б.Энхбаяр “Юу ч яриад байгаа юм. Ч.Хүрэлбаатар бол төсвийн хулгайч. Төсөв хуваарилах эрх мэдлээр дамжуулж бүгдийг өмнөө сөгдүүлж, гуйлгаад сурчихсан. Сайдаасаа буухаараа хүн биш болчихсон мэт байж сууж чаддаггүй, эрх мэдлийн донд автсан. Чам шиг боолуудтай би юм ярихгүй. Эзэнтэй чинь хууль ярина” гэж айлгав. Иргэн С.Анхбаярын асуусан нь ч, гишүүн Б.Энхбаярын хариултдаа дурдсан хоёр сая ам.долларын авлигын асуудал ч ноцтой! УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй учраас тэнд авлигач, хулгайч, ер нь элдвээрээ дуудалцдаг. Харин Б.Энхбаяр гишүүн олон нийтийн сүлжээнд “Ч.Хүрэлбаатар хотоос УИХ-д сонгогдсон гишүүдийг “Хоёр сая ам.долларын авлига авч, LRT-г дэмжиж байгаа” гэдэг гүтгэлгийг тараасан байна лээ” гэсэн нь уурандаа хэлдэг үг мөн гэж үү. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт Улаанбаатараас УИХ-д сонгогдсон гишүүд хэн нэгнээс хоёр сая ам.долларын авлига авсан баримт нь байгаа бол олон нийтэд ил болгох хэрэгтэй. Эрхэм гишүүд ийнхүү мөнгөн дүн нь тодорхой ноцтой мэдээллээр “Хэрүүлийн алим” шидэлцэж байгаад АТГ болон хууль хяналтын бусад байгууллага анхаарал хандуулж, шалгах ёстой. Хэрэв Ч.Хүрэлбаатар гишүүний хэлсэн нь үнэн байвал яана. LRT төслийг хэн зүтгүүлж, Засгийн газраар баталгаа гаргуулах гэж улайрч байгаа билээ! Тэр зүгээс УБ-аас сонгогдсон гишүүдийг хоёр сая ам.доллараар арай хахуульдчихаагүй биз. Нийслэлээс сонгогдсон гишүүн тус бүр ийм хэмжээний авлига авсан бол айхтар том тоо гарна. Ч.Хүрэлбаатарын хувьд, жирийн иргэн биш. УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан хүн. Тиймээс өндөр түвшний мэдээлэлтэй л байх учиртай.  


Ж.Энх

             

 

  • Шинэ
  • Их уншсан