Хүний амь насыг хохироосоор буй барилгын салбарт 576 стандарт үйлчилдэг

Монгол Улсын хувьд хүний амь үнэгүйдсэн хар өдрүүд үргэлжилсээр байна. Энэ сарын 17-нд дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н ходоод нь задарсан гэсэн оноштойгоор нас барсан. Талийгаач өнгөрсөн тавдугаар сард цэрэгт татагджээ. Бидний цөөхөн монголчууд ийнхүү нэгэн цэл залуухан хүүгээ алдаад хэдхэн хоносны дараа энэ сарын 22-нд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд баригдаж буй барилгын кран унаж 36 настай эрэгтэй Х, 20 настай эрэгтэй Б нар харамсалтайгаар амиа алдлаа. Үүний маргааш нь буюу энэ сарын 23-нд Хан-Уул дүүргийн 17-р хороонд барьж байсан барилгын өргүүр унаж, 37 настай эрэгтэй Б нас барав. Түүнээс хойш гуравхан хоногийн дараа Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд барилга барьж байсан 24 настай Д, 18 настай Э нар блокод даруулж амиа алдлаа. Ийнхүү хайран сайхан залуучууд цаг бусаар амиа алдсан харамсалтай хар өдрүүд үргэлжилсээр байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмээ баримталдаг, нэгнээ хайрладаг байсан бол хэдхэн хоногийн дотор ийм их харамсал төрүүлэх байсан болов уу. Бас нэг харамсмаар зүйл нь залуучууд цэрэгт очоод эсвэл барилга дээр ажиллаж байхдаа амиа алдахыг олон нийт болдог л зүйл мэтээр хүлээж авдаг боллоо. Уг нь ийм зүйлд дөжирч болохгүй, харин ч дахин давтагдахаас сэргийлж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг нийгэм даяараа шаарддаг байх учиртай. Бид дэндүү цөөхүүлээ. Нэг хүний амь гэдэг нөхөж баршгүй хамгийн том гарз.

Барилгын салбарт ажиллаж буй залуучууд амиа алдах явдлыг болдог л үйл явдал мэтээр хүлээж авдаг боллоо. Уг нь энэ салбарт 576 стандарт мөрдөгддөг юм байна. Энэ талаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн хэлэхдээ "Монгол Улсад өнөөдрийн байдлаар барилга, барилгын материалтай холбоотой 576 стандарт байна. Үүнээс дотоод орчны агаар, түүний шинжилгээтэй холбоотой 69, гадаад орчинтой холбоотой 32 стандарт бий. Барилгын материалтай холбоотой 32 стандарт байна. Үүний 19 нь олон улсын түвшинд хүрсэн стандарт" гэлээ. 

 

  • Шинэ
  • Их уншсан