"Ebarimt апп-ын (+) товч дээр удаан дарж НӨАТ-ын сугалааны дугаарыг гараар шивэх болон баримтын зургийг оруулах боломжтой"

Цахим төлбөрийн баримтын систем болох ebarimt аппликэйшн шинэчлэгдэж зарим цэс нэмэгджээ. 

Ямар цэс хэрхэн нэмэгдсэн талаар Татварын ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Б.Өнөрөөс тодрууллаа. 

- Аппликэйшнд ямар хөгжүүлэлт хийгдсэн бэ? 

- Хэрэглэгчдийн хамгийн өргөнөөр ашигладаг ebarimt аппликэйшнд хөгжүүлэлт хийгдсэн. 

Сугалааны дугаар уншуулдаг цэс дэлгэцийн баруун доод буланд буй (+) товчоор ордог болсон. (+) товч дээр нэг удаа дарахаар камер нээгдэнэ. Харин удаан дарахаар бусад хувилбар буюу сугалааны дугаарыг гараар шивэх болон утасны галерейд байгаа баримтын зургийг оруулах боломжтой болсон. 

Мөн "Хялбар бүртгэл" цэсийг нэмж өгсөн. Аппликэйшнээр дамжуулан өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаараа холбосноор тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой орон нутгийн чанартай авто зам ашигласны төлбөрөө төлж, цахим төлбөрийн баримтаа бүртгүүлэх боломжтой. Тухайлбал, Улаанбаатар хот болон болон орон нутаг руу нэвтрэхэд төлбөр авах цэгээр бэлэн мөнгө, банкны картаар үйлчлүүлэн, хүлээж зогсохгүй шууд өнгөрөх боломжтой. Мөн харилцаа холбооны төлбөр, орон сууц ашигласны төлбөр болон таксигаар (UB cab) үйлчлүүлсэн болон үйлчилгээ үзүүлэгч байгууллагын гишүүнчлэлийн карттай бол төлбөрийн баримт цаасгүй, автоматаар хялбархан бүртгүүлэх боломжтой.

Цаашид аппликэйшн дээр хөгжүүлэлт хийгдсээр байх болно.

Аппликэйшнд нэвтрэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгүүлэхдээ дараах зааврыг ашиглаарай.

зураг
 

- Одоогийн байдлаар тус аппликэйшнийг хэдэн хүн татаж авсан байгаа вэ? 

- Одоогийн байдлаар 1.1 сая гаруй хэрэглэгчтэй, монголын хамгийн олон таталттай аппликэйшн байгаа.


  • Шинэ
  • Их уншсан