Туркийн үйлдвэрлэгч Украинчуудын цуглуулсан мөнгөнөөс татгалзаад гурван дроныг үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

Украины телевизийн хөтлөгч Сергей Притула зэвсэгт хүчиндээ Туркийн Bayraktar TB2 дроныг худалдан авч өгөх зорилгоор хандив цуглуулсан нь $20 сая хүрсэн байна.

Тэрбээр гурван өдрийн дотор дөрвөн дрон худалдаж авах хэмжээний мөнгө цуглуулж чадсанаа өнгөрсөн Баасан гарагт зарлаж байжээ.

Туркийн Baykar компанийн бүтээгдэхүүн болох Bayraktar TB2 дрон хямд үнэтэй ч тулаанд маш үр дүнтэй гэдгээрээ алдаршаад байгаа. Украинчууд бүр уг дронд зориулсан дуу хүртэл зохиож байв.

Тэгвэл Baykar компани энэ долоо хоногт гаргасан мэдэгдэлдээ украинчуудын цуглуулсан хандивын мөнгийг авахаас татгалзаад оронд нь гурван ширхэг шинэ дрон үнэ төлбөргүй өгөх болсноо мэдэгджээ.

“Baykar компани TB2 дронуудын төлбөрийг хүлээж авахаас татгалзаад оронд нь гурван ширхэг дроныг Украины дайны фронтод үнэ төлбөргүй илгээхээр боллоо. Хандивын мөнгийг Украины зовж шаналсан ард түмэнд зарцуулахыг бид хүсэж байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Бас Украины ард түмний эв нэгдэл, шийдэмгий зан чанарт сэтгэл хөдөлж, амар тайван амьдрал хүсэн залбирч байгаагаа илэрхийлжээ.

Baykar компанийн үүсгэн байгуулагчдын нэг Сэлчук Байрактар нь Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы хүргэн гэсэн мэдээлэл бий.

Оросын эрх баригчид Украинд дрон нийлүүлж буй Baykar компанийг өмнө нь шүүмжилж байсан юм. Туркийн албаныхан үүнийг төрийн оролцоогүй, хувийн компанийн бизнес тул нөлөөлөх аргагүй гэж хариу тайлбарлаж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider

  • Шинэ
  • Их уншсан