Украинд дайн эхэлснээс хойш анхны үр тариа ачсан хөлөг Одессын боомтоос хөдөллөө

Оросын цэрэг Украины газар нутагт халдан довтолсноос хойш анх удаа өчигдөр үр тариа ачсан хөлөг онгоц Одесса хотын боомтоос хөдөлжээ.

Орос, Украин улсууд дэлхийн үр тарианы томоохон экспортлогчид юм. Тус хоёр улсын хооронд өрнөсөн дайны улмаас Хар тэнгисийн экспортын зам хаагдаж, дэлхийн зах зээлд хүнсний хомстол бий болоод байв.

Өнгөрсөн сарын сүүлээр НҮБ болон Турк улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Орос, Украин улсууд үр тарианы экспортоо сэргээхээр тохиролцсон юм.

“Разони ачааны хөлөг Одессын боомтоос Ливан улсын Триполи боомтын чиглэлд гарлаа. Хөлөг наймдугаар сарын 2-ны өдөр Истанбулд ирэх ба энд үзлэгт орсны дараа аяллаа цааш үргэлжлүүлэх юм” гэж Туркийн батлан хамгаалах яам өчигдөр мэдээлжээ.

Разони хөлөг 26,000 тонн эрдэнэ шиш тээвэрлэж явааг үр тарианы экспортыг хянахаар байгуулагдсан Истанбул дахь Зохицуулалтын Хамтарсан Төв мэдээлсэн байна.

Одоо Хар тэнгисийн боомтуудад нийт 600,000 тонн орчим ачаатай 17 хөлөг зогсож байгаагийн 16 нь Украины 580,000 тонн үр тариаг ачсан хөлөг болохыг Украины албаныхан мэдээлжээ.

Анхны хөлөг замдаа гарсан мэдээг талархан хүлээж авч байгаагаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш илэрхийлсэн байна.

Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба “Оросын армийн бүслэлтэд олон сар саатсаны эцэст үр тариа ачсан Украины анхны хөлөг Одесса хотоос гарлаа. Энэ өдөр дэлхий нийтэд, ялангуяа Ойрх Дорнод, Ази, Африкийн анд нөхдөд маань сайхан мэдээ дуулгасан өдөр болж байна. Украин улс үргэлж найдвартай түнш байсаар ирсэн бөгөөд Орос улс гэрээгээ хүндэтгэсэн тохиолдолд амлалтаа биелүүлсээр байх болно” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Хар тэнгист үр тарианы экспортын зам нээгдэж байх энэ үед Украин, Оросын дайн үргэлжилсээр байна. Ням гарагт Херсон мужтай хил залгаа Миколайв хот руу Оросын арми 12 удаа пуужингаар харважээ.

Пуужингийн цохилтод иргэдийн орон сууцнууд, сургуулиуд өртсөний улмаас хоёр хүн алагдаж, гурван хүн шархадсан байна. Энэ үеэр Украины хөдөө аж ахуйн томоохон компани Нибулоны үүсгэн байгуулагч Олексий Вадатурский гэргийн хамт алагджээ.

Нибулон бол улаан буудай, арвай, эрдэнэ шиш тариалж, экспортолдог компани бөгөөд өөрийн ачаа тээврийн хөлөг онгоцнуудтай юм.

Вадатурский алагдсан явдлыг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский улс үндэстнийхээ том хохирол гэж мэдэгджээ.

Украины дайн зургаа дахь сардаа ороод байна. Сүүлийн өдрүүдэд Өрнөдийн HIMARS зэрэг орчин үеийн зэвсгээр Украины арми эзлэгдсэн өмнөд бүс нутаг дах Оросын цэргийн байгууламжуудад цохилт өгсөөр байгаа.

Үүний улмаас Оросын тал Украины дорнод хязгаарын Донбассын фронтоос зарим хүчээ өмнөд бүсийн Херсон муж руу шилжүүлж эхэлсэн гэх мэдээлэл ирж байна.

“Оросын армийн командлал Донецк дахь довтолгоогоо үргэлжлүүлэх үү, эсвэл өмнөд фронт дээр хамгаалалтаа зузаатгах уу гэсэн ацан шалаанд ороод байна. Энэ хоёр ажиллагааг урт хугацаанд нэгэн зэрэг явуулах нь тэдний хувьд  хэцүү байх болно” гэж Украины цэргийн шинжээч Олег Жданов одоогийн нөхцөл байдлыг дүгнэжээ.

 

Эх сурвалж: AFP, Reuters

 

  • Шинэ
  • Их уншсан