Ж.Энхбаяр: МАН бусадтай эвсэж гутамшиг болох нам биш


    МАН-ын Бага хурлын ээлжит хуралдаан өнөөдөр үргэлжилж, ирэх сонгуульд МАХН-тай эвсэж орох эсэхээ шийднэ. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө буюу намын 26 дугаар их хурлаараа уугуул нэрээ сэргээж, Н.Энхбаяр түүн дээр нь дөрөөлөн эсрэг тоглолт хийж МАХН гэдэг намыг байгуулж байсан. Тэгвэл одоо улс төрийн хоёр өөр эрэг дээр салан тусгаарласан МАН, МАХН-ынхан эвсэх тухай яриа сөрөг хүчнийхнийг багагүй сандаргаж байгаа сурагтай. Учир нь АН-ын экс дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа МАХН-тай 2024 он хүртэл төрийн эрхийг хамтран барих нууц гэрээ гээчийг байгуулснаасаа болж намын дарга, Ерөнхий сайдын албанаасаа огцорч байв. Тэгвэл одоо эрх баригчид “Н.Алтанхуягийн зөв байж дээ” хэмээн наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаа дуулдана. Тэгвэл МАН-д Н.Энхбаяртай эвсэхийг эсэргүүцэгчид хэр олон байна вэ. Лав л УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр амьдаагаа эсэргүүцэж байр сууриа ил тод илэрхийлэв, өчигдөр. Тэрбээр “МАН бол үнэт зүйлтэй нам. Манай нам боловсон хүчний хангалттай нөөцтэй нам. Тийм учраас бусадтай эвсэж, гуйж гувшин гутамшиг болох нам биш” гэжээ. Харин Ц.Нямдорж гишүүн юу гэх бол. Н.Энхбаяр МАХН гэдэг намыг ид байгуулан эмээ, өвөө нараар хүрээлүүлж байхад тэрбээр “МАН бол их мөрөн. МАХН бол шалбааг. Их мөрөн шалбаагтай хэзээ ч нийлдэггүй юм” гэж байсан билээ. Тийм учраас өнөөдөр үргэлжлэх Бага хурлын ээлжит хуралдаан дээр нэлээд ширүүн тулаан болж магадгүй.  

Х.Тунсаг

  • Шинэ
  • Их уншсан