ДЭМБ: Цар тахлын төгсгөл ойртож байна

Коронавирусийн цар тахлын төгсгөл ойртож байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

“Бид төгсгөлд хараахан хүрээгүй байна. Гэхдээ ойрхон харагдаж байна” гэж тэр хэлсэн байна.

Гебрейесусын хэлсэн энэ үг 2020 оны гуравдугаар сард Covid-19 халдварт өвчнийг цар тахлаар зарласнаас хойш ДЭМБ-аас гаргасан хамгийн өөдрөг мэдэгдэл болжээ.

2019 оны сүүлээр Хятадад анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдвараар дэлхий даяар 6.5 сая орчим хүн амиа алдаж, 606 сая хүн өвчилсөн юм.

Вирусийн эсрэг эм, вакцин гарснаар өвчний хүндрэлийг бууруулж чадсан гэж үздэг.

Өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд энэ өвчнөөр нас барсан хүний тоо 2020 оны гуравдугаар сараас хойших хугацааны хамгийн доод түвшинд хүрснийг ДЭМБ өчигдөр мэдээлжээ.

Гэхдээ цар тахалтай тэмцэх бодлого, үйл ажиллагаагаа сулруулалгүй, хүн амынхаа эрсдэлтэй бүлгийг 100 хувь вакцинжуулалтад хамруулахыг Гебрейесус дэлхийн улс орнуудад уриалсан байна.

Эх сурвалж: Reuters

 

  • Шинэ
  • Их уншсан