Орос-Монгол-Хятадын гурван талын дээд хэмжээний уулзалт болно

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистанд хийх хоёр өдрийн айлчлалаа пүрэв гарагт эхлүүлж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцоно. Тэрбээр айлчлалынхаа үеэр мөн хоёр болон олон талын хэлбэрээр хэд хэдэн уулзалт хийнэ.

ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаковын мэдээлснээр, есдүгээр сарын 15-нд В.Путин Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Туркменистаны төрийн тэргүүн Сердар Бердымухамедов, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси, Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзана. Түүнчлэн пүрэв гарагт Орос-Монгол-Хятадын гурван талын дээд хэмжээний уулзалт болно.

Есдүгээр сарын 16-нд буюу баасан гарагт Оросын удирдагч Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Азербайжаны удирдагч Ильхам Алиев нартай хоёр талын уулзалт хийнэ. 

Ши Жиньпинтэй хийх хэлэлцээ болон Орос-Монгол-Хятадын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх асуудлууд

В.Путин, Ши Жиньпин нар Самаркандад хэлэлцээ хийх үеэрээ хоёр талын асуудлууд, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, мөн бүс нутгийн болон олон улсын асуудлуудыг онцолно гэж Kремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

Оросын төрийн тэргүүний туслах хэлэхдээ, дэлхийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл энэ удаагийн хэлэлцээ онцгой ач холбогдолтой байх болно гэв. Тэрбээр мөн В.Путин, Ши Жиньпин нарын удахгүй болох уулзалтыг “удаан хүлээсэн уулзалт” гэж тодорхойллоо.

Хоёр удирдагчийн өмнөх уулзалт өнгөрсөн хоёрдугаар сард В.Путинийг өвлийн олимпын XXIV наадмын нээлтийн ёслолд оролцохоор Бээжинд хүрэлцэн ирэх үеэр болсон юм. ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нар хамгийн сүүлд зургаадугаар сард утсаар ярьжээ. Тухайн үед тэд цэрэг болон цэрэг-техникийн харилцааг хөгжүүлэх, эрчим хүч, санхүү, аж үйлдвэрийн салбар дахь улс орнуудын хамтын ажиллагааг Оросын эсрэг тавьсан Барууны хориг арга хэмжээг харгалзан өргөжүүлэх зэрэг өргөн хүрээний сэдвээр ярилцаж, ерөнхийдөө Москва, Бээжин дэлхийн тавцанд "ижил эсвэл маш ойрхон байр сууринаас ажилладаг" болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Харин энэ удаагийн уулзалтын үеэр Украины байдалд онцгой анхаарал хандуулах аж. Ю.Ушаков Хятад улс Украины хямралд "тэнцвэртэй хандаж байгаад", "Оросыг цэргийн тусгай ажиллагаа явуулахад хүргэсэн шалтгааныг ойлгож байгаагаа тодорхой илэрхийлж байгаад" анхаарал хандуулжээ. В.Путин, Ши Жиньпин нар мөн ШХАБ-ын үйл ажиллагаа, олон улсын үйл хэрэгт тус байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ. Уулзалтын дараа хамтарсан баримт бичигт гарын үсэг зурахгүй байх төлөвтэй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Орос-Монгол-Хятадын гурван талын дээд хэмжээний уулзалтын талаар ярихдаа, энэхүү формат нь үр дүнтэй болохоо харуулсан болохыг онцлоод, улс орнуудын удирдагчид цаашид ч хамтран ажиллах болно гэдгийг тэмдэглэв. В.Путин, Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар 2015 онд батлагдсан замын зураг, 2016 онд баталсан гурван улсын эдийн засгийн зурвас /коридор/ байгуулах хөтөлбөрийн дагуу цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.

В.Путин өмнө нь Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нартай биечлэн хэлэлцээ хийсэн билээ. 

Дээд хэмжээний уулазлтын тухайд

2001 онд байгуулагдсан ШХАБ нь одоогоор Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан улсуудыг эгнээндээ нэтгэж байгаа бол Афганистан, Беларусь, Иран болон Монгол Улс ажиглагч, Азербайжан, Армен, Камбож, Балба, Турк, Шри-Ланка улсууд түнш орнуудын статустай байна. 

Самаркандад болох дээд хэмжээний уулзалтын үеэр Иран улсыг гишүүнээр элсүүлэх үйл явцыг дуусгахаас гадна, Египет, Катар болон Саудын Арабад яриа хэлцээний түнш орны статус олгох төлөвтэй байна. Түүнчлэн Беларусийг ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх хүсэлтийг судалж байгаа юм. Үүнээс гадна, Бахрейн, Кувейт, Мальдив, Мьянмар, Арабын Нэгдсэн Эмирт Улсад яриа хэлцээний түншийн статус олгох үйл явцыг эхлүүлэх шийдвэр гаргана гэж  Ю.Ушаков мэдээлжээ. 

 

  • Шинэ
  • Их уншсан