Дэлхийн банк Монголын эдийн засгийн хөгжилд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Дэлхийн Банкны Улс хариуцсан захирал Мара Уорвик Монгол Улсад 9-р сарын 8-12-ны өдрүүдэд ажиллалаа. Тэрээр суурин төлөөлөгч Андрей Михневийн хамтаар хөгжлийн түншүүд, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нартай уулзсан юм.
Уулзалтуудын үеэр Мара Уорвик захирал болон засгийн газрын төлөөллүүд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, одоо хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинэчлэлүүд, хөгжлийн гол чиглэлүүдээс гадна Дэлхийн Банктай үргэлжлүүлэх цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Хатагтай Уорвик Дэлхийн Банк Группын Монгол Улстай хамтран ажиллах Түншлэлийн Хүрээ (2021-2025) нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-той нягт уялдсан болохыг онцолсон юм. Тэрээр мөн Дэлхийн Банк Групп нь Монгол Улсын урт хугацааны эдийн засгийн хөгжилд санхүүгийн болон судалгаа шинжилгээний чиглэлээр дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгийг бататган илэрхийлсэн юм.

Хатагтай Уорвик өмнө нь Монгол Улсад ажиллаж байсан туршлагатай бөгөөд энэ оны 8-р сард Дэлхийн Банкны Хятад, Монгол, Солонгос улс хариуцсан захирлаар томилогдсоноос хойш анх удаа манай улсад айлчилсан нь энэ юм. Өмнө нь тэрээр Зүүн Өмнөд Ази болон Зүүн Африкт улс хариуцсан захирлаар ажиллаж байв.

  • Шинэ
  • Их уншсан