Орос даяар явуулж буй хэсэгчилсэн цэргийн дайчилгааг эсэргүүцсэн жагсагчдыг Баривчилж эхэлжээ

Хэсэгчилсэн цэргийн дайчилгааг эхлүүлэхээр зарлигдсан Владимир Путины шийдвэрийг эсэргүүцсэн иргэд Оросын томоохон хотуудад жагсаал хийж байна. Путины мэдэгдэл гарсан даруйд Алексей Навальныйн холбоотнууд болон Оросын бусад сөрөг хүчин, дайныг эсэргүүцэгч хөдөлгөөнийхөн гудамжинд гарч жагсаал хийхийг иргэдэд уриалсан юм.

Дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн Оросын 38 хотод өрнөж, 1400 орчим хүн баривчлагджээ. Зарим газарт цагдаа нар жагсагчидтай хэрцгий харьцаж байсан талаар иргэд мэдээлж байна.

ОХУ-ын олон хотод дайныг эсэргүүцсэн жагсаал болж мянга гаруй хүн баривчлагдлаа

Хэрэв зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулж, оролцсон тохиолдолд хуулийн дагуу 15 хүртэл жилийн хорих ял оноох хатуу хариуцлага тооцох болно гэдгийг Путины мэдэгдлийн дараа Москвагийн прокурорын газраас анхааруулсан мэдэгдлийг хийсэн.

Москвагийн зарим их сургуулиудын удирдлагууд оюутнуудыг хотын төвд очиж жагсаалд оролцохгүй байхыг уриалж, жагсаалд оролцсон оюутнуудад хатуу хариуцлага тооцохыг анхааруулжээ.

ОХУ-ын олон хотод дайныг эсэргүүцсэн жагсаал болж мянга гаруй хүн баривчлагдлаа

Мөн Тюмень мужийн холбооны аюулгүй байдлын алба дайныг эсэргүүцэх жагсаалд оролцон, баривчлагдсан хүмүүст шууд цэргийн зарлан өгөх болно гэж анхааруулсан байна.

Түүнчлэн Чеченийн удирдагч Рамзан Кадыров жагсаалд оролцсон иргэдийг ардын дайсанд тооцож, шууд баривчлан дайны бүс рүү илгээх болно хэмээн хатуу анхаарууллаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр 300 мянган цэргийг нэмэлт нөөцөд бэлдэхийн тулд хэсэгчилсэн цэргийн дайчилгаа явуулах шийдвэрийг гаргасан билээ.

Түүний энэ мэдэгдэл гарсаны дараа ОХУ-аас гарах бүх нислэгийн тийз богино хугацаанд зарагдаж дууссан байна.

Жагсагчид “Бид Путины төлөө үхмээргүй байна, дайныг зогсоо” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм. Гартаа уриа лозунг баривал шууд баривчлагдах эрсдэлтэй учир лоозон барьсан хүн цөөхөн байжээ.

Москва, Санкт-Петербург, Иркутск, Екатеринбург зэрэг хотоохон хотуудад хамгийн их хүнийг баривчилсан байна.

Улаан Үдэд олон мянган хүн өчигдөр жагсаалд оролцсон бөгөөд  7-р сарын байдлаар Украинд амь үрэгдэгсдийн тоогоор Буриадууд Оросын бүс нутгуудын дунд хоёрдугаарт орсон юм. 

  • Шинэ
  • Их уншсан