"Төгсөлтийн аргачлалын хөтөлбөр"-ийн явцыг хэлэлцэв

Халамж хүртэгч зорилтот бүлгийн иргэдэд зөвхөн мөнгөн тэтгэмж, тусламж үзүүлдэг хэт нэг талыг барьсан бодлогоос татгалзаж, нийгмийн халамж шаардлагатай өрх, иргэдийг чадавхжуулах, тэдний хэрэгцээнд нийцсэн шинэ төрлийн үйлчилгээг хэрэгжүүлэхээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн халамжийн бодлогыг шинэчилж байна.

Өөрөөр хэлбэл зорилтот өрхийн гишүүдийн зан үйл, хандлагыг өөрчлөх зөвлөгөө, сэтгэл зүйн засалд хамруулах, бусад үйлчилгээнд холбон зуучлах, амьдрах ухаан, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах, бие даан амьдрах чадвар дадлыг хэвшүүлэх зэргээр тухайн өрхийг чадавхжуулах, амьжиргааг дэмжихэд чиглэсэн урт хугацааны үйлчилгээг хэрэгжүүлэх юм.

Энэхүү үйлчилгээг хэрэгжүүлэх загвар, аргачлалыг гаргах хүрээнд дэлхийн улс орнуудын эмзэг бүлгийн өрхийг бие даан амьдрахад дэмжихэд чиглэсэн ижил төстэй загваруудыг судалж ажиллаж байна. Үүний нэг нь бусад оронд амжилттай хэрэгжиж байгаа “төгсөлтийн арга” хөтөлбөрийн загварыг судалж байгаа юм. Төгсөлтийн аргачлал нь ядуу иргэд, өрхүүдийн авч байгаа нийгмийн халамжийн тэтгэмжид суурилан ядуурлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж, ядуурлын олон асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэг олон хэмжээст аргачлал юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран АХБ-ны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын дэмжлэгтэйгээр Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлэхэд удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулсан бөгөөд өнөөдөр уг хөтөлбөрийн хэрэгжилтийн ажлын явцыг танилцуулах, чиг үүргийн хувьд ажлуудаа уялдуулах зорилгоор санал солилцоо.

 

  • Шинэ
  • Их уншсан