А.Солонго: Дутуу нярайн нас баралт 0.5 функтээр буурсан

Хүний хувь тавиланг олж төрөх нь атга будаа дээш цацахад ганцхан ширхэг нь зүүний үзүүр дээр тогтож үлдэхтэй адилхан ховорхон хувь заяа гэдэг. Тэгвэл дутуу мэндэлсэн нярайн хувь заяаг аварч, хамгаална гэдэг юутай ч зүйрлэшгүй ач, гавьяа билээ. Энэхүү амьдрал бэлэглэгч хамт олныг зангиддаг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярай судлалын тасгийн тасгийн эрхлэгч А.Солонготой ярилцлаа.


-Дутуу төрөлт гэж юу вэ?

-Жирэмсний тээлтийн 22-37 долоо хоногийн хооронд умайн базлалт жигдэрч, умайн хүзүү нимгэрч нээгдэн төрөлтийн үйл ажиллагаа эхэлж, жирэмсний тээлтийн хугацааг гүйцээлгүй, 500 граммаас дээш хүүхэд төрөхийг дутуу төрөлт гэж нэрлэдэг. Хэвийн тохиолдолд жирэмслэлт нь 40 долоо хоног үргэлжилдэг.

Дэлхий нийтэд жил бүр 15 сая нярай төрдөг бөгөөд 10 нярай тутмын нэгээс илүү нь жирэмсний тээлтийн 37 долоо хоногоос өмнө хугацаанд төрдөг гэсэн судалгаа бий.

Дутуу төрөлтийн 70 хувь нь төрөх үйл ажиллагаа аяндаа эхэлсэн болон тээлтийн хугацаанаас өмнө ураг орчмын шингэн урьтаж гарснаас, 30 хувь нь эх, ургийн өвчин, эмгэгээс шалтгаалж төрөлтийг шийдсэнээс дутуу төрж байна. Нярай жирэмсний тээлтийн хугацаа гүйцэхээс өмнө (жирэмсний 37 долоо хоногоос өмнө) жин багатай төрөх нь нярайн өвчлөл, эндэгдэлд нөлөөлдөг. Дутуу төрөлтийн 84 хувь нь жирэмсний 32-36 долоо хоногт төрдөг. 10 хувь нь 28-32 долоо хоногтойд, зургаан хувь нь 28 долоо хоногоос бага хугацаанд төрдөг байна. Дэлхийд жилд нэг сая хүүхэд дутуу төрөлт, түүний хүндрэлийн улмаас нас бардаг.

-Тэгвэл Монгол Улсын хэмжээнд жилд хэдэн дутуу нярай мэндэлдэг вэ?

-ЭХЭМҮТ-ийн хувьд жилд 12 мянга гаруй хүүхэд мэндэлдгийн 10 орчим хувь нь дутуу төрөлт гэж бүртгэгддэг. Үүний гурван хувь нь хэт бага жинтэй буюу 1.5 килограммаас доош жинтэй хүүхэд байдаг. Улсын хэмжээнд гурав дахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь ЭХЭМҮТ юм. Манайх хоёр эрчимтийн тасаг, нэг энгийн тасаг гэсэн нийт гурван нярайн тасагтай.

Hярайн тасаг дотроо манайх төрөх хэсгийг хариуцан, 21 аймаг, есөн дүүргээс хүндрэлтэй, дутуу төрж байгаа бүх ээжүүдийг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Зарим тохиолдолд 32-оос доош неделтэй, ус нь гэнэт гарчихсан, өвдөлт өгөөд эхэлчихсэн бол өөрт ойр байрлах эмнэлэгт төрдөг. Энэ нь цөөхөн хэдхэн тохиолдолд л юм. Харин төрөх үйл явц нь эхлээгүй байгаа ээжүүдийг манайд хүлээн авч байна. Манай нярай судлалын тасаг нь эрчимтийн, эрүүл нярайн гэсэн хоёр хэсэгтэй. Эрчимтийн хэсэгт дутуу төрсөн хүүхдүүдийг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлдэг. Мөн гүйцэт төрсөн хүүхдүүд дунд эмчилгээ, үйлчилгээ шаардлагатай хүүхдүүд байдаг тул эрчимтийн хэсэгт хүлээж авдаг.

-“Дутуу төрөлтөөс сэргийлэх өдөр”-ийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ?

-Европын дутуу төрсөн хүүхэдтэй эцэг эхчүүдээс бүрдсэн холбооны гишүүд анх 2008 оны арван­нэгдүгээр сарын 17-нд “Дутуу төрөлтөөс сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэж байсан. Үүнээс улбаалан дэлхий даяар 2011 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 17-нд “Дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд ч ялгаагүй ЭХЭМҮТ болон бусад байгууллагууд хамтарч тэмдэглэж ирсэн. Энэ жилийн тухайд тус өдрийг энэ сарын 10-17-ны өдрийн хооронд аян болгож зохион байгууллаа.

-ДЭМБ-аас тус өдөрт зориулж ямар зөвлөмж, судалгааг танилцуулсан бэ?

-Дэлхийн Эрүүл мэндийн байгуул­лагаас энэ сарын 17-нд дутуу нярайн хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний шинээр гарсан зөвлөмжүүдийг танилцуулсан. Уг зөвлөмжид, төрөөд гараад ирсэн дутуу ч бай, гүйцэт ч бай нярай хүүхдийн хамгийн хүчирхэг эмчилгээ бол эцэг эхийн тэврэлт юм гэсэн уриалга гаргасан. Нярайн эрт үе, нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ дотор энэ нь “Анхны тэврэлт” байдаг. Энэхүү Нярайн эрт үе, нэн шаардлагатай тусламжийн сургагч багш бэлтгээд 21 аймаг, хөдөө, орон нутгуудаар сургалт хийхээр төлөвлөөд байна.

-“Анхны тэврэлт” гэж байна. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Хүүхдийг төрсөн даруйд нь нүцгэнээр нь эхийн цээжинд нааж тэврүүлэхийг эхийн анхны тэврэлт гэдэг. Хайр энэрлээр дүүрэн эхийн тэврэлт нь энгийн зүйл мэт боловч дөнгөж төрсөн нярайд дулаан алдахаас сэргийлэх, халдвараас хамгаалснаар нярайн эндэгдлийг бууруулж, амь насыг авардаг. Эхийн анхны тэврэлтийн хугацаа хоёр цаг үргэлжлэх ба энэ үед нярайг жинлэх, эхэд цай хоол өгөхийг хойшлуулах хэрэгтэй. Мөн эх, үрийн холбоог дэмждэг тул хүүхдийг эрт амлуулах, дутуу төрсөн, кесар хагалгаагаар төрсөн бүхий л нярайн биеийн байдлыг сайжрахад нөлөөлдөг.

-ЭХЭМҮТ-өөс тус өдөрлөгт зориулж ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ. Гол зорилго нь юу байв?

-Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь дутуу төрсөн эхчүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, дутуу төрөлтөөс хэрхэн сэргийлэх вэ, нэгэнт дутуу төрчихсөн бол яах ёстой вэ гэдгийг мэдээлж, таниулсан. Мөн долоон хоногийн аяны хүрээнд “Нархан” асрамжийн газрын хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад бэлгийн эрүүл мэндийн боловсрол олгох, бэлгийн замаар дамжих халдварт өвчний талаар, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэсэн сургалтыг зохион байгуулсан. Мөн эрүүл мэндийн байгууллагын бүх ажилтны эрүүл мэндийн боловсролыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. “Дутуу төрөлтөөс сэргийлэх өдөр”-ийн үйл ажиллагаандаа дутуу төрсөн зургаан нас хүртэлх 10 хүүхдийг дуудаж оролцуулсан.

Энэ өдөр манай эмнэлэгт хэвтэж, эмчлүүлээд гарсан хамгийн бага жинтэй буюу 650 грамм жинтэй төрсөн хүүхэд маань хоёр настай болоод ирснийг харахад үнэхээр сайхан мэдрэмж байлаа.

-Монгол Улсад дутуу нярайд тусламж, үйлчилгээ үзүүлдэг ганцхан эмнэлэг байдаг гэж ойлголоо. Орны ачаалал хэр байна вэ?

-Яг ганц гэхэд өрөөсгөл ойлголт болно, Улаанбаатар хотын төрөх, амаржих газрууд, хөдөө орон нутгийн бүх шатны эмнэлгүүд дутуу нярайн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Манай эмнэлэг бол гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг улсын хэмжээний ганц эмнэлэг нь юм. 

Нярай судлалын тасгийн эрчимт эмчилгээний хэсэг нь 15 ор, эрүүл нярайн хэсэг нь 60 ортой үйл ажиллагаагаа явуулж байна. Эрчимт эмчилгээний хэсгийн 15 ор байнгын 100 хувиас дээш ачаалалтай байдаг. Дээд тал нь 30-40 хүрдэг. Яармагт Эх, нярай хүүхдийн үндэсний төв II нээгдсэн болохоор бидний ачааллаас хуваалцаж эхлээд байгаа. Бид хэчнээн орны хүрэлцээгүй байсан ч гэсэн хүүхдүүдээ багтаагаад, эмчлээд л гаргадаг.

-Дутуу төрөлтийн мэргэшсэн хэдэн эмч, сувилагч ажиллаж байна вэ?

-Манай тасаг нярайн 10 эмчтэй. Сувилагч 37 ажиллахаас одоогийн байдлаар 17 хүн ажиллаж байна. Нэг сувилагч хоёр дахин их ачаалалтай ажиллаж байгаа юм.

Улс орон даяараа сувилагчийн дутагдалд орсон.

-Дутуу нярайн эндэгдэл буурч байна уу эсвэл өсөх хандлагатай байна уу?

-Манай гүйцэт, дутуу нярайн хэсэг маань 2015 онд бүрэн засвар хийгдэж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр хангагдаад өнөөдрийг хүртэл тусламж үйлчилгээгээ тасралгүй үзүүлсээр ирсэн. Мөн үүнийг дагаад бага жинтэй хүүхдүүдийн амьдрах чадвар нэмэгдсэн гэхэд болно.

2021 оныг энэ онтой харьцуулаад үзэхэд дутуу нярайн нас баралт 0.5 функтээр буурсан байна.

Энэ бууралтыг эрчимтэй бууруулахын тулд “Тогтвортой хөгжлийн зорилт 2050”-ийн хүрээнд урьдчилан сэргийлэх боломжтой 0-5 настай хүүхдийн өвчлөл, эндэгдлийг  “тэглэнэ” гэсэн том зорилтын дор ажиллаж байгаа. Үүний хүрээнд бид “Эрт үеийн нэн шаардлагатай тусламж”, “Эхийн сүүгээр дагнан хооллох 10 алхам”, “Дутуу, бага жинтэй нярайн асаргаа, сувилгаа” гэсэн гурван томоохон хэмжээний сургалтыг ЭМЯ-наас сургагч багшаар бэлтгээд сургалт хийж, ажилдаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Өндөр хөгжилтэй орны техник төхөөрөмжийг манай улсын нөхцөл байдалтай харь­цуулахад ямар хэмжээнд байна вэ?

-Нярайн тасгийн тусламж, үйлчилгээ, техник тоног төхөөрөмж өндөр хөгжилтэй орныхтой хөл нийлүүлэн алхаж байгаа. 2011 оноос өмнө бол амьсгалын аппарат гэж байдаггүй л байлаа. Харин үүнээс хойш олон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлснээр тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж дэлхийн хэмжээнд ямар тусламж, үйлчилгээ үзүүлж байна тэр болгон манайд бий болсон. Амьсгалын аппарат 11 ширхэг, фото аппарат 20 ширхэг, дуслын автомат шахуурга гэх мэт шаардлагатай тоног төхөөрөмжүүд ихэнх нь байна. Мөн халаагч ширээ, инкубатор, хамраар удирддаг амьсгалын аппарат зэрэг тоног төхөөрөмжүүд хангалттай хүрэлцээтэй болсон.

-Дутуу төрөлтийн шалтгаан, хүчин зүйл нь юу вэ?

-Маш олон шалтгаантай, эхийн эрүүл мэнд, жирэмслэлт, тээлт, төрөлттэй холбоотой дутуу төрдөг. Жишээ нь, ураг орчмын шингэн хугацаанаасаа өмнө гарах умайн хүзүүний дутмагшлын, эхийн архаг өвчин, халдварт өвчин, ажлын нөхцөл, нийгэм сэтгэлзүйн байдал, стресс гэх мэт.

-Ойрхон давтамжтай төрөх нь дутуу төрөлтийн шалтгаан болох уу?

-Жил бүр төрдөг ээжүүд байдаг. Ойрхон давтамжтай төрдөг ээжүүд дутуу төрдөг гэсэн зүйл байхгүй. Тэр ээж эрүүл л байвал гүйцэт төрөх боломжтой. Зуршмал дутуу төрдөг ээжүүд бий л дээ.

-Хэдээс доош, дээш насныхан жирэмсэлбэл амьгүй төрнө гэсэн тоо баримт байх уу?

-Эрсдэлийг нэмэгдүүлж болох ч тэдээс доош, дээш насныхан жирэмсэлбэл амьгүй төрнө гэж нотолсон зүйл бол байхгүй. Амьгүй төрөлтөд хожуу хордлого, эхэс ховхролт, ихэр жирэмслэлт дээр ургаас урагт юүлэгдэх хам шинж, ургийн гаж хөгжил, хромосомын эмгэг, хүй нарийн байх, хүйн зангилаа гэх мэт нь амьгүй болох эрсдэлд оруулж болно. Түүнээс биш насны ангилал нь амьгүй төрөлтийн шалтгаанд нөлөөлөхгүй. Мэдээж 14 доош, 35 наснаас дээш нас эрсдэлт бүлэгт орно гэж үздэг.

-Коронавирусний халдвар дутуу төрөлтөд нөлөөлж байна уу?

-Коронавирусний халдвартай сүүлийн хоёр жилийг ажиглахад дутуу төрөлтөд нөлөөлж байна. Вирусийн халдвар нь ураг орчмын шингэнийг багасгах нөхцөлийг бүрдүүлдэг. Ураг орчмын шин­гэнгүй болно гэдэг нь өөрөө дутуу төрөлт, бүтэлт, амьгүй болох эрсдэлийг дагуулж байдаг.

-Дутуу нярайг хэдэн килограмм хүргэж сувилал руу шилжүүлдэг вэ?

-Дутуу нярай хүүхэд хоёр килограммаас дээш, биеийн байдал нь тогтвортой байвал эмнэлгээс гаргадаг. Дутуу төрсөн хүүхэд манай эмнэлгээр багадаа 3-6 сар эмчилгээ, үйлчилгээ авдаг. Гүйцэт төрсөн хүүхэд хоногт 10-15 грамм, дутуу төрсөн хүүхэд 15-20 грамм жин нэмдэг. Гэхдээ энэ нь яг хангалттай хэмжээнд сүүгээ ууж чадаж байгаа хүүхдэд нэмэгдэх жин юм. Дутуу төрсөн хүүхдүүдийг биеийн байдал нь тогтворжтол нь тусламж, үйлчилгээ үзүүлдэг.

Дутуу, бага жинтэй хүүхдийн асаргаа, сувилгаа нь маш чухал. Гүйцэт төрсөн хүүхдээс 2-3 дахин илүү анхаарал, халамж, эмчилгээ, үйлчилгээ шаардаж байдаг.

1.7 килограммаас дээш жинтэй хүүхдүүдийг Нярайн клиник сувилал руу шилжүүлдэг.

-Дутуу төрөлтөөс хэрхэн сэргийлж болох вэ?

-Дутуу төрөлтөөс сэргийлэхэд эцэг, эхийн эрүүл мэндийн боловсролын асуудал л хамгийн чухал. Хэрвээ та жирэмсэн бол­сон бол хэдэн сартайд хянал­тад орох, шинжилгээнд хамраг­дах, хэдэн удаа хяналтад очиж үзүүлэх, хэдэн сартайд ургийн гаж хөгжлийг тодорхойлох шин­жилгээнд хамрагдах ёстой вэ гэдгээ төрөхөөсөө өмнө мэдсэн байх шаардлагатай. Ээж өөрөө эрүүл байж л эрүүл хүүхэд төрнө шүү дээ.

-Дутуу нярайн цаашдын амьдралынх нь явцад ямар эрсдэл үүсэж болох вэ?

-Дутуу төрж буй хүүхдүүдийн нас барах шалтгааны дийлэнх хувийг хэт бага жинтэй дутуу нярай хүүхэд эзэлдэг. Дутуу төрсөн нярай хүүхдийг амьдрууллаа гэхэд цаашдаа эрүүл өсөж, бойжих чанарыг сайжруулахаар ажиллаж байна. Дутуу төрөлтөөс шалтгаалсан маш олон үлдцүүд байдаг. Жишээлбэл, хараа, сонсгол, түнхний үений дутуу хөгжил, хэл ярианы хөгжил, мэдрэл сэтгэхүйн дутмагшил гэх мэт маш олон хүндрэл илэрдэг. Үүнээс сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт төрсөн нярай бүрийг хамруулдаг. Ингэж хамруулснаар тэр нярайг насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болохоос нь сэргийлж байна. 

Дутуу нярайн ретинопати гэдэг харааны бэрхшээл, сохролд хүргэдэг өвчин байдаг. Дутуу төрсөн хүүхдэд хүчилтөрөгчийн хэрэгцээ их байдаг учраас тасралтгүй 2-3 сар хүчилтөрөгчөөр амьсгалсан хүүхдийн нүднийх нь угт эмгэг судасжилт үүсдэг жишээтэй. Хэрвээ судасжилт үүсээд эхэлчих л юм бол тэр хүүхэд хараагүй болох эрсдэлтэй. Үүнийг бид урьдчилан сэргийлэх үзлэгээрээ оношлоод эмчилгээ шаардлагатай бол эрт эмчилгээг хийж чадаж байна.

2011 оноос өмнө гадаадад эмчлэгддэг өвчний тоонд ордог байсан бол, манай ЭХЭМҮТ-ийн нүдний эмч нар монголдоо эмчилдэг болсон. Мөн нүдний угийн улаан рефлексийг шалгах, сонсголын скриниг, түнхний үений скринигийн шинжилгээнүүдийг хийж тахир дутуу болдог эмгэгүүдээс эрт сэргийлж эмчилж чадаж байна.

-Жирэмслэхээсээ өмнө эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг ээжүүд хэр байдаг бол?

-Жирэмслэхээсээ өмнө эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг ээжүүд тун ховор доо. 10 ээж төрлөө гэхэд түүний нэг нь байх үгүйтэй л байдаг. Эрүүл хүүхэд гаргахын тулд бүрэн шинжилгээнд хамрагдаж байх ёстой. Жилд нэг удаа чадахгүй юм аа гэхэд хоёр жилд нэг удаа ч болтугай хамрагдаж баймаар байна.

Биеэ эрүүлжүүлээд, төлөвлөгөөтэй жирэмсэлбэл хүндрэл бага гарна.

Энэ нь жирэмслэхдээ эрүүл мэт байсан боловч далд хэлбэрийн шинж тэмдэггүй үрэвслийн өвчнүүд сэдэрдэг. Жишээлбэл, бөөрний үрэвсэл сэдрэх нь их, жирэмсний хожуу хордлого үүсгэдэг юм. Тиймээс л шинжилгээ өгч архаг, хууч өвчнөө эмчлүүлж эрүүлжсэний дараа жирэмслэх нь эсэн мэнд амаржихуйн үндэс болно.

-Дутуу төрсөн олон нярайг эмчилж гаргасан байдаг байх. Талархлын үг цувдаг байх даа?

-Дутуу төрсөн ч гэлтгүй эмчилж байгаа бүх хүүхэд маань эрүүл, саруул болоод баяртай гээд гэр бүлийнхэнтэйгээ инээгээд эмнэлгээс гарах нь хамгийн сайхан. Эмч хүний хамгийн том бэлэг тэр л байдаг. Хүүхэд нь өдөр бүр жин нэмээд байгааг харж буй эцэг, эхчүүдийн царай ч гэсэн гэрэлтдэг. Ээжийн хөхний сүү ч гэсэн нэмэгддэг юм. Эрүүл саруул болсон хүүхдүүдийн маань эцэг, эх хүүхдийнхээ нэг насны ой, хөлд орох гэх мэт агшин бүрийн зургийг явуулж эргэх холбоотой байдаг. Өдөрлөгт ирсэн 10 хүүхдийн ээж гэхэд л хүүхдүүдийнхээ зургийг угаалгаад аваад ирсэн байсан.

-Өөдөсхөн, дутуу төрсөн нярайгаа хараад зарим аав нар дахиж харахаас эмээдэг гэж дуулсан юм байна?

-Тийм тохиолдол олон байдаг. Хүүхдийнхээ биеийн байдлыг асууя гэсэн аавууд байдаг. Тэгэхээр нь бид асууж болно, харин харах уу гэдэг юм. Нэг жишээ ярья л даа. 1000 грамм жинтэй хоёр ихэр нярай манайд эмчлэгдэж байсан. Тэр үед нэг хүүхэд нь гэдэсний үрэвслээр хүндрээд, олгой авах хагалгаанд орсон юм. Тэгтэл аав нь хүүхдүүдээ хараагүй байхдаа “Та нар миний хүүхдийг олгойтой болгочихлоо” гээд гомдсон. Бид тэр ааваас та хүүхдээ орж харах уу гэж асуугаад, оруулсан юм. Тэгсэн тэр аав хүүхдүүдээ хараад л зог тусчихсан. Учир нь, та нар яаж ийм жижигхэн хүүхдэд хагалгаа хийсэн юм бэ, яаж өдий хүртэл амьдруулсан юм бэ гээд бараг уйлсан. Тэр хүүхдүүд эрүүл саруул болоод эмнэлгээс гарсан байдаг юм. Энэ явдлаас харахад дутуу төрсөн хүүхдийг аавд нь харуулж, ойрхон байлгах ёстой юм билээ.

-Цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Дутуу нярай хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулахын тулд тасагтаа төлөвлөсөн маш олон ажил байна. Үүний нэг нь “Хөхөөр хооллолтыг дэмжих 10 алхам” сургалт юм. Тус сургалтыг явуу­лахаар манай тасгаас хоёр эмч ЭМЯ-ны сургалтад хамрагдсан. Удахгүй хөдөө орон нутгуудаар явж энэхүү сургалтаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг сургалтаар дамжуулан хөхний сүүгээр хооллох нь ямар ач холбогдолтой болон хөхний сүү орлуулагч нь ямар эрсдэлтэй юм бэ гэдгийг эцэг, эх, асран хамгаалагчдад ойлгуулах зорилготой байна. Дөнгөж төрсөн ээжүүд маань хөхний сүү гарахгүй байна гээд хөхний сүү орлуулагчийг эмч, сувилагчдаа ч хэлэхгүй гаднаас авчраад өгчихдөг. Үүний ард ямар хүндрэл эрсдэл гардаг вэ гэдгийг ээжүүд маань ойлгохгүй байна шүү дээ. Эхийн хөхний сүүг юугаар ч орлуулшгүй. Дан эхийн сүүгээр хооллосон, хөхний сүү орлуулагчаар хооллосон хүүхэд эрс тэс ялгаатай байдаг. Хөхний сүү орлуулагчаар хооллосон хүүхэд дархлаа сул, янз бүрийн вирус, харшилд өртөмтгий, байдаг. 

-Тэгвэл хуурай сүүний хэрэглээг багасгах ямар арга байна вэ?

-Саяын хэлсэн сургалтыг төрөхөөс өмнө, төрсний дараа эцэг, эх, асран хамгаалагч нарт эмнэлгийн бүх шатны байгуул­лагууд ижил тэгш, хүртээмжтэйгээр сургалт хийж, ач холбогдлыг ойлгуулах явдал маш чухал.

Дутуу төрсөн, болон өвчтэй нярай хүүхдүүдийн хувьд гадаадын өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад сүүгээ хандивлах хүсэлтэй эхэд сүү хийх тусгай зориулалтын сав (банк)-ыг хөхний саалтуурын хамт өгдөг. Нэг эхээс 300 миллилитрээс нэг литр хүртэлх хэмжээний сүү авдаг. Ийм сүүг хасах 20 хэмд гурван сар хүртэлх хугацаагаар хадгалах боломжтой. Хүүхдэд өгөхийн өмнө 62.5 хэмийн халуун усанд хөөрүүлэх хэмжээнд хүртэл халааж, нян бактерийг нь устгаж хэрэглэдэг. Дутуу төрсөн ээжүүдийн хөхөнд эхний хоёр, гурван хоногт сүү ордоггүй. Тиймээс тэр банкны сүүгээр хүүхдээ хооллоно гэсэн үг.

Монгол Улсад одоогоор ийм банк байхгүй. ЭМЯ-наас энэ асуудлыг бодлогодоо тусгаад явж байгаа. Ирэх он гэхэд хэрэгжих байх.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

  • Шинэ
  • Их уншсан