Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо хуралдлаа

Монгол Улсын нэгдсэн төсөв 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр УИХ-ын чуулганаар батлагдаж төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 онд нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд улсын төсвийн төсөлд нийт 266.3 тэрбум төгрөг тусгагдсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсөвт төрийн албаны цалин хөлсний тогтолцоог шинэчилж цалин хөлсийг ажилласан жил, бүтээмж, хүрсэн үр дүнтэй уялдуулан тогтоодог болох, төрийн зарим албан хаагчдын цалин хөлсийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төслүүдийг боловсруулснаа танилцуулж, талуудын байр суурийг сонслоо.

Араг хэмжээний хүрээнд:

1. Төрийн албаны цалингийн олон шатлал, зэрэглэлийг төрийн захиргааны 15 зэрэглэлийг 10, төрийн тусгай албаны 18 зэрэглэлийг 10 болгон цэгцэлж, албан хаагчдын үндсэн цалинг нь одоо мөрдөгдөж байгаа цалингийн шатлалын хамгийн өндрөөр нь тогтоож, цалингийн нэг шатлалтай болгоно. Энэ арга хэмжээний хүрээнд төрийн захиргааны 20 мянга, төрийн тусгай албаны 40.7 мянга албан хаагчдын цалин тодорхой хувиар нэмэгдэх бөгөөд нийт 141.3 тэрбум төгрөг зарцуулах юм.

2. Төрийн нийтлэг үйлчилгээний 22.0 мянган албан хаагчдын үндсэн цалингийн хэмжээг 8 хувиар нэмэгдүүлэх ба нийт 54.5 тэрбум төгрөг зарцуулна.

3. Орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын нэмэгдлийн тодорхой хэсгийг улсын төсвөөс олгодог болно.

4. Төрийн албан хаагчийн ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл олгодог болно.

Эдгээр арга хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхэд талууд санал нэгдлээ.

  • Шинэ
  • Их уншсан