Удо Б.Баркманны хэлсэн онцлох эшлэлүүд

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ.  Энэ удаа Германы монголч эрдэмтэн, доктор, профессор Удо Б.Баркманныг Монгол Улсад хүрэлцэн ирээд байхад нь урьж, ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1. Би дунд сургуулиа төгсөөд Берлин хотын Хумболдтын их сургуульд оюутнаар  элсэж байлаа.   Тэр л үеэс Азийн Монгол Улс  миний сонирхлыг татах болсон доо.  Хумболдтын Их сургуулийнхаа Монгол судлалын тэнхэмд суралцаж эхлээд дараахан нь Монгол Улсад хүрэлцэн ирэх завшаан надад тохиосон юм.

2. Германд байхаас л миний сэтгэлийн гүнд байсан бас нэгэн зүйл бол Манжийн үеийн Монгол Улсын  түүхийн тухай судалгаа байсан юм. Би энд ирээд Манжийн үеийн Монгол Улсын тухай судалгаан дээр нэлээд төвлөрч ажилласан гэж болно.  Манж хэлийг бие даасан сурсан.   Тэгээд Берлинд очиж  “Манжийн үеийн хошууны засаг захиргааны түүх”-ийн сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

3. Би Хумболдтын Их сургуульд оюутан байхдаа монгол судлалын чиглэлээр нэлээд ном, сонин үзсэн.  “Чингис хаан”, “Монголын нууц товчоо” судлал бол дэлгэрэнгүй хөгжсөн, хүн бүхний ярьдаг сэдэв байлаа.  Тийм учраас надад “Чингис хааны тухай судлах сонирхол байгаагүй. Харин Манжийн үеийн Монгол Улсын түүх надад гэлтгүй олон улсад шинэ сэдэв байсан. 

4.  Манж судлалын судалгааны нэг онцлог нь Манж чин улс тухайн үед халх Монгол Улстай ямар холбоотой байсан.  Түүх, улс төр, эрх ашгийг ямар чиглэлд баримталж, байсан гээд дандаа Монгол Улстай холбоотой агуулгуудыг түүж судалсан байдаг.  Энэ бүх ажлын дараа би өөрийгөө түүхч, эрдэм хүнийнхээ  хувьд их азтайд тооцсон нь энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажил их амттай байсных юм шүү.

5. Миний дараагийн судалгааны чиглэл бол 1990 онд Монгол оронд өрнөсөн хувьсгал хийгээд Шинэ үеийн Монгол Улсын нийгэм улс төрийн талаар нэлээд зүйл бичлээ.  Нийтлэл бүтээлүүдээ ч гаргасан.  Нэг сонирхолтой зүйл нь би 1990 оны хувьсгал гараад л Манжийн үеийн Монгол Улсын судалгаандаа цэг хатгасан.  

6.  Ардчилсан Герман улсын иргэн, Азийн Монгол Улсад ирж,  энэ улсын тухай сонирхон, үүх түүхийг нь уудалж эхэлнэ гэдэг бас л сонин хэрэг байсан.   Монгол Улс надад ах дүү орон шиг санагдсан.

7.  Монголын түүхчид 1990 оноос хойших өөрийн орны шилжилтийн үйл явцын талаар бага бичдэг. Нийгэм нь улс төрийн хувьд урьдын адил маш их туйлширч байна. Тийм болохоор уг сэдвийг үнэхээрийн хараат бусаар судлахад хэцүү, бүр тэгэх боломж ч үгүй байж мэднэ.

8. Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц 1990 онд эхэлсэн гэж эрдэм шинжилгээний ном зохиолд ерөнхийдөө үздэг. Үүнийг Монголын өнөө үеийн түүхийн он дараалалд хөдөлшгүй баттай зүйл хэмээн үздэг төдийгүй энэ үйл явцыг улс төрийн цоо шинэ хүчнүүд эхлүүлж, удирдан чиглүүлсэн гэж ойлгодог.  Би үүнтэй санал нийлдэггүй.

9. Би өөрчлөлтийн үйл явцыг сүүлийн хэдэн жилийн туршид эрчимтэй судалж дараах дүгнэлтэд хүрсэн билээ.  Тухайлбал, МАХН-ын удирдлага Зөвлөлтийн перестройка”-г маш эрт хүлээн авч, Монголын нийгэмд өөрчлөлт хийх оролдлогыг хийсэн.   Өөрөөр хэлбэл, нийгмийн социалист загварыг шинэчлэх боломжгүй гэдгийг мэдээд 1988 онд энэ загварт бүхэлд нь эргэлзэн нүүр буруулах болсон хэдий ч тухайн үед цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар тодорхой стратеги алга байсан гэж болно.   

10.   Хоёр Герман нийлэхээс өмнө би Ардчилсан Германы төлөөлөгчидтэй цуг Монголд ирсэн.  Ардчилсан Германы хөгжлийн тусламжийг яаж үргэлжлүүлэх вэ гэсэн уулзалтуудыг бид тухайн үеийн төр засгийн хүмүүстэй хийсэн.  Мөн хоёр Герман нэгдсэн дараа Германы Бундестагийн дэд ерөнхийлөгч Д.Ю.Кроненбэрг ардчиллыг дэмжиж, Монгол Улсад хүрэлцэн ирж байсан нь мөн тун сонирхолтой үйл явдал байсан юм.  

11. Хоёр том гүрний дунд хавчуулагдсан газар зүйн байршилтай гэдгийг улиг болтол ярьдаг.  Гэхдээ ярихаас өөр аргагүй.  Нөгөө хоёр улс нь нэг нь комминуст,  нөгөө нь капиталист  хагас ардчилсан гэмээр засаглалтай.  Тэгэхээр янз бүрийн  дарамт шахалт дунд Монгол Улс оршин тогтнож байгаа, хүчирхэг ард түмэн.    Тэр ч утгаараа эрх чөлөөний мэдрэмж хамгийн их ханхалдаг.

12.  Одоогоор эдийн засгийн хувьд БНХАУ-аас хамгийн их хамааралтай байна.  Харин ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн 100 хувь хамаардаг.  Тэгэхээр Монгол Улс энэ хоёр орны дунд тэнцвэртэй гадаад бодлого явуулах нь хамгийн чухал.  Энэ бол танай гадаад бодлогын нэгдүгээр зарчим байсаар ирсэн.  Цаашид ч энэ бодлогыг тэнцвэржүүлж явах нь чухал байх.

 13.  Мөн сайн ажиллаж чадвал геополитекийн  хувьд ашигтай байрлал гэж харагдахаар.  Яагаад гэхээр БНХАУ шиг зах зээл манай Герман улсын хажууд байсан бол бид лав бөөн баяр болно.  Үүнийгээ монголчууд илүү сайн ашиглах хэрэгтэй. 

14.  Сүүлийн үед Монгол Улсын гадаад бодлого нэлээд идэвхжиж байна. Гэхдээ гадаад бодлогын хувьд танай санаачлага байв уу.  Нөгөө талаас санаачилсан уу гэдэг нь их ач холбогдолтой.   Агуулгыг нь харахад нөгөө талын улс орны санаачлага нэлээд байна.  Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнууд Монгол Улсыг  сонирхож байгаа нь илт мэдрэгдэж байна.

15.  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин,  Укрианы Ерөнхийлөгч В.Зеленский нар ярилцах хэрэгтэй.  Цахимаар биш биечлэн уулзах хэрэгтэй.  Тэд яагаад Монголд уулзаж болохгүй гэж.  Энх тайвны яриа хэлэлцээ хийхэд хамгийн тохиромжтой газар зүйн байршил, улс орон бол Монгол Улсад юм.  Үүнийг монголчууд чадна, амжилттай болвол дэлхий нийт баярлана.

Эх сурвалж:www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан