Д.Янжинхорлоо: Ард иргэдийн язгуур эрх ашгийг хамгаалах нь хуульч хүний үүрэг байдаг


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, өмгөөлөгч Д.Янжинхорлоо нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1996 онд эрх зүйч мэргэжлээр дүүргэж, улмаар ХБНГУ-ын Мюнхен хотын Людвиг Максимилиан хааны нэрэмжит Их сургуульд хууль зүйн магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд 2003 оноос Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна. Өмгөөлөгч Д.Янжинхорлоо нь 2015 онд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэвлүүлсэн иргэний эрх зүй, ялангуяа үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн чиглэлээр бичсэн судалгааны өгүүлэл, нийтлэлүүдээ эмхэтгэж, 2015 онд “Монгол уосын иргэний эрх зүй Үл хөдлөх хөрөнгийн эрх зүй” анхны эрх зүйн монографи маягийн номоо нийтийн хүртээл болгосон нь судлаачид, өмгөөлөгчдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Хуульч судлаачдын дунд эрэлт хэрэгцээтэй энэхүү ном худалдаанд байхгүй дууссан учраас зохиогч ахин эмхэтгэж хэвлүүлсэн байна. Хуульч, өмгөөлөгч Д.Янжинхорлоог Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2015 оны “Шилдэг өмгөөлөгч”-өөр шалгаруулахдаа түүний үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн чиглэлээр гаргасан бүтээл, олон улсын болон үндэсний хуралд тавьсан илтгэлүүд зэрэг бүтээлч үйл ажиллагааг харгалзан үзсэнээс гадна газрын асуудлаар иргэн хүний шүүхэд хандах эрхийг хуулиар хаасан байсан зөрчлийг илрүүлж, Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн ард иргэдийн язгуур эрх ашгийг хамгаалсан явдлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нийтийн эрх ашигт нийцсэн үйл явдал болсон гэж дүгнэж, онцгойлон үзсэн юм. Ингээд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2015 оны “Шилдэг өмгөөлөгч” Д.Янжинхорлоотой хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулж байна.

-    Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2015 оны “Шилдэг өмгөөлөгч”-өөр шалгарсан явдалд “Өмгөөлөгч” сэтгүүлийн зөвлөлийн нэрийн өмнөөс танд баяр хүргэе. Таныг 2015 оны “Шилдэг өмгөөлөгч”-өөр шалгаруулсан үндэслэл дотор 3 зүйл байна. Нэгдүгээрт, таныг иргэний эрх зүй,  үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн чиглэлээр ном гаргасан. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцэд үндсэн хууль зөрчсөн үйлдлийг илрүүлж хүчингүй болгуулсан. Гуравдугаарт, судлаач хүнийхээ хувьд онол практикийн хуралд олон удаа илтгэл тавьсан гээд 3 үндэслэлээр шалгаруулсан байна. Үүний дотроос Үндсэн хуулийн маргааны талаар эхлээд асуумаар байна.  2015 оны 7 дугаар сард УИХ-аас Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулж “иргэн, хуулийн этгээд газар барьцаалсан гэрээндээ үл маргах журмаар шийдвэрлүүлнэ, шүүхэд хандахгүй” гэж заагаад тэр нь нотариатаар гэрчлэгдсэн бол шүүх хүлээж авахгүй байх гэсэн утгатай заалт орсон байдаг. Энэхүү заалт нь Үндсэн хууль зөрчсөнийг илрүүлж, Үндсэн хуулийн цэцэд хүчингүй болгуулсан нь улс төрчид болон иргэдийн анхаарлыг татсан үйл явдал болсон. Энэ талаар та дэлгэрүүлж ярих уу?

-    Монгол улсад эрх зүйн шинэчлэл өргөн хүрээгээр явагдаж байна. Энэ хүрээнд олон хууль шинээр батлагдаж, мөрдөгдөж байгаа нь сайшаалтай. Гэхдээ энэ бүх шинэ хуулиудад нэг том цензур байгаа юм. Энэ юу вэ гэхээр ямар ч сайн хуулийг хаанаас ч орчуулаад ирсэн бай, боловсруулаад батлуулсан бай энэ бол Үндсэн хуулийн хүрээнд л батлагдах ёстой гэдэг нь хамгийн том цензур. Үндсэн хуулийг зөрчсөн ямар ч сайхан хууль байгаад ард иргэдийн язгуур эрх ашигт үл нийцсэн бол хүний үндсэн эрх зөрчигдөх ойлголт болдог. Үндсэн хуулийн хүрээнд хууль батлана гэдэг бол өөрөө маш том шалгуур, том хариуцлага, чадвар гэж ойлгож болно. Өмчлөх эрх бол хүний язгуур эрхийн нэг. Төрөөс нэг удаа үнэгүй хувьчилж өгсөн газрын өмчлөх эрхтэй холбоотойгоор хэдийгээр банкны барьцаанд тавьсан ч гэсэн иргэн, хуулийн этгээд ямар нэг байдлаар шүүхэд хандаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж болохгүй гэж хуульчлан баталгаажуулах нь хэт банкны болон банк бус санхүүгийн байгууллагын эрх ашигт үйлчилсэн хууль баталсан гэдэг нь хэнд ч тодорхой. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 53 дугаар зүйлийн 53.4, 53.5, 53.6 дугаар хэсгийн заалтуудыг УИХ-аар нэмж дахин баталсан байдаг юм. Иргэн, хуулийн этгээд газар барьцаалсан бол үл маргах журмаар газраа хураалгахыг зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурсан бол шүүхээр явахгүй байх тухай баталгаажуулсан нь үнэндээ шударга бус явдал төдийгүй иргэдийн эрх ашгийг хөндөж Үндсэн хууль зөрчсөн явдал болсныг л би хуульч хүнийхээ хувьд гаргаж тавьсан хэрэг.
Ерөнхийлөгчийн гаргаж буй шийдвэр хүртэл Үндсэн хуулийн хүрээнд байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц хянадаг байхад банк, банк бус санхүүгийн байгууллагын хийсэн гэрээгээр газар барьцаалаад, тэр нь гэрээний аргаар зээлдэгчийг хэт хохироосон нөхцөлтэй байхад шүүхэд хандаж тухайн иргэн эрхээ сэргээлгэж болохгүй гэж үү? Бодох л ёстой асуудал. Ер нь банкны зээлийн барьцааны үйл ажиллагаа шүүхийн хяналтаас бүрэн чөлөөлөгдөх тийм давуу эрх эдлэх ёстой гэж надад бодогдохгүй байна. Ард иргэдийн язгуур эрх ашгийг хамгаалах нь хуульч хүний үүрэг байдаг. Өмгөөлөгч хүнийхээ хувьд би асуудалд хандаж, Үндсэн хуулийн цэцээр тухайн шийдвэрийг хүчингүй болгуулсан юм. Ер нь бол Монгол улсад бүх субъектын үйл ажиллагаа шүүхийн хяналтад байдаг. Шүүхийн хяналт гэдэг нь үйлдэл бүрийг ажигласан, үргэлжилсэн хяналтыг хэлээд байгаа юм биш. Тухайн субъектын үйл ажиллагаа хууль ёсны эсэхийг тодорхой тохиолдолд буюу бусдын эрх зөрчиж буй тохиолдолд хянуулах эрх нь нээлттэй байх ёстой гэж ойлгож байгаа.

-    2005 онд батлагдсан Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдах журмын тухай хуулийн талаар  та тодорхой ойлголтыг манай уншигчдад өгөөч?  
-    2005 онд Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль гэж баталж байсан. Гол зорилго нь үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих гэрээнд ямар нэг асуудал гарвал шүүхэд огт хандахгүй, шүүхэд хандах эрхээсээ бүрэн татгалзаж байна гэсэн заалт оруулсан бол шүүх зээл, барьцаатай холбоотой ямар нэг өргөдөл, нэхэмжлэл хүлээн авахгүй, татгалзах ёстой гэсэн утгатай байсан. Судлаач, өмгөөлөгч хүний хувьд иргэн хүн шүүхэд хандах эрхээсээ олон жилийн өмнөөс ирээдүйд юу болохыг мэдэхгүй байж бүрмөсөн татгалзана гэдэг зээлдүүлэгч өөрийн бүхий л эрсдлийг хууль батлуулах замаар хаасан, нэг талдаа буюу зээлдэгч иргэн хуулийн этгээд талдаа хэт хохиролтой хууль болсон. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэх үү гэдэг талаас нь хянуулахаар Үндсэн хуулийн шүүхэд хандсан. Тухайн үеийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим үүний дараа бусад зарим заалтыг нь мөн Үндсэн хуульд харш гэж  үзэж, цэцэд өгч хүчингүй болгуулж байсан. Улсын дээд шүүх тухайн үед “Та жирийн иргэний эрх ашгийг хамгаалж туйлын чухал асуудлыг хөнджээ. Монголын шүүх танд талархаж явах учиртай юм” гэж хэлж байж билээ. Миний мэдэхээр Улсын дээд шүүх хэрэг, маргаан шийдвэрлэхэд бидний хэрэглэх хууль Үндсэн хууль зөрчиж байгаа учраас бид тухайн хуулийг хэрэглэж чадахгүй байна. Үндсэн хуулийг зөрчиж буй эсэхийг хянаж өгөөч гэж Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан тохиолдол одоохондоо бараг байхгүй болов уу. Зээлийн ба барьцаатай холбоотой маргаан шүүхэд нэлээд хянагддаг. Үнэхээр өгсөн, авсан нь тодорхой бөгөөд иргэний эрх ашгийг хохироосон зүйл байхгүй тохиолдолд шүүх бол банкны шаардлагыг хангаж л шийдэж байгаа шүү дээ. Шүүхийн өмнөх ба шүүхийн шатанд талууд эвлэрэх нь ч нээлттэй. Гол нь амьдрал баялаг учраас иргэний эрхийг хэт хохироосон цөөн тохиолдол гарлаа гэж үзэхэд, холбогдох этгээд шүүхэд хандаж хянуулах бүх эрх нь урьдаас хаагдсан байна гэдэг нь л Үндсэн хуулийн зөрчил болоод байгаа юм. Ер нь хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүмүүс ямар хууль гарч байна гэдэг нь нэг талаараа мэдлэг боловсрол, дадлага туршлагатай холбоотой. Нөгөө талаараа Үндсэн хуулийн суурь мэдлэгийг судлаагүйн улмаас Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг гаргачих тохиолдол байдаг. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн нь нотлогдоод, Үндсэн хуулийн цэцийн нэгдсэн шийдвэр гаргасан байгаа тохиолдолд түргэн шуурхай зөрчлийг арилгах л ёстой. Харин Үндсэн хуулийн цэц рүү хандаж шүүмжлэх нь зохимжтой биш, улс төржсөн буруу хандлага гэж би хуульч хүнийхээ хувьд үздэг юм. Монгол улсын Үндсэн хууль бол улс орны тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж байдаг эрх зүйн гол акт.

-    Аливаа барьцааны гэрээ хийгдсэний дараа маргаан гарвал иргэн хүн Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэх нь шударга ёсны асуудал биз дээ?
-    Ер нь аливаа гэрээ гэдэг бол хоёр талын хүсэл зорилгыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулагч талуудын аль нэг нь давуу тал, давуу эрх эдлэхийг хуулиар хязгаарласан байдаг. Энд гэрээний хариуцлага алдсан талууд, гэрээнд заасны дагуу буюу хоёр талын харилцан тохиролцсон хариуцлагыг хүлээх, үгүй бол хуулийн хариуцлага хүлээх учиртай. Энэхүү маргааныг зөвхөн шүүх, арбитрын байгууллага шийдвэрлэх эрх зүйн боломж байгаа юм. Харин хуулиар хэн нэгэнд нь давуу эрхийг үүсгэх, эрхээ хамгаалах боломжийг хязгаарлавал Үндсэн хуулиар олгосон иргэний эрх ашгийг зөрчсөн үйлдэл болох боломжтой.

-    Иргэд шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах боломжгүй болчихвол нийгэмд шударга ёс гэсэн ойлголт үндсэндээ алга болчихож байгаа хэрэг биз дээ. Ердийн журмаар явж байгаа зээл болгон шүүхээр явдаггүй нь тодорхой. Гагцхүү яах аргагүй тодорхой эрх ашиг хөндөгдөхөд хүрвэл шүүхэд хандах эрхийг нь нээсэн гэж ойлгож болох уу?
-    Тэгж ойлгож болно. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх, эсвэл банкны эрх ашиг зөрчигдөхөөргүй байхад  үндэслэлгүйгээр зөвшөөрөл өгөхөөс татгалзах гээд олон асуудал бий. Түүнээс ч өөр бүр ноцтой асуудал ч бас бий. Монгол улсад ашигт малтмал олборлож байгаа уурхайнууд бүгд газар ашиглах гэрээтэй. Гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын бүх гэрээ нь аль нэг улсын тухайлбал, Лондонгийн, Австралийн, Нью-Йоркийн арбитрын байгууллагаар шийдвэрлүүлэхээр заасан байна. Уг нь манай хуульд Монгол улсын нутаг дэвсгэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой маргаан аль нэг гадаадын арбитрын биш, Монгол улсын шүүхийн онцгой харьяаллаар шийдэгдэнэ гэж заасан байдаг юм. Үгүй ядаж Монгол улсын арбитрын байгууллага шийдвэрлэж байх хууль баталж бас болно. Өөрийн улсын хууль, шүүхийн байгууллагын харьяаллыг үгүйсгэх гэж энэ хжжлийг дахин батлав уу гэсэн хардах үндэслэл бас бий.

-    Банк барьцаа хөрөнгө маань “Хөдөлгөөнтэй” болчихоор зээл өөрөө эрсдэлд орчихлоо. Тэгэхээр эрсдэлтэй зээлийг хэн ч өгөхийг хүсэхгүй шүү дээ гэж нэг хэсэг хүмүүс тайлбарлаад байгаа нь хэр зэрэг үндэслэлтэй вэ?
-    Найман хувийн зээлтэй холбоотой Үндсэн хуулийн цэцэ хандсан иргэн А.Базарын маргааныг би судлаачийн хувьд анхааралтай ажиглаж байсан. Түүний хувьд яах аргагүй зөв асуудлыг хөндсөн. Жишээ нь, та 20 жилийн хугацаатайгаар орон сууцны зээл авчээ. Эхний 10 жил зөвхөн хүүг төлөөд байдаг ч таны үндсэн өрөөс бараг хасагдахгүй ч гэсэн та зээлээ төлөөд л яваад байдаг. Гэтэл энэ хооронд хүүхэд чинь өсөж том болоод их дээд сургуульд орох боллоо гэж бодъё. Тэгээд сургалтын зээлтэй холбоотой байраа давхар барьцаанд тавихыг хүсвэл банк ингэж барьцаалах эрхтэй, үгүйг нь шийдээд байгаа хэрэг юм. Зүй ёсоор бол зээл төлөгдөж байгаа хэсгээрээ барьцаа хөрөнгө бас чөлөөлөгдөөд явах учиртай ч тэр ажиллагаа огт хийгдэхгүй байгаа юм. Харин ч банк хүний өмчлөх эрхийн гэрчилгээг хураагаад авдаг. Уг нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бол тусдаа бие даасан өмч учраас түүнийг хураах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй юм. Мэдээж хэрэг банкинд мэдэгдэж, давхар барьцаанд тавих боломжтой гэж үзсэн хэрэг. Ер нь бүртгэлийн хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох замаар шийдвэрлэх боломжтой асуудал дээр шийдлийг эрж хайх л хэрэгтэй.    

-    Сүүлийн үед Үндсэн хуулийн цэцэд өргөдөл ихээр гаргах болжээ. Аливаа зүйл мэдээж хоёр талтай байх нь дамжиггүй. Энэ ер нь сайн талтай юу, муу талтай юу?
-    Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж байгаа Монгол улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ л эдэлж байна гэж ойлгож болно. Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл болгон ямар нэгэн байдлаар Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй эсэх тухай шийдвэрлэгддэг юм. Магадгүй хэн нэгэн иргэн Үндсэн хууль зөрчсөн гэдэг ойлголттой байж байгаад тухайн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаснаараа Цэцэд зөрчөөгүй байна гэж шийдвэрлэгдэхэд тэр хүн өөрийнхөө буруутай ойлголтыг зөвтгөж байх жишээтэй. Харин Үндсэн хууль зөрчсөн байна гэж тогтоогдох юм бол Үндсэн хуулиа иргэн хүнийхээ хувьд хамгаалж байгаа үйлдэл. Ямар ч хуульч Үндсэн хуулийг зөрчсөн үйлдлийг хараад түүнийгээ засаж залруулж, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж байх үүрэгтэй гэж би ойлгодог. Нөгөө талаараа Үндсэн хууль зөрчсөн үйлдэл их гараад байгаа нь парламентын дэргэд хүчирхэг хууль эрх зүйн судалгааны байгууллага байхгүйтэй холбоотой байна. Гадаадын ихэнх улсууд парламентынхаа дэргэд эрх зүйн хөгжил, эрх зүйн шинэчлэлийн явцад гарч буй аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүрээлэнгүүд ажиллуулдаг. Энд эрдэмтэн, судлаач, хуульчдын багтай байдаг. Тэр дотроо төрөөс гаргаж байгаа хуулиудыг судлаад ямар хуулиудын зохицуулалттай давхцаж байна, Үндсэн хуулийг зөрчиж байна уу, үгүй юу гэдгийг судалдаг баг байдаг юм байна лээ. Томоохон байгууллага ажиллуулах боломжгүй бол одоо байгаа судалгааны бусад байгууллагын дэмжлэгийг авч хууль гарахын өмнө зөвлөмж авч байх юм бол Үндсэн хууль зөрчихгүйгээр хууль гарах боломж нь нээлттэй байдаг.

-    Өмгөөлөгч хүнийхээ үүргийг биелүүлж Үндсэн хуулийн цэцэд хандаж, иргэдийн эрх ашгийг хамгаалж яваа танд баярлалаа. Таны хүний эрхийг хамгаалах ариун үйлс болон эрдэм судлалын ажилд тань амжилт хүсье.

Сэтгүүлч М.Эрдэнэчимэг
Өмгөөлөгч сэтгүүл 2016 №11 70

  • Шинэ
  • Их уншсан