ГИВЛҮҮРТ МОГОЙ

Яруу найрагч Андрейн Сүглэгмаа миний зохиолыг уншаад "Гивлүүрт могой” хэмээх шүлэг тэрлэжээ.
“Багдадын цуутай гоо хүүхэн Сүжрида урьд шөнө домогт жанжин Арантайн аминд хүрчээ” гэх цуу яриа Перс даяар тархав. Жанжин үнэхээр хорлогджээ. Хэдэн арван үе дамжсан эрхэмсэг Халифуудын алжаал тухыг тайлж ирсэн урт наст модод, усан мандал бүхий нуур цөөрөм, анхилуун үнэрт агар майльс, сараана цэцэгсээр дүүрсэн ихэс ноёдын хүрээлэнд оройжин бухар дарс шимэн цэнгэж байгаад Сүжрида хүүхнээ тэврээд унтсан Арантай жанжин өглөө хохь ганцаараа. Жанжны өврөөс хэн хүний гарт баригдаад байдаггүй, хорин хүнийг нэг дор алах чадал бүхий аюулт хороо арьсан дороо нууж явдаг “Алтан сумт” мэлхий гарч иржээ. Сувдан гивлүүр зүүсэн үзэсгэлэнт бүсгүй хамаг ажлаа бүтээчихээд үүр цүүрээр дөрвөн мамлюк эрийн хамт багашаархан хөлөг онгоцонд суугаад Миссир лүү хөдөлсөн байв. Энэхэн цаг үе нь Араб дахь Хижрийн тооллын 636-р он буюу нийтийн тооллын 1258 оны хаврын дунд сарын шар барс өдөр байлаа.
........................................................................................
“Айн Жалудын цавчилдаан” тууж маань ингэж эхэлдэг. Андрейн Сүглэгмаагийн “Хайрын Гүмүда” тэргүүтэй хэдэн сайхан шүлэг яг л эртний яруу найраг шиг бичигдсэн байдаг. Мөн “эр” найрагчийн “хур” тархинаас л урсан гарч байхуйц омоглон танхай шүлгүүд энэхүү булбарай бүсгүйн танхилхан цээжнээс ундарсан байх нь олонтаа. Ингээд дээрхи туужийг уншаад бичсэн түүний шүлгийг толилуулъя.

ГИВЛҮҮРТ МОГОЙ

Шуурган сумаа цацалж
Шуударч босов Дорноос
Саран зэвээ агсаж
Салам дайтав Өрнийг
Эвэр нумаа тавьж
Эрхшээж ноёрхов дэлхийг
Зэвлэх хүлгээ хөлөглөж
Жил сараар довтолгов
Жагарын жимс цэцэглэх
Жаргалын орноо саатав ай
Бумбын рашаан ундрах
Бурхны орноо буув ай
Шигэлбэр үсээ задалж
Шилээ нэг амраасу
Шивхэрч алжаасан биеэ
Шимтэж нэг цэнгүүлсү
Буцалсан их ялалтаа
Бухар дарсаар дайлсу
Ганихарч хулжсан сэтгэлээ
Гал шиг охидоор тайлсу

Уран бэлхүүс юу нь
Ясан бие бөгөөтөл
Усны урсгал лугаа
Яруухан бүжих нь юун
Нөмгөн хондлой халхлах
Хархан гэзэг бөгөөтөл
Нил мөрөн лугаа
Халгилан долгилох нь юун
Хилэн хар нүд нь
Усан мэлмий бөгөөтөл
Хилэнт могой лугаа
Урин ховсдох нь юун
Агар майлс лугаа
Торгон мутар юугаас нь
Анхилуун сараана дэлгэрэх шиг
Үнэр ялдам буюу
Амтат дарс лугаа
Гоолиг бие юүгээс нь
Алтан алим ургах шиг
Хэлбэр төгс буюу

Торгон унжлагат жуузнаа
Тогтож ядах Сүжрида
Тогос лугаа өмсгөлнөө
Тормолзон суух Сүжрида
Алтан саат гивлүүрээ
Аяархан сөхнө үү Сүжрида
Анар улаан уруулыг нь
Амталж сууя уу Сүжрида
Нарны бурхан Амун ивээж
Надад чамайг бэлэглэв бус уу
Налинлянхуа үзэсгэлэнгээ
Наран адил цацруулах бус уу
Янагш ирсү
Янаг бүжсү
Талын чоно Арантай би
Таалан болгоосу чамайг

Мянга нэгэн шөнийн үлгэр
Мөнгөн саран хүүрнэв
Чилгэр баатрын өвөрт
Чивэлт могой шургалав
Монгол зүрх хорлогдов
Мөнхийн нойронд умбуулав
Үнсэнд хийсгэсэн
Өшлөө тайлав
Өнгө булбарай атал
Өшөөт бодолтон ажгуу
Ааль энхрий атал
Атгаг санаатан ажгуу

Харийн айших эм
Хамаг хүслээ гүйцэлдүүлээд
Хар нөмрөгөө хийсгэн
Барамнас адил
Балран одов
Хумхын тоос адил
Хулжин одов
Орь хүсэл аваас
Оёоргүй шунал буюу
Урин тачаал аваас
Ужид цэнгэл буюу
Хүүхэн зэмсэг аваас
Хүн зэвсэг болой
Хүчирхэг эрс бөгөөтөл
Хөөрөн түүнд
Самуурах нь юун
Гүрэн улсаа бутаргах
Гүнж урхинд
Гүйн орох нь юун
Ирт илдний дор
Дэлхийг хураасан атал
Эмс охидын доор
Дээлээ дэвсэх нь юун
Сэтгэл жолоогоо барьваас
Биес амгалан баймуй
Сэрэмж болгоомж байваас
Барс лугаа болмуй

Б.ОЙДОВ

  • Шинэ
  • Их уншсан