Өнөөдөр 823.354 хүүхдийн мөнгийг данс руу нь шилжүүлнэ

Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газраас мэдээлэл хийж байна. 


Мэдээллийн эхэнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох гэхээс илүүтэйгээр Халамжийн хуульд өөрчлөлт орж шийдэгдсэн байдаг. Тиймээс 91 хувийг зөв тодорхойлж, үүнд хамрагдаж байгаа хүүхэд бүрд мөнгийг хүргэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд 91 хувь буюу 1.039.000 хүүхдэд хүүхдийн мөнгө олгох тооцоолол гарсан. Хүүхдийн мөнгө 17 жилийн туршид олгогдож байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхэд хүүхдийн мөнгийг авахгүйгээр орхигдож байгаагүй. Тэр утгаараа 91 хувьд хамрагдаж байгаа 1.039.000 хүүхэд нэг бүрчлэн мөнгөө авна. Нэг ч сарын хоцрогдол, хохиролгүйгээр авна гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.

Түүнчлэн 1.039.000 хүүхдээс өнөөдрийн байдлаар Өрхийн мэдээллийн сангаас тодорхой болсон 823.354 хүүхдийн мөнгийг өнөөдөртөө багтаан дансанд нь оруулахаар ажиллаж байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Энэ нь нийт хүүхдийн мөнгө авах хүүхдийн 72 хувь нь хамрагдаж байна.

Өчигдөр олон нийтэд мэдээлэл хийснээс хойш өнөөдрийн байдлаар цахим хэлбэрээр 21.513 өрх мэдээллээ залруулах хүсэлтийг ирүүлжээ. Мөн Улаанбаатар хот болон орон нутагт 37.478 иргэн утсаар холбогдож мэдээлэл нягталсан бол 22.389 иргэн сум болон хороондоо биеэр ирж мэдээллийг нягталжээ. Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16 мянган өрхийн мэдээллийг шуурхай засварласан байна.


  • Шинэ
  • Их уншсан