Б.Долгион: Прокурорын байгууллагаас нийт 103 451 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласан

Улсын ерөнхий прокурорын газраас 2022 онд хүний эрх зөрчигдсөн явдлыг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлыг танилцууллаа. УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Батбаяр “Хяналтын харьяа Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага албан тушаалтнуудаас 2022 онд хүлээн авч шалгасан зөрчлийн талаарх гомдол мэдээлэл болон зөрчлийн хэргийн талаарх шийдвэрлэлтийн тоон мэдээ, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр 2022 онд авч хэрэгжүүлсэн зарим ажил арга хэмжээний талаар товч мэдээлэл өгье. 2022 онд зөрчил шалгах эрх бүхий 32 байгууллагын 10 мянга 513 эрх бүхий албан тушаалтанд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд 80 прокурор хяналт тавьж ажилласан байна. Улсын хэмжээнд 2022 онд 2390 зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 13 хувиар өссөн дүн юм. Нийт хүлээн авсан гомдол мэдээллийн 14 хувьд зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэрэг нээж шалгасан хэргийн шийдвэрлэлтийн байдлаар авч үзвэл 16.4 хувьд нь шийдвэр оногдуулж шийдвэрлэсэн. Харин 24178 хэрэгт шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авах санал гаргаж хэрийг шүүх рүү шилжүүлсэн. Энэ онь өмнөх оноос 12.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.  Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь өмнөх оноос 2597 хэргээр буюу 8.4 хувиар өссөн. Зөрчил үйлдэгдсэн газрыг судалж үзвэл хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулсан хэргийн 51 хувь нь Улаанбаатар хотод,  48 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна” гэлээ.

УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Долгион "Прокурорын байгууллагаас 2022 онд хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч мэдээлэл хүргэе. 2022 онд прокурорын байгууллагаас нийт 103451 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хяналт тавьж ажилласан байна. Энэ нь өмнөх оноос 32411 гэмт хэргийн гомдол мэдээлэл буюу 45.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт хяналт тавьсан гомдол мэдээллийн 98.6 хувийг цагдаагийн байгууллага, 1.4 хувийг АТГ, 0.1 хувийг Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа тус тус явуулж шалгасан гомдол мэдээлэл эзэлж байна. Хяналт тавьсан гэмт хэргийн гомдол мэдээллийн 76.3 хувийг нийслэл тээвэр, дүүргийн прокурорын газраас үлдсэн 23.7 хувийг аймгийн прокурорын газруудаас тус тус хяналт тавьж ажиллажээ. 2022 онд хяналт тавьсан нийт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн 94.5 хувийг тус онд багтаан эцэслэн шийдвэрлэсэн. Үүнээс 31.7 хувь хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, 54.8 хувьд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж үлдэх 13.5 хувьд нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллээс шууд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шийдвэрлэсэн байна" гэв.

  • Шинэ
  • Их уншсан