Ааваа, ээжээ, манайх ядуу учир би хүүхдийн мөнгө авч байгаа юм уу?

Өнгөрөгч даваа гарагаас эхлэн хүүхдийн мөнгөний асуудал тойрсон дуулиан дэгдэв. Аав, ээж нь хичээж ажилласан, улсад илүү их хэмжээний татвар төлсөн бол хүүхдэд нь төрөөс мөнгө хялайлгахгүй гэх шийдвэрээс уг дуулиан эхлэлтэй. За дүүрч. Суралцах цагтаа илүү суралцаж, ажиллах явцдаа илүү хичээсний гороор хүүхдүүд нь төрд илүү үзэгдэж байгааг яалтай.

Гэвч энэ ажил хэрэгжих шатандаа утгаа алдаж, “утаа май” тавих дээрээ тулав. Иргэдийн мэдээлэл зөрж, хүүхдийн болон хөрөнгийн хэмжээ алдаатай гарч, хөл толгойгоо алдлаа. Ийн статистикийн байгууллагын булхай илчлэгдэж, цахим үндэстэн гэж цээжээ дэлдэгчдийн үнэн төрх ил гарав.

Мэдээллийн алдаа, зөрүүг засахын тулд иргэдийг харьяа хороо, дүүрэгтээ хандах хэрэгтэйг холбогдох албаныхан хээв нэг мэдээлсэн. Тиймээс уурссан иргэд хорооны хаалгыг амраахаа байжээ. Харамсалтай нь, хорооны ажилчид энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа бөгөөд бухимдсан иргэдийг хэрхэн тайвшруулах учраа олж ядан бөмбөрч байна. Тэд мэдээлэл нь зөрүүтэй иргэдийн нэрсийг бүртгэхээс өөрийг хийж эс чадна. Ямар учраас хүүхдийн мөнгө нь хасагдсан болохыг лавлах иргэдэд “Яагаад танай хүүхдийн мөнгийг хассан гэдгээ яам ч өөрөө мэдэхгүй байгаа” гэсэн тайлбар хэлж байв. 

Байртай, машинтай, малтай, таван төгрөгийн хадгаламжтай иргэдийн хүүхдүүдэд тэтгэмж олгохгүйгээр төр шийдсэн бололтой. Жилийн орлого нь төрийнхний өгүүлээд буй 50 саяын талд нь ч хүрэхгүй байхад хүүхдэд нь мөнгө олгохгүй гэж гөжиж байгаа нь хүмүүсийн уурыг барж байна. Түүнчлэн  хүүхдийнхээ мөнгийг хадгалсан иргэдэд мөнгө олгохгүй гэж мэдээлсэн нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд буй.  Энэ талаар эрх баригчид "Нийт өрхийн 9 хувь нь хүүхдийн мөнгөө хадгалдаг. Тэдгээр өрхийн хүүхдийн мөнгийг зогсоох нь зөв гэж үзсэн" хэмээсэн юм. Хүүхдийнхээ ирээдүйн төлөө, өөрсдөөсөө харамлаж хумьсан мөнгийг нь илүү үзэж, халамжийн мөнгийг хар усанд зарцуулж буй хүмүүсийг тойглох гэж байгаа нь учир дутагдалтай.

Бодит жишээ 1

Жилийн 15-20 сая төгрөгийн орлоготой /ТЕГ-ын тооцоолсноор/, хоёр өрөө байртай, нэг жижиг тэрэгтэй. Байраа ипотекийн 6 хувийн зээлээр авсан. Гэвч тухайн өрхийн хоёр хүүхдийг хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасаж орхижээ. Шалтгаан нь байртай, машинтай тул баян гэж үзсэнтэй холбоотой. 

Бодит жишээ 2

Өрхийн жилийн орлого 30 сая. Хоёр идэхгүй ч хоосон хонодоггүй учир хосууд хүүхдүүдийнхээ мөнгийг ирээдүйд нь зориулж хадгалдаг. Ямар ч нөхцөлд тийш “гар дүрэхгүй” байх гэр бүлийн дүрэмтэй. Хэрэв нэн шаардлагатай бол хадгаламж барьцаалсан зээл аваад, түүнийгээ төлдөг аж. Гэтэл ингэж хичээсний гороор төр хүүхдүүдийнх нь мөнгө рүү “гар сарвайж” эхэлжээ. Хэрэглэх шаардлагагүй учир хадгалаад байна гэж төрийнхөн үзсэн бололтой. 

Бодит жишээ 3

Өнгөрсөн оны зургаадугаар сард жирэмсний амралт авч, декритийн мөнгөө бодуулсан байна. Гэтэл тэр мөнгийг өрхийн орлого дээр нэмж тооцоолоод, хүүхдийн мөнгөнөөс хүүхдийг нь хасжээ. Байнга олох орлого биш, нэг удаагийн мөнгөн тэтгэмж дээр үндэслээд, хүүхдэд нь мөнгө олгохгүй болсон байна. 

Бодит жишээ 4

Залуу хосууд учир аав, ээжийндээ амьдардаг. Аавынх дээрээ нөхөр, хүүхэдтэйгээ бүртгэлтэй байдаг. Гэтэл тухайн гэрт амьдарч буй өвөө, эмээ, ээж, аавын орлогыг нэгтгэж, тооцоолоод бяцхан гишүүнд улсаас мөнгө олгохооргүй болжээ.

Хүүхдийн мөнгийг ялгавартай байдлаар олгох нь дээрхээс гадна олон асуудал үүсгэж байгаа. Түүнчлэн асуудлаас гадна хэд хэдэн томоохон эрсдэл дагуулах шийдвэр юм.

Эрсдэл 1

“Ааваа, ээжээ, манайх ядуу учир би хүүхдийн мөнгө авч байгаа юм уу”? 

Орлогын хэмжээнээс нь хамаарч, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг ялгаатай олгох нь хүний мөн хүүхдийн эрхийг зөрчиж буй үйлдэл юм. Зөвхөн мөнгөн тэтгэмж авахгүй байгаа хүүхдийн эрх бус мөнгө авах багачуудын эрх ч зөрчигдөж байна. Ээж, аавынх нь орлогоор ангилж, хүүхдүүдэд тэтгэмж олгох нь нийгмийн зэрэг зиндаа, анги давхаргыг илүү гүнзгийрүүлэх эрсдэлтэй.

Эрсдэл 2

Хүүхдийнхээ мөнгийг өөрөөсөө, үрээсээ харамлаж хадгалсны гороор хасагдах дээрээ тулсан эцэг, эхчүүд хадгаламжаа цуцлахаар банкны үүд сахиад эхэлжээ. Энэ нь банкуудад эрсдэл үүгэнэ. Түүнчлэн иргэдийн санхүүгийн сахилга батыг сааруулах эрсдэлтэй.

Эрсдэл 3

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг улс орон даяар олгодог. Бид нийслэлд хорооны үүд сахиж, хагас өдрийн ажлаа барж буйдаа уурсах юу ч биш. Төрийн энэ жонхуугийн балгаар хөдөө амьдарч буй хэчнээн хүүхэд хөхөө өвлийн хүйтэн, хөр цасан дунд цоожтой хаалганы цаана үлдэж байгаа бол. Цас, зудтай, зам харгуй амаргүй нөхцөлд мэдээллээ нягталж, засуулахаар сумын төвийг зорих малчин хэд бол? 

Энэ мэт асуудал, бэрхшээлийг өгүүлж, дурдаад дуусахгүй. Ямартай ч, мордохын хазгай гэгчээр энэ ажил эхэлсэн цагаасаа маргаан дагуулж, иргэдийг чирэгдүүлж байна.


Эх сурвалж: eagle.mn

  • Шинэ
  • Их уншсан