Ц.Элбэгдорж Улсын Дээд шүүхэд 15, Х.Баттулга 4 томилгоог хийж байсан бол У.Хүрэлсүхийн үед хоёр шүүгч томилжээ
УИХ-ын 2024 оны сонгууль эхлэхэд ганцхан жил үлдлээ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь улстөрч МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд МАНАН бүлэглэлтэй хийж байсан тэмцлээ Хөгжлийн банк, төмөр зам, нүүрсний хулгайн эсрэг кампанит ажлуудаар үргэлжлүүлж байна. Нэг ёсондоо, тэрбээр өргөн олны дэмжлэгийг хүлээсэн эдгээр сэдвийн автор нь болж, шударга ёсны төлөө тэмцэгч лидерийн дүрээр эрх баригч хүчнийг ирэх сонгуульд удирдан оролцох төлөвлөгөөгөө хэдийнэ хэрэгжүүлж эхэлсэн. Улс төрийн улаан буланд Л.Оюун-Эрдэнэ ийнхүү байраа эзэлсэн бол цэнхэр буланд АН-ынхан УИХ-ын 2024 оны сонгуульд намынхаа туг болон орох лидерээ сонгох гэсэн дотоод дажинтай байна. Монголын улс төрийн гол хоёр хүчинд улс төр ийнхүү өрнөхтэй зэрэгцэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү “галын фронт”-ыг чиглүүлэх акци Төрийн ордонд гэхээсээ илүү олон нийтийн сүлжээнд нэг ширүүсч, нэг намжиж байгаа нь үе үе анзаарагдах... Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа 938 лицензийг цуцлуулж хувь, хувьсгалын олон дайсантай болсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг олон нийтийг бухимдуулж, ордон гороолох болсон шалтгааны цаад эзэн мэтээр ойлгуулах суртал ухуулгыг хийх болов. Энэ бүхний цаана ашиг сонирхол нь хөндөгдсөн улстөрчид, АН-ынхан, нүүрсний бүлэглэлийнхэн, сүүдэрт нуугдсан МАНАН буй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны тэмцлийг дэмжиж, “Гал”-ын дэмжлэг үзүүлэх тусам өөрийнх нь эсрэг чиглэх захиалгат дайралт улам ширүүснэ гэдгийг ч маш сайн мэдэрч, тооцож байгаа биз ээ.
Урьдчилж таамаглахад хэцүү атлаа гэнэтийн, гэвч тодорхой цохилт өгдөг улстөрч бол У.Хүрэлсүх. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авах үеэрээ “Хүн биш, хууль засагладаг төртэй болно” гэж мэдэгдсэн. Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн улс төрийн легаси! Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа 2021 оны зургадугаар сарын 25-нд өргөснийхөө дараа ард түмэнд хандаж хэлсэн үгэндээ “Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх, шүүх, прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгох явдал нэн чухал шаардлагатай байна. Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсныг засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр юм” гэж тодотгосон. У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч болсноос хойш улс төрд ямар халуун сэдэв дагуулав...?
Үе үеийн Ерөнхийлөгч нарын хамгийн том “зэвсэг” нь шүүх засаглал байсан нь нууц биш. Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх учиртай ч УИХ, Засгийн газар тийш хувь улстөрчийн амбицаа илэрхийлж, улс төрийн “гал”-ыг далдаас өрдөж, дургүй хүргэсэн улстөрчдийг шүүх, прокуророор айлгаж, Ерөнхий сайдтай ашиг сонирхол зөрчилдвөл танхимынх нь тогтвортой байдлыг үгүй хийх хорыг найруулж, жорыг нь тохируулах тактикийг сэм боловсруулдаг байсан дүр зураг өмнөх Ерөнхийлөгч нарын үед тов тодорхой харагддаг байсан. Харин У.Хүрэлсүх тэднээс огт өөр хүсэл зорилготой... Тэр Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар шиг Ерөнхийлөгч байхыг хүссэнгүй. Улс төр, хууль хяналтынхан дамнасан сүлжээ байгуулж, “Хонгил”-ын схемийг угсарч, өрсөлдөгчдөө намнах ажиллагаа явуулж, Ерөнхий сайдтай тэрсэлдэж, засаглалын тогтвортой байдалд заналхийлсангүй. Эсрэгээрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийн томилгоо, ШЕЗ-ийг шинээр бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилох эрх мэдлээсээ татгалзаж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2021 оны есдүгээр сард мэдэгдсэн. Тэр ч бүү хэл АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш, Ерөнхий сайд томилдог болсныг энэ үеэр онцолсон. Товчхондоо, шүүгчдийг УИХ, АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилох эрхтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөснөөсөө хойш хоёр сар гаруйн дараа Үндсэн хуулиар өөрт нь олгосон эрх мэдлээс ийнхүү татгалзсан юм. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, Ерөнхий сайдыг үнэмлэхүй эрх мэдэлтэй болгосон. Тэрхүү үнэмлэхүй эрх мэдлийг эдэлж байгаа Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ.
“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүүх дээр хэрэг удаагаад байгаа шүүгчдийн авлигын асуудлыг дэлбэлнэ” гэж Ерөнхий шүүгч Д.Ганзоригтай муудалцжээ” гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарчээ. Бүр “Л.Оюун-Эрдэнэ, Д.Ганзориг нар утсаар ярихдаа ам зөрсөн” гэв шүү! Хэрэв энэ үнэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөв. “Эрдэнэт”-ийн 49 хувийнханд холбогдох хэрэг хэдэн жил сунжирч, Хөгжлийн банк, төмөр зам, нүүрсний хулгайн хэрэг ар араасаа “дугаарлаж” байгаа энэ үед гүйцэтгэх засаглалын тэргүүн бухимдах нь аргагүй. Тэгвэл Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр хэн томилсон бэ... Ерөнхийлөгч асан Х.Баттулга! Ерөнхий сайдтай муудалцсан гэх Д.Ганзоригийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2013 оны дөрөвдүгээр сарын 12-нд 47 дугаар зарлиг гарган Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилж байсан бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2020 оны зургадугаар сарын 02-нд 77 дугаар зарлигаараа Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилж байжээ. Эндээс бас нэгэн сонирхолтой асуулт гарч ирнэ. Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хэн нь хамгийн олон хийгээд хамгийн цөөн шүүгчийг томилсон бэ... Судалгаанд дурдсанаар, Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа 15 шүүгчийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох тухай зарлиг гаргаж байсан бол Х.Баттулга дөрөв, Н.Энхбаяр 2005 онд С.Батдэлгэрийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилох зарлиг гаргаж байжээ. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болсноос хойш Улсын Дээд шүүхэд хоёр шүүгчийг шинээр томилсон аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үеэс Улсын Дээд шүүхэд Ерөнхий шүүгчийн нэг, танхимын тэргүүний гурав, 18 шүүгчийн томилгоог хийж байжээ.
Х.Нямбаатар УИХ-ын гишүүний суудлаас “Төрийн ордны гурван давхарт шүүгчдийг дуудаж, ял захиалдаг” гэх ноцтой мэдэгдлийг хийж байсан. Харин түүнийг Л.Оюун-Эрдэнийн танхимд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдохоор нэр дэвших үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Чамайг шүүхэд өгнө” гэж камерийн өмнө зэмлэсэн. Гэвч УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй байх бүрэн эрхтэй хууль тогтоогчийг өмнөө суулгаж байгаад ийн хэлсэн нь Х.Баттулгын хувьд байж боломгүй “Хориотой цохилт” байсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ц.Элбэгдорж шиг Улсын Дээд шүүхэд олон шүүгч томилж, хууль хяналтынхныг хэрсэн “Хонгил”-ын схем угсарч, Э.Бат-Үүл найзынх нь бичсэнчлэн тиран болохыг хүссэнгүй. Х.Баттулга шиг энтертайнмент улс төрийг дэглэж, Улсын ерөнхий прокурор тийш өрсөлдөгчтэйгөө холбоотой хавтаст хэргийг чулуудаж, Улсын Дээд шүүхэд өөр нэгэн “Ганзориг”-ийг томилох гэж төвдсөнгүй. Товчхондоо, тэр “Хонгил” угсарч, хүний, өөрийн намынхныг айлгаж, Засгийн газрыг огцруулах улс төр хийдэг Ерөнхийлөгч болсонгүй... Тиймээс том хулгайд нэр холбогдож, хуульд дуудагдсан бүлэглэлүүд түүн рүү ноцож байна.
Ж.Энх

- Шинэ
- Их уншсан

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2023.03.24-16:05:22