Ж.Батбаясгалан: Хотыг хөгжүүлэхийн тулд иргэн бүрт илүү их боломж олгох ёстой


Нийслэлийн МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалантай ярилцлаа.

-МАН 2012 оны сонгуулийн үр дүнд анх удаа сөрөг хүчний байр сууринд очсон. Та бүхний сонгуульт ажлын хугацаа үндсэндээ дуусгавар болж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын бүлэг хэр ажилсан гэж та дүгнэх вэ?

-2012 онд анх удаа НИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулах шийдвэрийг  гаргасан. УИХ-ын гишүүн Н.Батбаяр “НИТХ-ын сонгуулийн тухай  хууль”-ийнтөслийг өргөн барьж УИХ хоёрхон хоногт багтаан хэлэлцэн баталсан. Тухайн үед би НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Энэхүү хуулийн төсөл нь үед хэд хэдэн ноцтой асуудлыг хөндсөн юм. Нэгдүгээрт, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай байсан НИТХ маань үндсэндээ дөрвөн сар гаруйн өмнө бүрэн эрх нь дуусах  нөхцөл үүссэн. Хоёрдугаарт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн  хуваарь нь аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд буюу энэхүү хуваарийг салгаж зөвхөн НИТХ-ын сонгуулийг тусад нь явуулах нь зохисгүй гэж үзэж байсан.Гуравдугаарт, Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулийг хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын сонгуультай явуулах нь учир дутагдалтай гэж үзэн ажлын хэсэгт санал өгч байсан. Харамсалтай нь түүхэндээ анх удаа НИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулахаар шийдсэн. Харин энэ удаад Монгол Улсад хэрэгжиж байсан сонгуулийн дөрвөн хуулийгнэгтгэж, Сонгуулийн харилцааг зохицуулсан “Ерөнхий” хууль үйлчилж эхэллээ. Тэгэхээр энэ утгаараа нийслэл хоёр дахь удаагаа УИХ-ын сонгуультай  хамт болохоор боллоо. 2012 оны сонгуулиарсонгогчид МАН-ыг“Цөөнх”-ийнхариуцлагатай ажилд томилсон.Атгасан гар шиг 14-н төлөөлөгчтэй МАН-ын бүлэг байгуулагдсан. МАН  нийслэлд сөрөг хүчний үүргийг дөрвөн жилийн хугацаанд гүйцэтгэлээ. Энэ хугацаанд сонгогч, ард иргэдийн зүгээс  бидний  үйл ажиллагааг хоёр талтай л дүгнэдэг. Нэг талдаа сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай биелүүлж байна гэж үздэг бол нөгөө талдаа яагаад  илүү их “Хурц” ажиллахыг шаардаж байна.Ер нь сонгогчид яагаад байнга илүү ихийг хүсвэг вэ гэхээр эрх баригчдын хийж буй хууль бус буюу нийгэмд таалагдахгүй шийдвэр гаргаж байгаатай  шууд холбоотой байдаг. Эрх баригчид магадгүй зарим үед хууль зөрчиж, иргэдэд Үндсэн хуулиар олгосон эрхийг нь хөндөөд байгаа  үед сөрөг хүчнээс илүү  ихийг  хүсч эхэлдэг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Ер нь цөөнхийн байр сууринд ажиллаж байгаа өнгөрсөн хугацааг эргээд харахад хүндрэлтэй зүйлүүд  бишгүй л тохиолдоно биз?

-Мэдээж олон зүйлийг дурдаж болох ч  хүндрэл гэхээсээ илүү томоохон хоёр асуудал байдаг юм байна. Нэг нь сая миний дурьдсан сөрөг хүчнээс олон нийт  илүү ихийг хүсдэг. Нөгөө талдаа  сөрөг хүчин зарим ажлыг зогсоох хэмжээнд хүрдэг. Зарим үед  сөрөг хүчин ажил хийлгэхгүй байна гэх шүүмжлэл дагуулна. Гэхдээ хууль бус зүйл хийлгэх эрх цөөнхөд байхгүй. Харин ч иргэд, сонгогчдоос өгсөн хамгийн том үүрэг нь. Ингэж байж л иргэд, сонгогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж чадна. Үүнд маш олон зүйлээр жишээ авч болно. Тухайлбал, Хуримын ордон, Усан бассейны хувьчлалаас авахуулаад сүүлийн үед хамгийн ихээр яригдаж, иргэдийн эрх ашгийг хөндөх болсон асуудал нь “Дахин төлөвлөлт”. 2012 оны сонгуульд Э.Бат-үүл тэргүүтэй АН-ынхан “Ардын намынханд  газраа битгий өг, таны газар тэрбумд хүрнэ” гэж байсан. Гэтэл  өнөөдөр байдал дээрдээгүй л байна. Өнөөдрийн байдлаар  нийслэлд 24 байршилд дахин төлөвлөлтийн байршил баталсан ч ажил хэрэг болжэрх баригчдын зүгээс иргэдэд өгч байсан амлалтынх нь хажууд хумсын толионы хэмжээнд ч хүрэхээргүй л байх жишээтэй. Тийм учраас иргэд сэтгэл дундуур байна. Ялангуяа тухайн амьдарч буй газар нь дахин төлөвлөлтөд ороод газраа чөлөөлсөн иргэд үүнд илүү хамаатай. Өөрөөр хэлбэл,  гурван жилийн өмнө газраа чөлөөлөөд орох орноо нураагаад, гэрээ хураагаад,  амьдралаа нийслэлийн удирдлагуудад даатгаад нүүчихсэн. Гэтэл тэд өнөөдөр орох оронгүй л байна. Мэдээж цөөнх  олонхийн ажлыг эсэргүүцэхийн тулд эсэргүүцдэггүй. Ерөөсөө л  та бүхний хийж хэрэгжүүлж буй  бүхэн  Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ конвенцид нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн байх ёстой  гэдгийг л  бид байнга шаарддаг. Дахин төлөвлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж  байхад манай бүлгийн зүгээс оруулж байсан санал дүгнэлтэд энэ талаар тодорхой туссан байгаа. Ерөөсөө бидний барьдаг гол зарчим бол нэн тэргүүнд хүний эрхийг дээдлэхийг л шаарддаг. Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хүний эрх зөрчихгүй байх бүрэн боломж бий. Иргэдийн эрхийг нэг талдаа хуулиар хязгаарлана, нөгөө талдаа хамгаална л гэсэн ойлголттой явах ёстой. Гэтэл амьдрал дээр тэд хэрэгжүүлэхгүй л байна.

-Иргэдийн эрхийг хамгаалах, хангах талд та бүхэн ярьж байгаа шигээ хангалттай ажиллаж чадав уу?

-Цөөнхасуудлаа тавих, гарах шийдвэрт нөлөөлөх нь энэ удаагийн НИТХ-д тун бэрхшээлтэй асуудал байсаар бүрэн эрх нь дуусч байх шиг. Ерөөсөө л олонхиороо хүч түрж асуудлыг шийдсээр ирсэн. Цөөнхийг сонсохыг, иргэдийн асуудлыг ойлгож шийдэхийг хүсэхгүй байна. Цөөнх байдлыг сайжруулах, засч залруулахын төлөө л явж байгаа. Эрх баригчдын гаргаж байгаа шийдвэр нь хуульд нийцээсэй, нэг ч гэсэн иргэний эрхийг хохироохгүй байгаасай л гэж байгаа болохоос ажлыг нь гацаая,  зогсооё гэсэн зорилго байхгүй. Харамсалтай нь эрх барьж байгаа нам дотор бугшсан нэг том асуудал нь фракц, бүлэглэлийн зарчим. Нэг фракц нь асуудал оруулаад ирвэл хүч  түрээд  батлахаас аргагүй болчихдог. Харин МАН-ын хувьд ямар нэгэн фракцгүй нам. Үүнийгээ үйл ажиллагаагаараа байнга илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, аливаа шийдвэрийг гаргахдаа цөөнхийг дээдэлсэн олонхийн шийдвэр байх ёстой гэдэг зарчмыг МАН-ын бүлэг барьж ажилладаг. Ямар нэгэн байдлаар шийдвэр гаргахдаа цөөнхийн эрх ашгийг үл тоож болохгүй. Дахин төлөвлөлтийн нэг алдаатай тал нь 70 хувь нь зөвшөөрөл, 30 хувь нь хэнд ч хамаагүй гэдэг байдлаар хандаж байгаа. Уг нь дахин төлөвлөлтийн бүсэд байгаа иргэд олонхийн эрх ашигт баригдаж байгаа ч  хүн бүрийн амьдрал өөр. Жишээлбэл,  бид хоёр адилхан гэр хороололд амьдардаг ч магадгүй би гэрт амьдарч байхад чи  хоёр давхар байшинтай, хоёр ч өрөөгөө түрээсэлж орлого олдог. Хашааныхаа буланд дэлгүүр ажилуулдаг байх жишээтэй. Тэгэхээр дахин төлөвлөлтийн ажилд олонхийн нийтлэг жишиг гэж ерөөсөө байж болохгүй. Тэр байтугай энэ зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын нэг биш конвенцид тусгаад баталгаажуулчихсан байдаг. Манай улс нэгдэн орсон. Харин энэ бүх зохицуулалт дахин төлөвлөлтийн ажлын явцад зөрчигдөөд байсан учраас нийслэлийн МАН-ын бүлэг Хүний эрхийн үндэсний комисстхандсан. ХЭҮК-оос дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хангаагүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Угтаа бүгдээрээ л талархалтай байх хэрэгтэй  шүү дээ. Өөрөөр хэлбэл, төр  нэгийг нь баярлуулж нөгөөг нь гомдоох буюу иргэнээ алагчилж хэрхэвч болохгүй.

-Энэ мэтчилэн иргэдийн эрхийг зөрчсөн асуудал нийслэлд цөөнгүй гарсныг хэлэх хүн олон бий. Харин тэр бүрт цөөнх дуугарч, үр дүнд хүрсэн ажлаасаа дурдаач. Өөрөөр хэлбэл,  олон түмний эрхийг зөрчсөн ийм буруу шийдвэрийг бид эсэргүүцсэний эцэст иргэдийн талд шийдүүлсэн гэдэг ч юм уу?

-Маш олон асуудлыг дурдаж болохоор байна. Товчхондоотөсөв, өмч хувьчлал, хөрөнгө оруулалттай холбоотой олон жишээг энд дурдаж болно. Тухайлбал,  Хогны ногоон уутыг болиулсан, Гэрлэх ёслолын ордон, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг Усан бассейныг хүртэл хувьд шилжүүлэхээр оруулж ирсэн. Хэрвээ эдгээр асуудлыг эрх баригчид оруулж ирэхэд нь цөөнх үүргээ гүйцэтгээгүй, олны анхааралд оруулах нь цөөнхийн үүрэг. Хэдийгээр нэг нь эрх барьж, нөгөө цөөнх байгаа ч хоорондоо дайсагнахыг МАН-ын бүлэгхэзээ ч чухалчилдаггүй. Гагцхүү эрх баригчдын гаргаж буй шийдвэр иргэдэд чиглэсэн зөв шийдвэр байлгах үүрэгтэй иргэдийн томилсон “Манаач” л гэж цөөнхийг ойлгодог.

–Гэхдээ үүний нөгөө талд цөөнх хичнээн дуугараад ч амжилт олоогүй асуудал олон байдаг. Өөрөөр хэлбэл, та нар хангалттай ажиллаагүй болохоор нийслэлийн иргэдийн эрх зөрчигдсөн асуудал нийслэлд гарсаар байгаа юм биш үү гэвэл та ямар хариулт өгөх вэ?

-Нийслэл гэлтгүй нийт  Монголчууд өнөөдөр нэг л зүйлийг ухаарч байгаа байх. Өнөөдөр манай улсад эдийн засгийн хямрал, засаглалын хямрал бүрэн утгаараа нүүрлэсэн нь  ерөөсөө л эрх баригчдын буруу бодлогын л үр дүн. Үүнийг өөрөөр тайлбарлах боломжгүй. Цаашдаа ч байдал сайжрах баталгаа харагдахгүй байна. Ард иргэдээ хайрлаж,  халамжлах, тэдний амьдралыг өөд нь татах ёстой төр маань иргэдийнхээ нуруун дээрх ачааг улам л нэмээд байна шүү дээ. Хатуухан хэлэхэд нийслэлийн орлого тасраад буруу бодлогынх нь гор гараад  ирэхээр иргэдийнхээ халаас руу гар дүрээд эхэлж байна. Ганцхан жишээ татахад, энэ онд иргэдээ торгож олох орлого 23 тэрбум төгрөг. Гэтэл уг нь бид “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэх мэт гаднаас босгосон их хэмжээний мөнгөөр ажлын байраа нэмэх ёстой байсан ч энэ талд ямар ч алхам хийсэнгүй. Гаднаас босгосон их мөнгөнөөс зөвхөн нийслэлд л гэхэд 2.1 их наяд төгрөг зарцуулсан гэж УИХ-ын индэр дээр гишүүд ярьж байх жишээтэй. Ажлын байртай иргэн амьдралаа аваад яваад байж болдог. Энэ утгаар нь иргэнээ дэмжээд ажлын байр нэмэгдүүлэх, орлого олох боломжийг нь тэлэх, бизнес хийх таатай орчинг бүрдүүлэх талаар бага ч болов арга хэмжээ авсан бол өнөөдөр байдал ингэтлээ хүндрэхгүй байх боломжтой байлаа. Ингээд хэлэхээр  зам  засч, уулзвар янзалсан гэдэг. Мэдээж энэ сайн.  Хамгийн гол нь  эргэн төлөгдөх зээлийг үр ашгаа хурдан хугацаанд өгөх зүйлд зарцуулах ёстойг яагаад үл тоов. Зам янзаллаа гээд түгжрэл арилав уу, ажлын байр нэмэгдэв үү. Энэ бүх асуултад дорвитой хариулт олдохгүй байгаа биз. Харин үүний оронд өмнө нь зураг төслийг нь хийчихсэн давхар замыг яагаад барьж болсонгүй вэ. Энэ бол асуудалд хандаж байгаа эрх баригчдын хандлагын л асуудал. Нөгөө л улс төржилт. Эцсийн дүндээ эрх баригчид хүч түрсээр олон асуудлыггарц шийдэлгүй орхиод байгаа юм. Эдийн засгийн хямралтай тэмцэх ёстой эрх баригчид харин ч ард иргэдийнхээ ачааг өсгөөд торгууль, татварын хэмжээг нэмж байх жишээтэй. Хотын татвар бий болгочихлоо, автозам ашигласны төлбөр, НӨАТ, торгуулиа нэмчихлээ. Энэ бүхэн уг нь иргэдийн эрхийг төдийгүй хууль зөрчөөд байгааг бид хэлээд л байдаг. Сурсан зангаараа олонхиороо  хүч түрдэг. Ийм л байдалтай байсаар энэ удаагийн НИТХ, Засаг даргын бүрэн эрх нь дуусч байна.  Уг нь эрх баригчид зөв санаачлага, удирдлага, бодлого хэрэгжүүлж байж бид эдийн засгийн хямралаас гарна. Тэр дундаа  иргэн бүр ажил, орлогтой байсан цагт хямралыг гэтэлж чадна. Энд ганц жишээ татахад зөвхөн 2014 онд нийслэлийн хэмжээнд 4000  гаруй аж  ахуйн нэгж хаалгаа барьсан байна. Энэ бол нийслэлд татвар төлж байсан аж ахуйн нэгжийн тоо шүү. Тэгэхээр энэ бүх муу жишээг харахаар зөв шийдэл л бидэнд хэрэгтэй байна. Ийм л зүйлийг өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын бүлэг ярилаа. Харамсалтай нь эрх баригчид энэ дөрвөн жилд нийслэлийн төсвийн хөрөнгийг зөв зүйлд зарцуулж чадсангүй. Өнгөрсөн хугацаанд манай бүлгээс гаргасан дүгнэлт бүрийн эхэнд төсвийн хөрөнгөө буруу зүйлд зарцуулж байна  шүү гэдгийг л сануулсаар байсан.

-МАН-ын бүлэг хотын даргыг огцруулах талаар нэг бус удаа ярьсан. Эрх баригчдын  хууль бус үйлдэл хэрээс хэтрээд ирэхээр гол чиглүүлэгчид нь хариуцлага хүлээлгэхээр болсон гэж ойлгож байгаа. Ер нь Засаг  даргыг  огцруулах   асуудлыг хөндөхөөс аргагүй байдалд цөөнхийг  оруулсан гэж ойлгож болох уу?

-НИТХ-ын  гол чиг үүрэг нь бодлого батлах, түүнийгээ хэрэгжүүлэх төсөв батлах, хэрэгжилтэнд хяналт тавих юм. Тиймээс бид бодлогыг нь дэмжээд батлаад өглөө. Таван “А”-гаа хэрэгжүүлэх боломжийг нь олголоо. Амины сууцтай, ажил орлоготой, авлигагүй, агаар цэвэр гэх мэт мөрөөдлийн хөтөлбөр  оруулж ирж батлуулсан. Өөрөөр хэлбэл, бид эрх баригчдад ажиллах боломжийг нь бүрэн олгосон. Өнгөрсөн онд Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах  санал гаргасан. Гэхдээ энэ бол дан ганц цөөнхийн санал ойлгож болохгүй. Иргэд сонгогчдын илгээлт гэж ойлгох хэрэгтэй. Засаг даргын хууль зөрчсөн, иргэдийн эрхийг уландаа гишгэсэн үйлдэл туйлдаа хүрлээ гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргасан. Гол асуудал нь хотын дарга төсвийн  хөрөнгийгүргүй зүйлд зарцуулсан  гэж дүгнэсэн. Үндсэн гурван хууль зөрчсөн үндэслэлээр огцруулах санал НИТХ-д оруулсан. Тухайлбал, Э.Бат-үүл баатар маань хүүгийнхээ компанийг  ашиг сонирхлын мэдүүлэгтээ дурдаагүй буюу нуун дарагдуулсан.Мөн УИХ, Засгийн газраас  эдийн засгийн хямралыг хохирол багатай давахын тулд төр өөрөө хэмнэлтийн горимд шилжихийг чиглэл болгосон,Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байна” гэж заасан.  Хоёроос илүүгүй гэдэг нь нэгтэй ч байж болно, бүр байхгүй ч байж болно гэсэн үг шүү дээ. Гэтэл Э.Бат-Үүл  баатарт хууль үйлчилдэггүй л юм байна. Өнөөдөр ч гэсэн зургаан орлогчтой л ажиллаж байна. Гэтэл энэ олон хүний  эдэлж хэрэглэхээс авахуулаад цалин хангамж, унаа хөсөгт төсвийн хөрөнгө урссаар л  байна. Энэ бол эрх баригчид хуулийг уландаа гишгэдгийн  тод илрэл учраас бид асуудлыг хөндсөн. Гурав дахь нь дахин төлөвлөлттэй холбоотой ажил нь Хүний эрхийн зөрчил. Үндсэн хуульд зааснаар аливаа хүний өмч хөрөнгөд халдах буюу төр дайчилж том эрх ашгаа хэрэгжүүлэх гэж байгаа бол гагцхүү хуулиар л хязгаарлана. Нийслэлийн удирдлагууд  иргэдийг дахин төлөвлөлтийн ажилд дайчлан хамруулахдаа “Журам” төдийхнөөр ажлаа эхлүүлсэн. Энэ мэт иргэдэд Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчөөд байсан учраас манай бүлгийн 14 төлөөлөгч гарын үсэг зураад огцруулах бичиг өргөн барьсан. Харамсалтай нь  хурлын дарга  хүлээж аваагүй.  Хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж, төлөөлөгчийн бүрэн эрхэд халдсан. Тиймээс бид шүүхэдхандаад МАН-ын бүлэг ялсан ч Д.Баттулга дарга шүүхийн шийдвэртэй санал нийлээгүй, давж заалдсан байдалтай өнөөдрийг хүрлээ дээ.

-Э.Бат-Үүл дарга ч бас шүүхэд хандсан байх аа?

-Өөрийг нь огцруулах бичиг өргөхөд Засаг дарга маань маш эмзэг хүлээж авсан. 14 төлөөлөгч намайг гүтгэлээ гээд цагдаад хандсан. Энэ асуудлаар эрүү үүсгэсэн ч Чингэлтэй дүүргийн прокуророос “Энэ бол ямар ч гүтгэлэг биш. Огцруулах албан бичигт дурдсан 410 тэрбумын зарцуулалт үг, үсэг, тоо ёсоороо таарч байна. Тиймээс энэ бол гүтгэлийн шинжтэй асуудал биш” гэж дүгнэсэн. Засаг даргын хувьд энэ мөнгөөр гараа угаасан гэдэгт хэт их ач холбогдол өгсөн л дөө. Гараа угаах гэдэг нь үргүй зарцуулах л гэсэн үг шүү дээ. Угтаа энэ их мөнгөөр эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг нийслэлчүүдийн өмнө тулгамдсан олон ажил хийх боломжтой байсан. Гэтэл ногоон уут, нэг наст цэцэг, даншиг наадам гэх мэтээр эргэж үр дүнгээ өгөхгүй зүйлд цацчихсан.  Нөгөө талаас урсгал зардлаа хэмнэх асуудал байна. Дөрвөн жилийн хугацаанд 2900 гаруй орон тоог нэмсэн. 30 гаруй нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулсан. Энэ бүхнийг дагаад урсгал зардал, цалин хангамж, дарга цэргийнх нь суух өрөө тасалгаа гэх мэтээр нарийн яривал маш олон асуудал бий. Энэ улсад нэг л том бодлого байх ёстой.  Тэр нь хямралын үед бүсээ чангалъя л гэсэн. Ерөнхийлөгчийн зарлиг хүртэл гарсан. Гэтэл энэ нь улсын баатар хотын дарга ба түүний нөхдөд хамаардаггүй. Бие даасан улс болчихсон. Ийм л хууль бус үйлдэл гараад байсан учраас  хуулийн хүрээнд болгоё гэснийхээ төлөө манай төлөөлөгчдийн дахин Улсын ерөнхий прокурорт хандан эрүү үүсгүүлээд явж байх жишээний.

-Бид Э.Бат-Үүл ба түүний нөхдийн хууль бус үйлдлийн талаар  багагүй ярилаа. Гэтэл нийслэлийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд дандаа л хууль бус зүйл хийгээд байсан юм уу. Нөгөө талаас үүнийг нь цөөнх хэлж ярьдаг ч төдийлөн үр дүнд хүрээгүй нь  МАН-ын бүлгийнхэн дутуу ажилласных уу эсвэл АН засгийн эрх авсан цагаасаа хууль шүүхийнхнийг “халаасандаа хийчихсэн” гэх  шүүмжлэлийн бодит илрэл үү?

-Хотын удирдлагуудын гаргасан маш олон шийдвэр хууль, шүүх дээр очоод  унаж байгаа. Эрх баригчдын буруу үйлдэлтэй тэмцэх нь дан ганццөөнхийн  хийх ажил биш л дээ. Учир нь  тэдний гаргасан шийдвэр бүр нийслэлийн иргэн бүрт нөлөөлдөг. Тэгэхээр эрх баригчдын гаргасан шийдвэр буруу байгааг, тэдний амьдралд сөргөөр тусч байгааг маш олон иргэн хэлж, бүр хууль шүүхийн байгууллагад хандаж, ялалт байгуулж байна. Нөгөө талдаа бид шүүмжлэхийн тулд шүүмжилдэггүй. Иргэдийн эрх ашгийг хангах үүднээс болон эрх баригчид Засаг дарга  зөв зүйл хийгээсэй гэдэг үүднээс дэм болох гэж л ажиллаж байгаа. Ялангуяа цөөнх бол бурууг нь засах л үүрэгтэй.  Энэ ч утгаараа бид зөвийг нь бүрэн дэмжсээр ирсэн.

-Нийслэлээс иргэдийн эрхийг зөрчсөн, хууль бус шийдвэр олон гарлаа гэх шүүмжлэлийн цаана МАН-ын бүлэг бүхэл бүтэн 14 төлөөлөгчтэй. Тэд ч бас шийдвэр гаргалцдаг  учраас шүүмжлэлийг үүрэлцэх ёстой гэх шүүмжлэл өрнөдөг. Үүндта ямар тайлбар өгөх вэ?

-Хурлын шийдвэр бол хамтынх. Иргэдийн шүүмжилж харах нь зөв. Гэхдээ тухайн хэлэлцэх асуудалд МАН-ын бүлгээс оруулж байгаа санал, дүгнэлт яг л иргэдийн тавьж буй шаардлагатай нийцэж гарч байгаа. Харамсалтай нь бүх зүйлийг олонхиороо хүч түрнэ шүү дээ. Манайх 14-үүлээ, АН 26-уулаа.Болоогүй 26-уулаа “давхар дээл”-тэй. Ерөөсөө л Засаг даргын шууд  шийдвэрээр томилогдсон хүмүүс учраас  Засаг даргын “амьгүй албат” л гэсэн үг. 30:14-ийн харьцаатай байгаа  нөхцөлд цөөнхийн бүлэг дуугарсан ч эс дуугарсан ч асуудал  ногоон гэрлээр явдаг. Гэхдээ мэдээж цөөнхийн бүлэг байж болох бүхий л хувилбараар, ямар л боломж байна тэр хүрээнд ажилласан. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход цөөнхийн бүлэг шийдвэрт нөлөөлж чадахгүй ч  маш олон асуудлыг хөндөж, олны анхаарал оруулсан. Ингэснээр олны хүчээр эрх баригчдын  хууль зөрчсөн шийдвэрийг зогсоож ирлээ.

М.Хангарьд


  • Шинэ
  • Их уншсан