Х.Тэргэл: Бүсгүй чамд илгээх захидал-2


Намайг уучлаарай гэж хэлж амьдардаг хорвоо дээр
Насан туршдаа өөрийгөөн болоод бусдыг уучилж амьдар
Гомдол хорсол, үзэн ядалт бүхнээс зайлсхийж
Гутрал гуниг шаналал бүхнээс өөрийгөөн цэвэрлэж яваарай

Хэн нэгнийг хайрлаж ханийн энгэр түшлээ ч
Хэзээ ч бүү мартаарай бидэн хоёрыг наагаагүй ээ гэдгийг
Хэтэрхий ихийг хайртаасаа нэхэж, өмч мэт үзэлгүй
Хэмжээ хязгаартай амьдарч яваарай бүсгүй чи

Жаргал мөнгө л юм шиг санагдаж
Жаргал гэдэг хангалуун амьдрал л юм шиг бодогдож
Харах нүд чинь сохорсон мэт болохын цагт
Хаалгаан нээж зүрхээн чагнаж, өөрийгөөн өөрөөсөө олж аваарай

Харамсах халаглах юмгүй амьдар бүсгүй чи
Хачин сайхан сэтгэлээсээн инээмсэглэж яв
Өдөр бүр өөрийгөөн тольдож
Өнгийж сайн харж бай доторх болоод гадна төрхөө

Энэ сайхан хорвоо дээр өчнөөн сайхан зүйл бийд итгэ

Өөрийг тань хайрлах олон  хүмүүс
Өнгө өнгийн цэцэг шиг дэлгэрэн буйд итгээрэй
Хэн нэгний халамжинд найдан
Хэн нэгний төлөө залуу насаа үрлээ гэж балайралгүй

Хүний эхнэр л болчихсон юм чинь яадагийн гэж биеэн хаялгүй
Хонгор жаахан охин үеийнх шигээ
Гангалж бас тольдож, үргэлж гоё яв бүсгүй чи

Өрөөл бусдыг зүхэн доромжлохоосоо өмнө
Өөрийг минь бас хэн нэгэн өргөс харганаар ороолгоод байвал
Өвдөх болов уу яах бол гэж
Өгөөмөр сэтгэлээр бодож яв бүсгүй минь

Өөрөөн чи ингэж чадвал
Өнгөлөг агаад бардамнал дүүрэн
Өчнөөн эрс өлмийд чинь сөгдөн
Өнгө үзэсгэлэн ухаанд чинь татагднаа

Гоё сайхан яв бүсгүй минь чи
Гологдож биш шилэгдэж амьдар
Орчлон хорвоо ийм сайхан болохоор
Одноос ч илүү тод гэрэлтэж яв бүсгүй чи

Хулганайн Тэргэл

  • Шинэ
  • Их уншсан