З.Энхболд: Магтуулах гэж эрх баригч болдоггүй


УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд. Монгол төрийн нэгэн хүчирхэг оршихуй болсон энэ эрхэм өнгөрсөн хугацаанд улстөрч хүний туулах ёстой хамгийн бартаатай зам, үүрэх учиртай хүнд ачааг үүрсэн мэт санагдана. Хувь хүнийхээ хувьд их тодорхой, ярилцахад сонирхолтой, шинэ санаа “үйлдвэрлэгч”, бас Монголын лидер улстөрч З.Энхболдыг МИАТ-ийн олон улсын нислэгийн “Хөөрөх цэг” сэтгүүлд зочноор урьж ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.  

Төрийн албанд ре-инженеринг гэдэг
нэр томъёо шинээр гарч ирсэн

- Таны тухай нэгэн оньсого байх юм.
Зарганд онхолддоггүй баатар
Занганд орооцолддоггүй баатар
Маргаанд нугардаггүй баатар
Матаанд хугардаггүй баатар
Тэр хэн бэ... гэж. Энэхүү оньсогыг зохиосон хүн УИХ-ын даргыг биш, хувь улстөрч З.Энхболдын онцлог зан чанарыг хэдхэн мөртөд багтаасан нь энэ юм болов уу. Ингэхэд АН сөрөг хүчин байх үеийн “Хатуу самар” гэгддэг З.Энхболд, эрх баригч хүчний лидер, УИХ-ын дарга З.Энхболд хоёрын үзэл бодол, амьдралын хэмнэлд хэр өөрчлөлт гарсан бол?     

-Мэдээж хэрэг, өөрчлөлт гарч байгаа. УИХ-ын жирийн гишүүн байх нь илүү эрх чөлөөтэй. Улс төрийн эгзэгтэй үеүдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр хувь улстөрчийн байр сууриа хатуу хамгаална. Харин одоо энэ байдал өөрчлөгдсөн. Нэг ёсондоо, “Ингэж болно, тэгж болохгүй” гэдэг хязгаарлалтад орсон гэсэн үг. Ер нь хуралдаан удирдаж байгаа хүн хувийн үзэл бодлоо хэлж, санал хураалтын үеэр түүнийгээ хамгаалан бусдыг уриалаад байж болдоггүй юм. Тэгэхээр их том өөрчлөлт гарсан байгаа биз.

-“Эрх мэдэл хүнийг эвддэг” гэдэг. Бас “Эрх мэдэл тухайн хүнийг хэн бэ гэдгийг хялбархан таниулдаг” гэх нь ч бий. Тиймээс улстөрчдөөс улс төр дэх хүн байх үзэл, хүн чанарын тухай олонтаа асуудаг л даа. Харин таны хувьд улс төр дэх хүн байх үзлийн талаар юу гэж боддог вэ?

-УИХ-ын гишүүд гэдэг бол ард түмнээс мандат авч орж ирсэн хүмүүс. Харин УИХ-ын тухайд, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага. Нэг гишүүний эрх мэдэл гэж байхгүй, харин 76-уулаа санал нийлбэл Үндсэн хуулиа ч өөрчлөх эрх мэдэлтэй болдог институци. Хүн чанар хэмээх нэхэл хатуутай зүйл хүмүүсийг хаана ч очсон, ямар ч албан тушаал хашсан үргэлж дагаж байдаг. Хар залуугаараа улс төрийн өндөр албан тушаалд дэвшмэгцээ “шатаад” алга болдог улстөрчид байна. Аль эсвэл алдаа, оноогоо ухаараад улс төрийн замаар урагшилдаг хүмүүс ч бий. Тэгэхээр хувь хүнээс их шалтгаалж байгаа биз. Харин хүн чанарын тухайд, их өргөн агуулгатай, үнэ цэнэтэй зүйл юм.

-Тэгвэл даргын цүнх барьж, цай, кофег нь зөөн эрх мэдэлд хүрдэг шог гэмээр шат дамжлагын талаар юу гэж боддог вэ. Энэ тухай дэлгэрэнгүй асуух нь илүүц биз. Учир нь олон нийтийн зүгээс мэдлэг, чадвартай нь арын эгнээнд үлдэж, мэдлэг, чадвараар дулимагхан ч зусардал, бялдуучлалын аргаар юм уу, ид шидээр ч гэх үү “цахилгаан шат”-аар өгсөгсдийг үе, үе хүчтэй “чимхэх” юм байна шүү дээ. Гэвч энэ эсэргүүцэл төдий л амжилттай биш байна?   

-Сонгууль болгоны дараа гардаг яриа. Үүний зэрэгцээ “Тэр тэгж байгаад тийм албан тушаалд дэвшсэн байна” гэх янз бүрийн мэдээлэл ч байх. Гэхдээ албан тушаал бол нэг насны “бэлэг” биш. Алдаа, дутагдал гаргавал ирсэн шигээ явж чаддаг байх ёстой. Гэхдээ сонгууль бүрийн дараа байрнаасаа хөдөлдөггүй албан тушаалтны тоо улам нэмэгдэж байгаа нь дэвшил юм. Ардчилсан нам УИХ-ын 2000 оны сонгуульд ялагдсаны дараа төрийн албан хаагчид болох 13 мянган хүн гудамжинд гарсан. Харин 2004 онд тухайн үеийн МАХН Ардчилсан намтай хамтран Засгийн газар байгуулсан учраас арай гайгүй байсан юм шиг байгаа юм. Манай нам УИХ-ын 2012 оны сонгуульд ялсан ч 2000 оных шиг халаа сэлгээ хийгээгүй. Яагаад гэвэл, Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгуулийн дүнгээр солигддоггүй албан тушаалтнуудын тоо улам өссөн. Мэдээж хэрэг, сонгуулийн үеэр сайн ажилласан хүмүүсийг албан тушаалд томилж болно. Хамгийн гол нь хуулийн хүрээнд, мөн тэдэнд тухайн ажлыг хийх чадвар бий юү гэдэгт анхаарах ёстой. Тэгж чадахгүй байгаа тохиолдол байдаг учраас олон нийтийн сүлжээгээр хүмүүс “Мэргэжлийн бус, чадваргүй нөхдийг ийм албанд томилсон нь буруу. Тэд үнэхээр гологдож байна” хэмээн шүүмжилдэг нь үнэний ортой. Гэхдээ тухайн албан тушаалыг өмнө нь хашиж байсан хүмүүс алдаа дутагдал гаргасан, ажилдаа хариуцлагагүй байсан бол хэн нэгнийг оронд нь томилж л таарна. Тиймээс бид төрийн албаны шалгуурыг улам нарийн, боловсронгуй болгохын тулд шинэчлэл хийх гээд байгаа юм. Алдаа, дутагдал гаргасан хүн одоогийнх шиг дархлаатай биш, хурдан зайлуулдаг хууль, эрх зүйн боловсронгуй тогтолцоотой болохгүй бол шүүмжлэл байсаар байх болно.

-“Төрийн албыг төрлийн алба болгож байгаа нь АН-ынхан” гэх шүүмжлэл ч бас байна. Үүнийг нууж, тойрохын аргагүй болжээ. Таны хувьд, намынхандаа, хамтран ажиллагсдадаа, бас эрх мэдэлд хүрээд иймэрхүү шүүмжлэлд өртөж яваа найзууддаа хатуухан үг хэлчихсэн удаа бий юү?  

-Тийм шүүмжлэл хэлсэн тохиолдол бий. “Болохгүй, бүтэхгүй байгаа хүмүүсээсээ хурдан сал. МАН-ын алдааг давтав аа. Болохгүй улсуудаа байлгаад л байдаг. Бүр ах, дүү, хамаатан саднаараа сүлбэлдчихсэн, нэг нэгэндээ шаардлага тавьж чадахаа больчихсон зэрэг нь МАН-ыг сонгуульд ялагдахад хүргэсэн. Иймэрхүү үзэгдлүүд ужгирвал сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлдөг гэдгийг өөрсдөөрөө жишээ болгон харуулсан бэлэн багш байхад алдаанаас нь суралцахгүй бол Ардчилсан нам араас нь орно шүү” гэж. Миний хувьд, намынхандаа байнга хэлдэг үг бол энэ. Ер нь алдаа, дутагдал гаргасан бол тэр албан тушаалтныг хайр найргүй өөрчлөх хэрэгтэй. Нэг хүнээс хамаардаг ажил гэж ерөөсөө байж болохгүй. Төрийн албанд ре-инженеринг гэдэг нэр томъёо шинээр нэвтрүүлж эхэлж байна.  Тухайн байгууллагад олон жил ажиллаж, тэтгэвэрт гарсны дараа ажлыг нь авсан шинэ мэргэжилтэн ажлыг нь хийх гэхэд ойлгомжгүй, зөвхөн тэр хүн өөрөө мэддэг, сурах гэхэд цаг авдаг ийм ажлын байр байна. Харин хөгжсөн  орнуудад үүнийг боловсронгуй болгож, хүнээс үл хамаардаг тогтолцоог бий болгосон. Өөрөөр хэлбэл, бүх дүрэм, заавар нь бэлэн учраас тэр байгууллагад шинээр ирсэн хэнбугай ч хэн нэгнээс суралцах шаардлагагүйгээр ажлаа хийж эхэлнэ гэсэн үг. Тухайн ажлын байрыг задлан шинжилж ойлгомжтой дүрэм журамтай болгох үйл явцыг ре-инженеринг гэдэг. Бид Монголын төрийн албыг ийм болгохоор ажиллаж байгаа. Үүний үр дүнд төрийн албаны хөшүүн хойрго байдал арилж, хүмүүс ч ямар нэгэн зөвшөөрөл авахын тулд танил тал хайж явахаа болино. Мөн төрийн албан хаагчдын ажлын үр дүнг тоон үзүүлэлтээр дүгнэж болдог. Хэрэв хангалттай ажиллаж чадаагүй бол тэр хүнд “Баяртай” гэж хэлдэг, харин сайн ажиллах юм бол сонгуульд аль ч нам ялсан албан тушаалдаа хэвээр үлддэг тогтолцоотой болно гэсэн үг. Гэхдээ танил тал харах үзэгдэл сонгууль байсан цагт үргэлж байх юм шиг байгаа юм. Хүмүүсийн бичиж, ярьж байгаачлан төрийн алба төрлийн алба болсон нь зөвхөн Ардчилсан намтай холбоотой биш. Манай намтай хамтран Засгийн газрыг байгуулсан МАХН, МҮАН-ынхан ч ялгаагүй. Сайдаар томилогдсон хүмүүс нь намынхнаа ажилд авч байх жишээтэй. Хуульд сонгуулиар солигдож болдог албан тушаалтнуудын зааг хязгаарыг зааж өгөхгүйгээр шууд хоригловол сонгууль явуулах нь утгагүй болно шүү дээ. Үүнээс гадна ямар тохиолдолд хэнийг хэрхэн солих вэ гэдгийг холбогдох хуульд ойлгомжтой зааж өгөх хэрэгтэй. Учир нь төрийн байгууллага бизнесийн байгууллагуудаас дутахааргүй өрсөлдөх чадвартай байх ёстой. Бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниуд маш амжилттай ажиллаж байна. Тэд боловсон хүчний цомхон бүтэцтэйгээр их ажил амжуулдаг. Гэтэл төрийн албад маш олон хүн, техник хэрэгсэл, бас том байшингаар ганцхан ажил амжуулах нь ердийн үзэгдэл. Чухам иймээс л би өрсөлдөх чадварын тухай хөндсөн хэрэг. Төрийн алба үнэхээр өрсөлдөх чадвартай байя гэвэл ажилтнуудынхаа цалин хангамжаас эхлээд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Тэгэхгүйгээр энэ албанд чадварлаг сайн хүмүүс ирж ажиллахгүй л дээ. Ер нь тухайн хүнийг аль албанд ямар шалгуураар авч ажиллуулахаа ойлгомжтой болгохгүй бол сонгуулийн дараа нэг дарга хамаатан садан, танил талаа шургуулж л орхино. Шуудхан хэлэхэд, тоглоомын дүрмээ оновчтой, тодорхой болгохоос л төрийн албаны алдаа, дутагдлыг засах ажил эхэлнэ.

-Төрийн байгууллага, бизнесийнхний талаар нэгэнт хөндсөн учраас тодруулах зүйл байна л даа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээх арга хэмжээний үеэр “Хамгийн ихээр дарлагдсан ардууд бол бизнес эрхлэгчид” гэж мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг авлигажсан төсвийн талаар их хөнддөг. Таны хувьд, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын дэвшүүлсэн асуудлуудын талаар ямар санаа оноотой явдаг вэ?

-Энэ хоёр сэдэв бол нэг нэгнээ үгүйсгэсэн асуудал биш. Ерөнхийлөгч төрийн албанд өрсөлдөх чадвартай, шударга, чадварлаг хүмүүс ажилладаг, тэдний гүйцэтгэх үүрэг маш ойлгомжтой байдаг, иргэд тухайн байгууллагаар үйлчлүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтууд нь тодорхой, ямар нэгэн зөвшөөрөл авахаар бол тэр нь хугацаандаа гардаг, ерөнхийдөө авлигаас ангид төрийн албаны тухай л яриад байгаа юм. Ингэхийн тулд төрийн зүгээс одоо үзүүлж буй үйлчилгээнүүдийг төр үнэхээр үзүүлэх ёстой юу, ийм үйлчилгээ үзүүлэхийн тулд энэ хүмүүст мөнгө төлж, байшин хөлсөлж өгч, аль эсвэл шинэ байр барьж өгөх хэрэгтэй юү гэх мэт олон асуултад хариулах болж байна. Үүнээс гадна хоорондоо давхцсан олон ажлыг цомхон, тодорхой болгоно. Хамгийн энгийн жишээг дурдъя л даа. УИХ-ын Тамгын газарт ре-инженеринг хийж эхэлж байна. Учир нь энэ газраар дамжиж өнгөрдөг 570 ажил бий. УИХ-ын гишүүн сонгогчдынхоо хүсэлтийг хүлээн авлаа, бүртгэлээ, хариу төлөвлөлөө, бичлээ, түүнийгээ шуудангаар илгээлээ гэдэг шиг өөр, өөрийн гэсэн үе шаттай 570 ажил байна гэсэн үг. Энэ тухайд өмнө нь ингэж тодорхойлж ч байгаагүй. Тэгэхээр ухаалаг төрийн тухай ойлголт өөрийнхөө ажлыг цөөн хүнтэйгээр, бага зардлаар хурдан шуурхай хийхээс эхэлнэ. Харин ухаалаг бус төр нь бизнес эрхлэгчдийг буцаадаг, шалгадаг, торгодог, бүр бизнес хийхээ болиход хүргэдэг. Ингэснээр ажлын байр үгүй болно гэсэн үг. Өмнө нь улсын үйлдвэрийн газар байгуулж, ажлын байр бий болгодог байсан бол өдгөө татгалзаж эхэлсэн. Авлигажсан төсвийн тухайд хэлэхэд, Ерөнхий сайд 2014 оны улсын төсвийн төслийг танилцуулахдаа хэрэглэсэн нэр томъёо. Тэрбээр “Үүнийг холбогдох байгууллагууд нь нягталж тогтоо” гэдэг үүрэг өгсөн болохоос биш “Тэр авлигажсан, энэ нь ингэсэн” гэдэг дүгнэлтийг хэлээгүй. Тиймээс Аудитын газрынхан холбогдох баримтуудыг илрүүлж, УИХ хуулийн дагуу хэлэлцээд Засгийн газарт хүргүүлэх гэж байна. Тухайлбал, “Энэ байшинг таван жилийн өмнө бариад дуусчихсан байх ёстой байсан. Гэтэл одоо болтол ашиглалтад оруулаагүй байна. Хэний буруугаас тэр вэ. Компанийн буруу юу, салбар хариуцсан сайдын буруу юу, тухайн компанийг тендерт шалгаруулсан Төрийн нарийн бичгийн даргын буруу юу, зураг төслийг нь өөрчилсөн төслийн ажилтны буруу юу” гэхмэтчилэн буруутай хүмүүсийг олж арга хэмжээ авах юм. Энэ арга хэмжээ бизнесийнхнийг бүхэлд нь хамарч тэдний  эсрэг чиглэсэн юм биш. “Төртэй бизнес хийнэ” гэж гэрээ байгуулчихаад түүнийгээ биелүүлээгүй, Тендерийн хуульд заасанчлан хар жагсаалтад орсон компаниудтай хариуцлага тооцох тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл, төрөөс ажил авчихаад хийж чадаагүй бүтэл муутай компаниудыг хэлж байгаа болохоос биш бүх компанийг энд хамруулаагүй гэдгийг дахин хэлье.

Ардчилсан нам бол зовлон үзсэн улс төрийн хүчин

-АН сөрөг хүчин байхад та энэ намын гол имиж, дуу хоолой нь болж явсан. Улс төрийн ширүүн тулааны үед журмын нөхөдтэйгөө холбон тоглолт амжилттай хийж, багийн ялалтад хүрсэн нь 2012 оны сонгуулийн үр дүн. Гэвч одоо таны үзэл бодол, хандлагад хэр өөрчлөлт гарсан бэ. Туг бариад давших биш, төрийн жолоог атгах эрх мэдэл та бүхний гарт шилжсэнээс хойш хоёр жил өнгөрлөө?

-Миний хувьд, УИХ-ын дарга болсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Засгийн газар байгуулагдаад хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд төлөвлөсөн ажлуудаас хийж дуусгасан нь ч байна, хараахан амжаагүй нь бас бий. Бүр огт эхлээгүй ажил ч байгаа. Шинэчлэлийн Засгийн газрыг “Ажлаа цаг хугацаанд нь хийдэггүй” гэж шүүмжлүүлэхэд хүргэсэн олон сэдэв байна л даа. Гэхдээ иргэдийн талархлыг хүлээж буй ажил цөөнгүй. Тухайлбал, орон сууцны найман хувийн зээл, “Шинэ сум” хөтөлбөр гэхмэтчилэн сөрөг хүчин байхдаа боловсруулж, мөрөөдөж байсан ажлууд маань эхнээсээ биелж байна. Мэдээж хэрэг, энэ бүхэн бидэнд чамлалттай санагдаж байгаа. Тиймээс үлдсэн хугацааг маш сайн ашиглаж, цаасан дээрх ажлуудаа бодит болгоход анхаарна. Учир нь монголчууд бид дотоодынхоо хэрэгцээг хангах хүчин чадал бүхий шатахууны үйлдвэрийг бариагүй байна. Төмрийн хүдэр, нүүрсээ түүхийгээр нь экспортолж байна. Тэдгээрийг боловсруулдаг болох ёстой. Оюутолгойн алт, зэсийг Монголд хайлуулж, алт, зэсээр нь ялгасны эцэст Монголбанкинд алтыг нь хадгалдаг болох учиртай. Үүнийг товчхон тайлбарлахад, Оюутолгойнхон алт, зэсээ манай улсад хайлуулсан тохиолдолд Монголбанкинд худалдах үүрэгтэй. Гэвч энэ бүхнийг хараахан хийж амжаагүй байна. Ер нь аливааг шүүмжлэх амархан. Газар дээр нь хийх амаргүй л  дээ.

-“Мориныхоо нуруунаас буулгүйгээр дэлхийн талыг эзлэх амархан. Харин мориноосоо буугаад төр улсаа төвхнүүлэх хэцүү” гэдэгчлэн та болон танай намынхан эрх баригч хүчинд тулгардаг сорилт, бэрхшээлтэй өдөр бүр шахам нүүр тулгарч байна. Тэр тусмаа АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН болон бие даагчид гэсэн бүтэцтэй парламентын дарга нь та. Үзэл бодлын олон өнгө холилдсон УИХ-ыг удирдаж байгаа таны хувьд, буулт хийх тохиолдол хэр олон гарч байна вэ?

-Буулт хийхээс өөр аргагүй тохиолдол байна. Яагаад гэвэл, одоогийн парламентын онцлог нь олонхигүй шүү дээ. Бодлогоо тодорхойлоод тэргүүлж явах тийм намыг УИХ-ын 2012 оны сонгуулиар ард түмэн сонгоогүй. Энэ нь өөрөө дэлхий нийтийн хандлага болчихсон. Нэг нам 60-70-аас дээш хувьтай ялдаг сонгуулийн дүр зураг сүүлийн үед ажиглагдахаа болилоо. Жишээлбэл, Германд болсон сүүлийн дөрвөн удаагийн сонгуулийн үр дүнг харахад бас л олонхигүй засаглалыг бүрдүүлсэн. Харин олуулаа бол болж байна. Ардчилсан нам ч мөн адил. Үүнээс болж тухайн нам бодлогоо дангаар хэрэгжүүлэх боломжгүй, эвссэн намуудын бодлогыг зайлшгүй тусгаж явна. Бид нийт 26 гишүүн бүхий өмнө нь төрийн эрх барьж байсан том сөрөг хүчинтэй. Тэдэнтэй хэл амаа ололцохгүй бол ажил явахгүй. Энд нэг зүйлийг хэлэхэд, бид магтуулах гэж Засгийн газрыг байгуулаагүй. Төрийн эрх барина гэдэг бол алхам тутамдаа шүүмжлүүлэхийн нэр. Тиймээс шүүмжлэлийг хүлээж аваад алдаагаа засч явах ёстой. Гэхдээ “Биднийг зөв сайхан зүйл хийвэл сөрөг хүчнийхэн болон олон нийт магтаж алга ташина” гэж хэзээ ч боддоггүй. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нэг удаа магтсан байдаг юм. Учир нь Ерөнхий сайдын багцаас хөрөнгө гаргаж Ховд аймгийн төвд шинэ зах нээсэн. Нээлтэд нь очиж тууз хайчлах үеэр С.Бямбацогт гишүүн биднийг өөрийн эрхгүй магтсан л даа. Яагаад гээч. Түүнийг өмнөх парламентад гишүүн байхад Ховд аймагт битүү зах барих асуудлыг олон удаа ярьсан ч энэ Засгийн газрын үед бодит ажил болсон. Ийм тодорхой ажлыг магтахгүй байж бас болохгүй.     

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улстөрч байна гэдэг холгосон өсгийн дээрээ үргэлж гишгүүлж явахтай адил” гэсэн удаатай. Энэ үгийг “Эрх баригч хүчин байна гэдэг...” хэмээн өөрчилье л дөө. Ард түмний нэхэл хатуутай шаардлагууд, сөрөг хүчнийхний шүүмжлэлээр “цэнэглэсэн” дайралтууд яг одоо эрх баригч хүчин болох АН-ынхан руу чиглэж байгаа. Нууц биш бол та АН сөрөг хүчин байх үеийн, бас өөрөө голлон тоглогч байсан үетэйгээ энэ бүхнийг харьцуулдаг уу. Эрх баригчийн индрээс сөрөг хүчнийхнийг харахад хэр сонирхолтой дүр зураг ажиглагддаг вэ?

-Би сая хэлсэн. “Магтуулах гэж эрх баригч хүчин болдоггүй юм” гэж. УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн суудалд би суусан. Харин миний гишүүний суудалд Д.Дэмбэрэл дарга суучихсан байгаа шүү дээ. Үнэнийг хэлэхэд, “Хэрэв бид сөрөг хүчин байсан бол ингэчих байсан юм. Тэд үүнийг олж харахгүй байна даа” гэж бодох үе бий. Бас “Ёстой хэрэггүй зүйлээр оролдох юм. Бид сөрөг хүчин байхдаа ингэхгүй, тэгсэн бол дээр байсан байх” гэж эргэцүүлэх мөч ч байна. Аливаа зүйл хоёр талтай л даа.

-Хамгийн бодит жишээ бол МАН-ынхны буйдантай суулт, тийм үү. УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан эрхмүүд чуулганы танхимын үүдэнд ийм акци зохион байгуулах үеэр Л.Гүндалай ирж “Энэ бол миний хэрэглэж байсан арга барил. Автор нь би шүү” хэмээн ёжилж байв?

-Тийм ээ, яг тэр агшныг харуулсан гэрэл зураг бий. Эвгүй л харагдаж байна лээ. Сөрөг хүчний зүгээс хийсэн тэр алхам нь хууль дүрэмд нийцээгүй байсан.

-МАН-ынхныг “Сөрөг хүчний үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байна” гэж шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Тэд яван чангарч байгаа. Эхний үедээ үнэхээр учраа олоогүй.

-Танай намынхан сөрөг хүчин байхын зовлонг хангалттай мэдэрсэн. Дотроо олон ургальч үзэлтэй, гишүүд нь хэлэлцэхдээ хэлэлцэж, хэрэлдэхдээ хэрэлдэж сурсан нам. Бүр намын ҮЗХ-ны хурлын үеэр зарим гишүүн хоорондоо нударга зөрүүлсэн тохиолдол гарч байсан. Гэвч одоо АН-ынхан хэр намба суусан бол?
 
 -Намба суулгүй яахав. Ямар ч байсан сайн ажиллахыг хичээж байна. Сонгуульд амлах нэг өөр. Шинэ сумын төв байгуулаад орон нутгийнханд нь хүлээлгэн өгч ажилд оруулах бас нэг өөр. Бидний өмнө “Ажлаа яаж хурдан, чанартай хийх вэ” гэдэг л асуудал байна.    

-Таны намтраас нэг зүйл сонирхол татлаа. Шуудхан хэлэхэд, та өмнөх Засгийн газруудын үед сайдын алба огт хашиж байгаагүй. Танай намынхны тухайд, экс эрх баригч хүчнийхэнтэй эвсэж, хамтарч Засгийн газар байгуулж байсан түүх нэг бус шүү дээ. Харин та яагаад тийм сонголтоос хол байсан юм бэ?

-Би зарчмыг нь “Буруу” гэж үздэг байсан. Тухайн үеийн МАХН 2008-2012 онд УИХ-д 44 суудалтай буюу олонхи байлаа. Тиймээс тэд Үндсэн хуулийн дагуу Засгийн газраа дангаар байгуулах ёстой. Өөр намтай эвсэхгүйгээр гэсэн үг. Харин одоогийнх шиг Ардчилсан нам олонхи болоогүй, УИХ-д 34 гишүүнтэй байгаа тохиолдолд Засгийн газрыг байгуулахдаа өөр намтай заавал эвсэнэ. Хэрэв 39 суудал авсан бол асуудлаа намынхаа хүрээнд шийдэх боломжтой. Харин өмнөх Засгийн газрын үед намуудын хүчний харьцаа өнөөдрийнхөөс өөр байсан учраас би сайд болоогүй юм. Тэгээд ч надад “Сайдаар ажиллаач” гэсэн урилга ирж байгаагүй.

-Тэгвэл танай намын жирийн гишүүд, дэмжигчид танд “Ирэх сонгуульд энэ намыг танаар удирдуулж оролц

  • Шинэ
  • Их уншсан