Я.Содбаатар: Цэц, АТГ, ЦЕГ-ыг хууль ёсны удирдлагатай болгох нь сонгуулийн бэлтгэлийн хүрээнд зайлшгүй хийх ёстой ажлын нэг


УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлэх үеэр  авсан завсарлагаа эвслийнхэн сунгачихлаа.  Намууд нэр дэвшигчдээ зарлах ёстой байдаг, хууль нь цэгцрээгүй. Ер нь Цэцийн дүгнэлтээ эцэслэж, Сонгуулийн хуулиа өөрчлөхөд амжихааргүй болчихож байгаа юм биш үү?
-Үндсэн хуулийн Цэцээс Сонгуулийн хуультай холбоотойгоор 05 дугаар дүгнэлт гаргасан. Үүний дагуу Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх явцад завсарлага авсан.  Хугацаа нь ажлын  3-5 хоног үргэлжилдэг. “Шударга ёс” эвслийн бүлгийн завсарлагын хугацааг одоо хүлээж байна. Цаг хугацааны хувьд маш хүнд байдалтай байгаа. Ирэх тавдугаар сарын 5-наас намууд  нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Нэр дэвшигчид тодрохоос өмнө сонгууль явуулах тогтолцоо, мандат гээд олон асуудлыг шийдэх хэрэгтэй. Ер нь сонгуулийн жил гарснаас хойш хуульд гар хүрдэг, өөрсдөдөө зориулж улс төрийн нэг нам хууль өөрчилж байгаа нь буруу. Харин Цэцийн гаргасан хандлагыг бол би хувьдаа  зөв гэж харж байгаа. Тэр нь юу гэхээр мажоритар системээр хүнээ сонгоё гэдэг нь зөв юм. Харин энэ процесс нь хугацааны хувьд парламентыг хүнд байдалд оруулж байгаа юм. Тэгэхээр “Шударга ёс” эвсэл дотроо хуралдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, нэгдсэн шийдэлд хүрээгүй учраас завсарлагын хугацаагаа гүйцээнэ гээд байх шиг байна л даа.

-Хуулийн хугацаандаа багтаж Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад хуульд өөрчлөлт оруулж амжих  эсэх нь эргэлзээтэй болчихов уу?
-Цаг хугацааны хувьд л асуудалтай болчихоод байна л даа.  Гэхдээ нэгэнт Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан учраас зайлшгүй хуульд өөрчлөлт оруулж, зохицуулалт хийхээс аргагүй. Тиймээс парламент хууль тогтоох байгууллагынхаа хувьд үүнийг  хугцаанд нь шийдвэрлээд явах байх гэж бодож байна.

-Хувь тэнцүүлсэн тогтолцоог арилгах нь жижиг намуудад халтай учраас байж болох бүхий л аргаараа “бойкот” хийж байна гээд байгаа шүү дээ. Үнэхээр ч  мажоритар тогтолцоогоор 100 хувь сонгуулиа явуулбал жижиг намууд болон эмэгтэйчүүдэд сонгогдох боломж байхгүй болчихож байгаа юм биш үү?
 -Хэн нэгэн нам, улстөрчид  зориулж, Сонгуулийн хуулийг гаргах ёсгүй. Сонгуулийн хууль бол сонгогч эрхээ эдлэх, сонгогчдын эрх ашгийг дээдлэх хууль байх ёстой.  Храмсалтай нь, сүүлийн үед Сонгуулийн хуулийг хэлэлцэх процессыг харж байхад улс төрийн нам өөрсдөдөө ашигтай байдлаар гаргах гэж оролддог, санаачлага гаргадаг үзэгдэл  их ажиглагдаж байна. Тэгэхээр Сонгуулийн хууль бол  сонгогч төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрхийг барьж буй нэг хэлбэр. Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хангасан, сонгогчийн  хүсэл эрмэлзлийг дээдэлсэн, үзэл баримтлалд нийцсэн хууль байх ёстой. Тэр утгаараа аль нэг намд Сонгуулийн хуулийг сайн, муугаар тусна гэдэг байдлаар асуудалд хандах нь  буруу гэж харж байгаа юм.

-Зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн нь  улс төрийн намууд хоэим цаг тулсн үед ингэж хуулиа өөрчлөхийн эхлэх байсан биш үү гэх хардлага ч өрнөөд байна л даа. Үнэхээр хоёр том нам эртнээс үгссэн юм биш биз дээ?
-Яг тэр заалтаас болж хуулийг өөрчлөх гэж байгаа юм биш л дээ.  Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсны дараа 14 хоногийн дотор асуудлыг хэлэлцэх ёстой. Үндсэн хууль зөрчсөн бол засч залруулаад явдаг нь өнөөдрийн мөрдөж буй хуулийн хүрээн дэх асуудал.

-Цэц дөрвөн жилийн дотор нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргачихлаа гээд байгаа. Та энэ шүүмжлэлтэй санал нийлж байгаа юу?
 -Цэцийн 2012 онд гаргасан шийдвэр нь тогтолцооны асуудлаар буюу 48 нэр дэвшигч тодроод 28 руу гулсдагийг нь болиулсан болохоос биш жагсаалтаар нэр дэвших нь зөв буруу эсэхэд дүгнэлт гаргаагүй. Түүнээс хойш зарим иргэн жагсаалтын асуудлаар Цэцэд хандаж байсан ч тухайн үедээ маргаан үүсгээгүй юм билээ. Үүнээс үзэхэд Үндсэн хуулийн Цэц улс төрийн бага зэрэг сүүдэртэй шийдвэрт оролцчихов уу даа гэж бодож байна. Эргээд энэ нь цаанаа цаг хугацааны хувьд сонгогч, улс төрийн намууд, нэр дэвшигч нарт ч сонгуулиа бүрэн гүйцэд явуулахад хүндрэлтэй нөхцөл үүсгэчих шиг боллоо. Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт ч, бусад орнны жишгийг харахад ч сонгуулийн жил эхэлснээс хойш Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаг нь буруу жишиг л дээ. Харамсалтай нь өнөөдөр эрх баригчид намынх нь рейтинг унаад ирэхээр хүн түшиглэсэн сонгуулийн тогтолцоо буюу мажоритар систем рүү шилжвэл тодорхой тойрог дээр нэр дэвшигчээ түшиглэж сонгууль хийнэ гэсэн бодлоор хуульд өөрчлөлт оруулахаар тооцож байх шиг байна.

-Жагсаалтаар сонгогдох 28-ийг болиулчихвал яаж хуваах ёстой юм бэ. Хоёр нам 14:14 гэж тохирсон гээд байгаа шүү дээ?
-Сонгуулийн мандат хуваарилахад хоёр зарчим барих ёстой. Нэгдүгээрт, хүн амын тоо, хоёрдугаарт, нутаг дэвсгэрийн хэмжээ. Монгол Улс бол  нийт хүн амынх нь 47 хувь Улаанбаатар хотдоо суурьшдаг ч нийт газар нутгийнх нь ердөө гурван хувь байх жишээтэй. Тиймээс бид цаашдаа Улаанбаатар улс болж болохгүй. Энэ утгаараа нутаг дэвсгэрийн зарчмын хэмжээг барьж явах нь зүйтэй гэж бодож байгаа. Үнэхээр хөдөө орон нутгийн иргэдийн дуу хоолойг парламентын шийдвэр гаргах төвшинд оруулж ирдэг, тэнд очиж төрийн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, төр, ард иргэдийн гүүр болдог. Тиймээс бид хөдөө орон нутгийн мандатыг багасгаж болохгүй. Энэ утгаараа 28 мандатыг хуваарилахаар бол наймыг нь нийслэлд, 20-ыг нь орон нутагт хуваарилуулах саналтай байгаа. Өмнө нь жижиг 76 тойргоор сонгууль явуулж байхад 56 нь хөдөө, 20 нь хотод байсан. Одоо хэрвээ орон  найман мандат нэмбэл 22 нь хотод 54 хөдөө байх нь зүйтэй юм гэж харж байгаа. Учир нь ингэж хуваарилах нь нутаг дэвсгэрийн зарчим, хүн амын тоо хоёрыг харьцуулж үзсэн хувилбар.

-Засгийн газрын өнгөрсөн даваа хуралдаанаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг оруулж ирсэн.  Ерөнхий сайд Д.Дорлигжавыг “Сайдын суудлаа өг” гэсэн гэх мэт маргаан болсон талаар яриа гараад байгаа.  Энэ мэтчилэн ЦЕГ-ын даргыг байн байн сольж байна. Ер нь сонгууль болох гэж байхад хүчний байгууллагын даргыг солих гээд байгаагийн цаад шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн төвшинд мэдээлэлтэй байна. Ер нь хүчний байгууллагуудыг улстөржүүлж байгаа нь буруу үзэгдэл. Ялангуяа АН Засгийн эрх барих бүртээ хүчний байгууллагын удирдлагуудыг сольж байдаг. Үүний дараа улс төрийн захиалгатай янз бүрийн алхам хийдэг. Өнөөдөр байгаа ЦЕГ-ын дарга бол  улстөрийнхний, бүлэглэлүүдийн захиалгыг гүйцэтгэхгүй, хууль журмын дагуу ажиллаж байгаа хүн гэж ойлгож байгаа. Тиймээс мэргэшсэн, олон жил хүчний байгууллагад алба хашсан, шат шатанд нь бэлтгэгдсэн боловсон хүчин мэргэжлийнхээ, салбарынхаа байр сууринаас асуудалд хандаад байгаа учраас зарим нэг хүниы эрх ашгийг хөндөж байна гэж ойлгож байгаа. Монгол Улс цаашдаа мафижсан улс байхгүйн тулд эдийн засаг, улс төрийг дамнасан мафийн гэж хэлж болох бүтцийг  цаашид бид бэхжүүлж, биежүүлэхгүйн тулд хууль журмынхаа дагуу асуудалд хандах ёстой. Энэ ч утгаараа ЦЕГ-ын даргын томилгоо Ерөнхий сайдын бүрэн эрхэд байгаа.  Ч.Сайханбилэг бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллаасай л гэж бодож байна.

-Өнөөдрийн байдаар  Үндсэн хуулийн Цэц, АТГ даргагүй байна. ЦЕГ-ын даргын асуудал бүрхэг болчихлоо. Гэтэл сонгуулийн дараа ямар нэг маргаан гарахыг үгүйсгэхгүй. Тэр дундаа дээр дурдсан байгууллагууд сонгуулийн үед онцгой үүрэгтэй байдаг. Тийм ч учраас энэ байгууллагууд албан ёсны даргатай байх ёстой. Харин өнөөдөр ингэж эзгүйрчихээд байгаа нь  ямар учиртай юм бэ?
-Хүчний байгууллагын удирдлагуудыг ойр ойрхон сольж, сонгуулийн өмнө бужигнуулж байгаа нь сонгуулийн дараа болон сонгуулийн үеэр гарах янз бүрийн асуудалд хүндрэл учруулж магадгүй гэж харж байгаа. 2008 онд долдугаар сарын 1 гэж аймшигтай үзэгдэл болсон. Олон   хүний амь нас эрсэдсэн, Монгол даяараа цочирдсон аймшигт үйл явдал болсон.  Гэтэл энэ үйл явцын үеэр ЦЕГ  тухайн үедээ үүрэг гүйцэтгэгч байсан.  Энэ нь тухайн нөхцөл байдалд хэвийн үйл ажиллагааг сахиулахад учир дутагдалтай байсан гэдгийг мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргаж байсан. Энэ утгаараа  хүний болон мэргэжлийн байгууллагын удирдлагуудыг хуулийн дагуу томилж, үүрэг чиглэлийг нь тодорхой болгох ёстой. Энэ бол сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг гэж харж байгаа. Цаашид  Монгол Улс тогтвортой төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажиллуулах эрх зүйн нөхцөл боломжийг байнга хангаж ажиллах шаардлага байна. Харамсалтай нь АН тэргүүтэй эрх баригчид төрийн албыг хэтэрхий улстөржүүлж, төрийн албанд мэргэжлийн бус хүнийрхүү сэтгэлээр хандаж байгаагийн нэг тод илрэл нь дээрх байгууллагууд удирдлагагүй байгаагийн шинж.

М.Өнөржаргал

  • Шинэ
  • Их уншсан